Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/334

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0309

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч М.Г , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэгт Г овогт М-ын  Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118002810334 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г овогт М-ын  Г /РД: ........../, ....  оны ....  дугаар сарын ... -ны өдөр ..  аймгийн ...... суманд төрсөн, .  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , ............-ийн хамт ...........  аймгийн ........  сумын ........  дугаар багийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ........  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч М.Г  нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сард Дархан-Уул аймгийн .... сумын .... дугаар багийн ... байрны .... тоот гэртээ эхнэр Г.Б-ийг  хана мөргүүлж, түлхэж унагаан хоёр гарын булчингийн гадна хэсэг рүү нь нэг удаа, зүүн хөлийн гуяны дотор хэсэг рүү нь нэг удаа хутгаар хатгасан,

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ......  аймгийн ...... сумын ...  дугаар баг .... дугаар байрны .... тоотод оршин суух иргэн Г.Эын гэрт хоосон архины шилээр толгой руу нь цохиж, архины хагарсан шилээр баруун гарын алгыг зүссэн,  

2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр .....  аймгийн .....  сумын...  дугаар баг .... дугаар байрны ...... давхарт толгойн тус газар нь цохисон,

2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ....  аймгийн .....  сумын ....  дугаар багийн .. дугаар байрны гадна хөл рүү нь өшиглөж, гар руу нь цохих зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г  мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.  

 

Эрүүгийн 2118002810334 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, 09 дүгээр сарын 13-ны өдөр, 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би Г-тэй 2007 онд танилцаад 2008 онд гэр бүл болж байсан. Г нь 2016 оноос намайг зодож эхэлсэн. 2021 оны 03 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Согтуу ирээд гэрт агсам тавиад намайг хана мөргүүлж хана руу түлхэж унагаад том хүү Х г хутга аваад ир гэж орилсон. Тэгэхэд нь Х  айсандаа гэрт байсан шар иштэй хутгыг авчирч өгсөн. Тэгсэн тэр хутгаар миний хоёр гарын булчингийн гадна хэсэг рүү нэг нэг удаа, зүүн хөлийн гуяын дотор хэсэг рүү нэг удаа хатгасан. Тэгээд цус гарсан чинь гар нүүрийн алчуураар боож өгсөн. Би тухайн үед эмнэлэг цагдаад дуудлага өгөөгүй. 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 16 дугаар байрны 8 давхарт Э эгчийн гэрт архи ууж байхад Г агсам тавиад хоосон архины шил аваад миний толгой руу цохих үйлдэл хийхээр нь архины шилийг нь булааж аваад хана руу шидэж архины шилийг хагалахад хагархайг нь аваад миний баруун гарын алга руу хатгасан. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Г гэрт угаалгын машин засуулсан хүнтэй хамт гарч яваад удалгүй намайг дуудахаар нь орцод гарсан чинь согтуу байсан. Тэгээд намайг жаахан юм ярьж сууя гэж хэлээд надтай хамт 12 давхрын шатан дээр суусан. Тэгэхэд Г ямар ч шалтгаангүйгээр гараа атгаж байгаад миний толгой руу цохихоор нь би айгаад хажуугаар нь зугтаж гараад гэрт ороод С-Э эгчид хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 12 дугаар багийн 16 дугаар байрны гадаа эгчтэй саравчинд сууж байхад Г согтуу ирсэн. Би тухайн үед Г-ийг Т эгчтэй хардаж уурласан. Тэгсэн Т эгчийг өмөөрөөд миний хөл рүү өшиглөж, гар руу цохисон. Мөн архи уусан үедээ байнга орилж хашхираад хүүхдүүдээ хэл амаар доромжилдог. Г нь архины хамааралтай. Бараг өдөр бүр архи уудаг. Би нөхөртөө хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Надад учирсан хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг[1],

 

