| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01850/И |
| Дугаар | 1754 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 1754
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 16 дугаар байранд байрлах Энх өргөө цэцэрлэг ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 3.216.328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаарсарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тунгалаг, прокурор Ч.Бурмаа, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Энх өргөө цэцэрлэг ХХК, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дүгээр зүйлүүдэд зааснаар үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 4 дүгээр сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 2.144.218 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна.
Компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр, авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, Шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан, харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэхгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсөж, барагдуулахад хүндрэлтэй боллоо.
Иймдээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасны дагуу Энх өргөө цэцэрлэг ХХК-иас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 2.144.218 төгрөг, алданги 1.072.109 төгрөг, нийт 3.216.328 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, хариуцагч Энх өргөө цэцэрлэг ХХК бид харилцан тохиролцож, хариуцагч 3.216.328 төгрөгийг бүрэн төлөхөөр болсон тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, хариуцагч Энх өргөө цэцэрлэг ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 3.216.328 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэн, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс 3.216.328 төгрөг нэхэмжилснийг хариуцагч бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Энх өргөө цэцэрлэг ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 3.216.328 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч 3.216.328 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Энх өргөө цэцэрлэг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 66411 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА