Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 84

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  "А" танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгчийн  өмгөөлөгч А.Мөнхсайхан

Хохирогч Г.Батзул

Шүүгдэгч Л.Батмандах  нарыг  оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өзөөн овогт Лхамын Батмандахад холбогдох эрүүгийн 201611000280 дугаартай  хэргийг  2016 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖК92072317 регистрийн дугаартай, Өзөөн овогт Лхамын Батмандах

Шүүгдэгч Л.Батмандах нь 2016 оны 06 сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Дөлгөөн хэрлэн" амралтын газрын хойд талд иргэн Г.Батзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гарыг хөшиж түлхэн газарт унагаж, зүүн гарын шуу ясыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Батмандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогч Г.Батзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр хоолгүй байсан нь үнэн. Би Батмандахад "гэрт чинь хоол ундны зүйл байхгүй байна, хоол ундтай болгохгүй юм уу" гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гээд надтай маргалдаад гадаа гараад намайг түлхэж унагаахад миний зүүн гар эвгүй болсон. Маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд миний гар хугарсан байсан. Намайг дахиж ингэж битгий зодоорой гэж хэлмээр байна. Надаас уучлалт гуйсан, одоо надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 120000 төгрөг өгсөн гэв.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 497 тоот актад: "…1. Г.Батзулын биед зүүн шуу ясны далд хугарал, зүүн бугалга, бүсэлхий нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар  тогтоогдсон зүүн шуу ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэжээ. /хх-ийн 28-29/

     -  Хохирогч Г.Батзулын мэдүүлэг /хх-ийн 16-17/

     -  Гэрч А.Лхамын мэдүүлэг /хх-ийн 19-20/

    -  Гэрч Д.Дашнямын мэдүүлэг /хх-ийн 21-22/

     - Гэрч А.Баярцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 25/

     - Эмчийн үзлэгийн баримт /хх-ийн 31/

     - Дорнод аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хх-42/

     - Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43/

     -Урьд ял шийтгэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ зэргийг шинжлэн судлав.

     Шүүгдэгч Л.Батмандах нь 2016 оны 06 сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Дөлгөөн хэрлэн" амралтын газрын хойд талд хамтран амьдрагч Г.Батзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гарыг хөшиж, түлхэн газарт унагаж, зүүн гарын шуу ясыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Батмандахын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Батзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч А.Лхам, Д.Дашням, А.Баярцэцэг нарын мөдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 497  тоот шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Батмандахад холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.Батмандахыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

     Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс "Нокиа" маркийн гар утас битүүмжилсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

    Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Л.Батмандахын ЖК92072317 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Өзөөн овогт Лхамын Батмандахыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батмандахыг 400 /дөрвөн зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар ялтан Л.Батмандах нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солих учрыг мэдэгдсүгэй.

4. Ялтан Л.Батмандах нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Г.Батзулд мөрдөн байцаалтын шатанд 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй ба баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ЖК92072317 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Батмандахын эзэмшлээс "Нокиа" маркийн хар өнгийн гар утас  1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Л.Батмандахад авсан батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Ж.ДОЛГОРМАА