Насанд хүрээгүй гэрч Г.Х -ийн мөрдөн байцаалтад 2021 оны  10 дугаар сарын 13-ны өдөр, 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Манай аав ээж хоёр намайг бага байхаас л архи уудаг байсан. Одоо ч гэсэн архи ууж байна. Манай аав ээжийг олон удаа зодож байсан. Би он, сарыг нь санахгүй байна. Манай ээжийг гараараа цохиж зодож байсан. Мөн хутгаар бие рүү нь хатгаж байсан. Сан техникийн багаж болох газугаар цохиж зодож байсан. Аав ээжийн толгой руу архины шилээр нэг биш удаа цохиж архины шил хагалж байсан. Мөн архи уусан үедээ намайг зодож элэгдэж хана руу шидэж байсан. Аав согтуу ирэх бүр нойргүй хонуулдаг. Аав их бага хэмжээгээр олон удаа зодсон. Надад эцэг эхтэйгээ хамт амьдрахад хэцүү байна. Манай аав, ээж хоёр ажил хийдэггүй хүүхдийн 100,000 төгрөг буухаар бүгдээр нь архи уудаг. гэх мэдүүлэг[2],

 

Гэрч М.С-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Г, Б нар гэр бүл болоод 12 жил болж байна. Би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийг  хүртэл аавыгаа асрахаар хамт амьдарсан. Энэ хугацаанд Г нь   зодох гэж 3 удаа согтуу дайрч байсан. Тухайн үед би Г-ийг зогсоогоод Б-ийг  хамгаалж байсан. 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Зулзагын голоос хонь авах гээд өглөө 10 цагийн орчим гарч яваад орой 16 цагийн орчим гэртээ ирэхэд Г, Бнар хоёулаа согтуу байсан ба Болорцэцэгийн хамар нь улаагаад хавдсан байсан. Бнадад Г сая миний хамар руу гараа атгаж байгаад цохичихлоо. гэж хэлсэн. ...Б-тэй ярилцаад сууж байхад надад Г одоогоос 4 жилийн өмнөөс надад гар хүрдэг болсон. Хутганы үзүүрээр хоёр гарын булчин руу хатгадаг, гуя руу бас хутгаар хатгасан. Алхаар сарвууны ар хэсэг рүү цохисон. Архины шилээр толгой руу цохиж архины шил хагалсан. Газугаар толгой руу цохиж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь ингэж зодуулан байж байх шаардлага байгаа юм уу гэж асуухад Надад очих газар байхгүй. Дээрээс нь хүүхдүүдээ бас санаад байх юм аа, таныг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар руу 7 хоног яваад ирэх хугацаанд намайг бас зодсон гээд биеэ харуулахад биеийнх нь цээжний хэсэгт нь хэсэг газар зүүн мөр булчингийн хэсэгт хөхөрсөн байсан. Сүүлийн хэдэн жил Г байнга архи уудгаас болж энэ хоёрын харилцаа хандлага муу байгаа гэж бодож байна. гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 16 давхар байрны гадаа ганцаараа нэлээн согтуу явж байхад Б над руу гүйж ирээд Г намайг зодох гээд байна гэж хэлэхээр нь би гэр лүүгээ дагуулж орсон. Би гэртээ ороод архиндаа согтоод унтсан. Намайг сэрэхэд манай гэрийн эд хогшил, орны бүтээлэг зэрэг зүйлс цус болсон байсан ба Г манай гэрт ороод ирсэн байсан. Би юу болсон талаар асуухад Б надад Г архины шилээр зүсээд цус гаргачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Г, Б нарыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Дараа нь гэрээ цэвэрлэж байхад орны доор болон эд тэндээс шилний хагархайнууд гарч ирээд байсан. Тэгэхээр нь шил хагарсан байсан гэж мэдсэн. гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: ...Г эхнэрээ зодож байсан. 2021 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө нэг удаа манай гэрт Б согтуу гүйж орж ирсэн. Намайг юу болсон талаар асуухад Г намайг зодоод байна. Та надад өмсөх юм өгөөч. Би ээж рүүгээ явлаа гэж хэлээд надаас хувцас авч өмсөөд явсан. 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ховд яваад 08 дугаар сарын 18-ны өдөр Д-д ирээд байрны гадаа сууж байхад Э надад Г манай гэрт намайг тасраад унасан хойгуур Б-ийг  зодоод гарыг нь шилээр зүссэн. Манай гэрийн эд хогшил цус болсон. гэж ярьсан. гэх мэдүүлэг[5],

 

