Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0456

 

З

2019 оны 07 сарын 25 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0456

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Д, С.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: Б.Ц

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197, 2007 оны 03 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, улсын бүртгэлийн Г-******* дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаар гэрчилгээтэй 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Цыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Цт олгосон өмчлөх эрхийн бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгох, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарт олгохыг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, түүний өмгөөлөгч Д.Цн, нэхэмжлэгч С.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Д, С.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Х.Д нь 1978 оны 09 дүгээр сараас Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн аж ахуйн хашааны сахиулаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1997 он хүртэл сахиулаар ажиллаж байсан. Нэхэмжлэгч С.Б нь Монголын Улаан Загалмай нийгэмлэгт жолоочоор ажиллаж байсан болно. 1991 онд Монгол Улаан Загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан н.Д манай байгууллага цаашид аж ахуйн хашаагаа байлгахгүй, та нар 58490 төгрөг төлөөд амьдарч байгаа хашааны газар болон уг газар дээр байрлаж буй складны барилга, модон саравч, бие засах газрыг бүхээгийг авч болно гэсэн.

С.Б нь нэхэмжлэгч Х.Д миний төрсөн эгч н.С хүүхэд, хоорондоо садан төрлийн холбоотой тул уг саналыг хүлээн авч, 1051 м.кв газартай аж ахуйн хашаа, складны барилга, модон саравч, бие засах газрын бүхээг зэргийг 58940 төгрөгөөр худалдан авч, нэг том хашаатайгаар дундаа хамтран эзэмших болсон.

2007 онд газрыг иргэдэд өмчлүүлж байна гээд, хүргэн Ц.Б нь Х.Д миний эзэмшиж байсан 1051 м.кв газрыг таны нэр дээр болгочихлоо, энэ таны газрын бичиг шүү гээд нэг баримтыг надад өгснийг би авдрандаа хийгээд хэнд ч үзүүлэлгүйгээр хадгалсан болно. Энэ газрын гэрчилгээг өнгөрсөн хугацаанд би хэнд ч үзүүлээгүй надаас хэн нэгэн шаардаж байгаагүй, дүү С.Б Солонгосоос ирээд уг газрын гэрчилгээг асуусан. Тэр үед Х.Д нь бүх газар миний нэр дээр болсон, гэрчилгээ байгаа, байшингийнхаа доорх газрыг өөрийнхөө нэр дээр болгоод авч болно шүү гэж хэлж байсан. С.Б тухайн үед уг газрын гэрчилгээг шаардаагүй бөгөөд авдарт байсан бичгийг түүнд үзүүлээгүй болно.

1998 онд С.Б нь худалдаж авсан хашааны зүүн хэсгийн газар дээр 5х10 хэмжээтэй байшингийн суурь тавьсан байж байгаад 1999 онд Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөр эрхлэхээр явж, авсан цалингаа дүү нартаа явуулж, тэд уг байшинг гүйцээн барьж ашиглалтад оруулаад, дүү С.М нь ээж болон гэр бүлийн хамт уг байшинд амьдарч байсан. 2009 онд С.Б-ын ээжийнх бие муудсан тул тэрээр Солонгос улсаас ирсэн. Ирснээсээ хойш уг газарт баригдсан байшингаа зуслангийн зориулалтаар ашиглаж өнөөдрийг хүрсэн.

Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээ охин Б.Ц нь эмээ таны газрыг зарахаар ******* үл хөдлөх хөрөнгө, зуучлалын газраас зар тавьсан байна гэж хэлсэн. Ингээд яагаад ийм зүйл болов гээд хүүхдүүд маань ******* руу залгаж асуусан. Тэгэхэд С.Б-ын байшин байрлаж буй газрыг хүргэн Ц.Б-ийн хүү Б.Ц зарахаар зар гаргасан байсан ба Ц.Б нь 2007 онд миний газрыг бүхэлд нь миний нэр дээр болгосон гэж итгүүлж, бичиг үсэг мэдэхгүйг минь далимдуулан намайг хуурч 1051 м.кв газрын 360 м.кв газрыг миний нэр дээр болгож, үлдсэн хэсэг болох 691 м.кв газрыг надад мэдэгдэлгүйгээр, миний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар өөрийн нэр дээр хувьчлан авч улмаар хүү Б.Цын нэр дээр шилжүүлсэн болохыг олж мэдсэн.

Тухайн үед Х.  нь өндөр настай, бичиг үсэг огт мэдэхгүйн улмаас 1051 м.кв газрын өмчлөгчөөр өөрийг нь тогтоосон гэрчилгээг Ц.Б-ийг авчирч өгсөн гэж ойлгоод олон жил хэнд ч үзүүлэлгүй авдрандаа хадгалсан болно.