Насанд хүрээгүй гэрч Г.Х-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: ...Манай аав, ээж хоёр миний хажууд гэртээ архи ууж байсан. С  аниаг хот руу явахад гэртээ архи уусан. Манай аав ээж хоёр архи уусан үедээ хоорондоо хэрэлдэж муухай хараалын үг хэлдэг. Ээж согтуу үедээ амнаасаа нэг хараалын үгийг салгахгүй хэлдэг. Би тэр үгийг нь хэлж чадахгүй. гэх мэдүүлэг[6],

 

Дархан-Уул амйгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 469 дугаартай ...Г.Б-ийн биед цээжний зүүн өмнө цус хуралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Б-ийн биед илэрсэн цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх шинжээчийн дүгнэлт[7],

 

М.Г-ийн яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: ...Би эхнэртэйгээ 2008 онд танилцсан. Гэр бүлийн маргаан анх 2013 оноос үүсч эхэлсэн учир манай эхнэр Бархи ууж, гэртээ ирэхгүй алга болдог болсон. Нэг гэрээсээ гараад явахаараа эхэндээ 7 хоног байсан бүүлдээ 3 сараар ирэхгүй алга болдог болсон. Тэр болгонд нь би дуугүй өнгөрч чадахгүй гар  хүрдэг байсан. Би Б-тэй маргалдаад хана мөргүүлж, түлхэж унагаан хоёр гарынх нь булчингийн хэсэг рүү нэг нэг удаа зүүн хөлийн гуяны дотор хэсэг рүү нэг удаа хатгасан. Дараа нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ......... аймгийн .......  сумын ....  дугаар баг ...  дугаар байрны .....  тоот Г.Э ын гэрт Б-тэй маргалдаж хоосон архины шилээр толгой руу нь цохисон санагдаж байна. Би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байна. Намайг сэрэхэд Б-ийн баруун гарын алга руу зүсэгдсэн байсан. Б надад Чи намайг архины шилээр цохисон гэж хэлсэн. Түүний дараа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 16 давхар байрны 12 давхарт Г.Б-ийн нүүр лүү нэг удаа цохисон. Ямар шалтгаанаар цохисон бэ гэвэл гадуур архи ууж яваад миний танил У-тай зочид буудалд тааралдсан гэж би сонсоод уурандаа цохисон. Дараа нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр .......  аймгийн ........  сумын ... дугаар баг ....  дугаар байрны гадна Б-ийн хөл рүү өшиглөж, гар руу нь цохисон. гэх мэдүүлэг[8],

 

Аюулын зэргийн “эрсдэлийн түвшин өндөр” гэх үнэлгээ[9],

 

Шүүгдэгч М.Г-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[10] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч М.Г-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Г  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Б-ийг  байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Г  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч М.Г , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба шүүгдэгч М.Г  нь хохирогчийг 3 удаа зодсон үйлдэл нь энэ шалгуур шинжийг бүрэн хангаж байна.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг байдлын улмаас  үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Г д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь гэр бүлийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүгдэгч М.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.Б нь шүүгдэгч М.Г эс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлаас үүссэн гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлаас үүсч хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Г д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгч М.Г-ийн өмгөөлөгч Д.Золзаяа Шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөөр ирсэн. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь архи хэтрүүлэн хэрэглэх, мөн хохирогчийн архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарах хууль бус үйлдэл. Шүүгдэгч нь эхнэр Б-ээс илүүтэй хүүхдүүдээ харж ханддаг. Мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Иймд дээрх шалтгаан нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ оногдуулахыг хүсэж байна. гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Г  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч М.Г  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч М.Г  нь урьд 1 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч М.Г д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт М-ын  Г-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Г д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 29-30, 47-48, 50-51тал

[2] Хавтаст хэргийн 32, 41-42 тал

[3] Хавтаст хэргийн 37-38, 39 тал

[4] Хавтаст хэргийн 44 тал

[5] Хавтаст хэргийн 46 тал

[6] Хавтаст хэргийн 53 тал

[7] Хавтаст хэргийн 65-66 тал

[8] Хавтаст хэргийн 80-81 тал

[9] Хавтаст хэргийн 106-107 тал

[10] Хавтаст хэргийн 83-97, 101-102 тал