Ц.Б нь бусдын эзэмшлийн 1051 м.кв газрын зарим хэсэг болох 691 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхгүй атлаа хууль бусаар өөрийн төрсөн хүү Б.Цын нэр дээр шилжүүлэн газрын гэрчилгээ авсан байсан тул Х.Д миний бие дүү С.Б-ын хамт Б.Цын оршин суух дүүргийн шүүх болох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түүнд холбогдуулан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ...тоотод 691 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан болно.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/0*******85 дугаар шийдвэрээр бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улмаар бид уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1976 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан болно.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч бидний гаргасан нэхэмжлэлийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд шилжүүлсэн ба одоо тус шүүхэд энэхүү хэргийг хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг газар эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргасан захиргааны байгууллагатай холбоотой асуудал тул тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй гэсэн дүгнэлт гаргасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно.

...Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч Х.Д, С.Б бидний өөрсдийн хөрөнгөөр худалдан авсан газраа шударгаар өмчлөн авах эрхийг зөрчиж, бидний эзэмшил газрыг эзэмшиж, ашиглаж байгаагүй, уг газарт амьдарч байгаагүй этгээд болох Ц.Б-д өмчлүүлсэн нь хууль бус байх ба тухайн газар дээр С.Б-ын хөрөнгөөр барьсан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөн авах эрхийг зөрчиж бидний эзэмшил газартай давхцуулан иргэн Ц.Б-д уг газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж заалтыг зөрчиж, илт хууль бус захиргааны актыг гаргасан байна.

Нэхэмжлэгч Х.Д миний хувьд бичиг үсэг тайлагдаагүй, уншиж чадахгүйн улмаас 2007 онд Ц.Б-ийг газрын гэрчилгээ гэсэн бичиг баримтыг авчирч өгөхөөр нь түүнд итгээд хашааныхаа бүх газрыг өмчлөөд авсан гэж энэ олон жилийн хугацаанд бодож явсан учраас миний газрын ихэнх хэсгийг Нийслэлийн Засаг дарга Ц.Бд өмчлүүлснийг огт мэдээгүй болно. Энэ талаар мэдээд Ц.Бболон түүний хүү Б.Цаас газрыг буцааж шилжүүлж өгөхийг шаардсан боловч миний шаардлагыг хүлээж авахгүй байгаа тул шүүхэд хандаад байна.

...Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын ******* дугаар гудамжны ******* тоот хаяг 691 м.кв газрыг Ц.Б-д үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч миний олон жил хөдөлмөрлөж өөрийн хөрөнгөөр худалдан авсан газраа өмчлөн авах боломжгүй болгож байх тул өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр тус шүүхэд хандсан.

Нэхэмжлэгч С.Б нь нагац эгч Х.Д-ийн хамт 1091 м.кв газар эзэмших эрхийг 1991 онд Монголын Улаан Загалмай нийгэмлэгт шаардсан мөнгийг төлсний үндсэн дээр хууль ёсны дагуу авсан болно. ...Газрын гэрчилгээг эгч Х.Д өөрийн нэр дээр авсан гэж хэлсэн, нэгэнт тухайн газар дээр барьсан байшин минь байсан тул өнгөрсөн хугацаанд 1091 м.кв газрын өмчлөх эрхийг Х.Д эгчийн нэр дээр байгаа гэж бодсон, уг бичиг баримтыг шалгах хэрэгцээ, шаардлага огт байгаагүй болно.

... Нийслэлийн Засаг дарга миний өөрийн хөрөнгөөр барьж босгосон, одоо амьдарч, ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрыг 2007 онд уг газарт ямар ч хамааралгүй этгээд болох Ц.Б-д өмчлүүлж, улмаар 2009 онд Ц.Ба өөрийн хүү болон Б.Цт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болохыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан тоотоос олж мэдсэн болно.

Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч Х.Д бид хоёрын эзэмшиж байсан, шударга хөдөлмөрийн үр шимээр олж авсан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нуурын ******* дугаар гудамжны .... тоот хаягаар 691 м.кв газрыг 2007 онд уг газарт оршин суудаггүй, эзэмших эрхгүй этгээд болох Ц.Б-д өмчлүүлснийг нэхэмжлэгч бид огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд 2018 онд бидний эрхийг зөрчсөн асуудлыг олж мэдсэний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан болно.

Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий газрыг Ц.Б эзэмшиж байсан эсэх, ямар үндэслэлээр бидний эзэмшил, ашиглалтад байсан 691 м.кв газрыг өмчилж авахаар хүсэлт гаргасныг шалгаж, нягтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчиж, бусдын эзэмшил газрыг бусдад хууль бусаар өмчлүүлснээс нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг зөрчигдөж өөрийн хөрөнгөөр барьсан үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, өмчлөх, захиран зарцуулах боломжгүй болж байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын энэхүү хууль зөрчсөн үйлдлээс болж иргэн Б.Ц нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны ... тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийг хууль бусаар олж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсээс авсан байна.

Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс нь Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч нарын газрыг Б.Ц өмчлөх эрхтэй болохыг баталгаажуулж, түүнд газар өмчлөх гэрчилгээг олгосон үйлдэл нь хууль бус юм. ...Маргаан бүхий 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Цыг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоох, гэрчилгээг хүчингүй болгуулах асуудлаар Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан боловч тухайн газартай холбоотой мэдээллийг өгөх боломжгүй, энэ газар нь Б.Цынх учраас хувь хүний мэдээллийг өгөх боломжгүй гэсэн хариуг амаар өгч байсан болно.

Иймд Нийслэлийн Засаг дарга бидний өөрсдийн хөрөнгөөр худалдаж авсан 1051 м.кв газрыг 2007 оны 03 дугаар захирамжаар Ц.Б-д өмчлүүлэхээр шийдвэр гаргасан нь хууль бус байсан болохыг тогтоолгох, улмаар түүнд газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот гэрчилгээтэй 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Цыг бүртгэсэн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Цын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарт олгохыг хариуцагч Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулахаар шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 60.1.4-т заасны дагуу уг нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно гэжээ.

Нэхэмжлэгч нар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: гуравдагч этгээд Б.Цын төрсөн эцэг, тухайн үед Х.Да..гийн хүргэсэн байсан Ц.Б..х нь нэхэмжлэгч Х.Д-гийн бичиг үсэг тайлагдаагүй байдлыг ашиглаж, нэхэмжлэгч нарын хууль ёсны эзэмшил газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авах хүсэлтийг гаргасан байна. ...Ц.Б-ийн хүсэлтийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхдээ уг газрыг бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг шалгалгүйгээр С.Б-ын байшин байрлаж буй газартай давхцуулан 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар Ц.Б-д 493.6 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна.

Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч Х.Д, С.Б нарын 58940 төгрөгөөр худалдаж авсан, С.Б-ын байшин байрлаж байгаа газрыг иргэн Ц.Б-д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны ..... тоот хаягт байрлах 493.6 м.кв газрыг Ц.Б, Б.Б, Б.Ор, Б.Д, Б.Сэнарт, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 301 дүгээр захирамжаар Нуурын ******* дугаар гудамжны Тоот хаягт байрлах 676.58 м.кв газрыг иргэн Х.Д-д тус тус өмчлүүлсэн байна.

Дээрх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн газрыг иргэн Ц.Б, Б.Бр, Б., Б.Д, Б.Сэ нарын болон Х.-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан өргөдлийг тус дүүргээс судлан үзэж ирүүлсэн саналын дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар дээрх иргэдийн өмчилсөн газрын хэмжээг шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу өөрчилж Х.Д-д 359 м.кв, Ц.Б-д 691 м.кв болгон Газрын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгч Х.Д, С.Б нарын гаргасан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжийн Ц. өд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 493.6 м.кв газрыг Ц.Ба, Б.Ба, Б.О, Б.Д, Б.С нарт тус тус өмчлүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтаар дээрх иргэдийн газар өмчлүүлэх шийдвэрийг хүчингүй болсонд тооцсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсгийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байна.

Иймд хүчингүй болсонд тооцож, эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захирамжийг дахин шүүхийн журмаар хүчингүй болгох эсэх талаар хэлэлцэх нь эрх зүйн ач холбогдолгүй байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны  тоот газрын эрхийн улсын бүртгэлд иргэн Ц.Бийн 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гаргасан мэдүүлэг, хүсэлт, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 тоот захирамжаар Монгол улсын иргэд газар өмчлүүлэх шийдвэр, газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг үндэслэн иргэн Ц.Бах, Б. р, Б.Д, Б.Снарын өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээ олгосон байна.

Улмаар 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Цын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна.

Дээр дурдсан бүртгэлийн нотлох баримт бичгээс үзэхэд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгэхээс татгалзаж буцаах үндэслэл байгаагүй бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.6-д заасны дагуу бүртгэлийг хийсэн нь хуулийн дагуу үйлдэл болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эд хөрөнгө өмчлөх эрхийн Г-******* дугаар гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 691 м.кв газрыг 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн аав Ц.Бөөс Иргэний хуульд зааснаар бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан.

Нэхэмжлэгч Х.Д, С.Б нар нь Б.Цын өмчлөх эрхэд халдан ийм нэхэмжлэл гаргаж байгааг одоо ч ойлгохгүй байна. Эмээ Х.Д, С.Б нар нь уг газар Ц.Бийнх, 2009 онд хүү Б.Цт шилжүүлсэн талаар маш сайн мэднэ.

Гэвч шүүхэд худал мэдүүлж, аав Ц.Бийг эхнэрээсээ салсан асуудлыг далимдуулан шунахайн сэдэлтэйгээр миний өмчлөх эрхэд халдаж байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8, 54.3.3-д заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Аав Ц.Б нь уг газрыг 1993 онд эзэмшиж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсанаар хуулийн дагуу өөрийн эзэмшилд байсан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны ******* тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 691 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлэх тухай шийдвэрээр 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмчлөн авсан.

Нэхэмжлэгч Х.Д, С.Ц нарт Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс газрыг худалдаагүй бөгөөд нэхэмжлэгч нар нь уг газрыг эзэмшиж, өмчилж байгаагүй.

Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар тогтоолоор Аж ахуйн хашааг худалдах тухай тогтоол гаргаж, хэн, хэнд юу, юуг худалдаж байгааг тодорхой бичсэн байдаг.

Монголын Улаан Загалмай нийгэмлэг нь газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх эрхтэй субъект биш бөгөөд зөвхөн хашаа, модон эдлэлийг худалдсан байдаг. Б.Ц нь уг газрыг хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авсан бөгөөд хууль ёсны өмчлөгч тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Д, С.Б нар нь тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгох, улсын бүртгэлийн Г-*******, ******* дугаар гэрчилгээтэй 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Цыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Цт олгосон өмчлөх эрхийн бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгох, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарт олгохыг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгч С. нар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсэг 2007 оны 03 дугаар захирамжаар хүчингүй болсон гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжийн Ц.Бад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир шүүх уг татгалзлыг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тухайн газрыг Монгол Улаан Загалмай нийгэмлэгээс мөнгийг нь төлж худалдаж авсан, ...Ц.Б нь миний ганц охинтой гэр бүл болсон хүргэн минь байгаа юм, ...нэхэмжлэгч Х.Д******* бие бичиг үсэг тайлагдаагүйн улмаас 2007 онд Ц.Бг газрын гэрчилгээ гээд бичиг баримт өгөхөд нь итгэсэн, ...С.Б миний бие нэгэнт тухайн газар дээр минь байшин минь байгаа, ямар ч маргаангүй эзэмшиж, ашиглаж байсан тул өнгөрсөн хугацаанд 1051 м.кв газрын өмчлөх эрхийн бичиг баримтыг нэхэх, шалгах хэрэгцээ, шаардлага гараагүй, ...Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий 691 м.кв газрыг Ц.Бэзэмшиж байсан эсэх, ямар үндэслэлээр өмчлөхөөр хүсэлт гаргасныг шалгаж, нягтлахгүйгээр өмчлүүлсэн, улмаар Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс хууль бус шийдвэрийг үндэслэн газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус болсон гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогчдын маргасан асуудлын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэгт, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд,

Анх маргаан бүхий газарт Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2001 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ц.Б, Х.Д нарт 300 м.кв газар эзэмших эрхийн , дугаар гэрчилгээг тус тус олгосон байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргадаггүй.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай 197 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлд заасныг үндэслэн захирамжийн нэг дэх хэсгээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2400 өрхөд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсний дотор Ц.Б, Б.Б, Б.О, Б.Д, Б.С нарын дундын өмчлөлд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны ******* тоот 493.6 м.кв газрыг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1000 өрхөд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсний дотор Х.Дд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны ******* тоот 676.58 м.кв газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн гурав дахь хэсгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшил газраа өмчилж авсан нэр бүхий 84 иргэний өмчилсөн газрын хэмжээг шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу өөрчилсний дотор Х.Дад  тоотод 360 м.кв газрыг, Ц. Б.Б, Б. Б. Б.Снарт ******* тоотод 691 м.кв газар өмчлүүлэхээр шийдвэрлэж, газар өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай өргөдөл, мэдүүлэг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг зэргийг үндэслэж дээрх 5 иргэний өмчлөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 691 м.кв газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ.

Харин 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ц.Б, Б.Ц нар нь Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны тоот 691 м.кв газар шилжүүлэх бэлэглэлийн гэрээ байгуулж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд мэдүүлснээр маргаан бүхий газрыг Б.Цын өмчлөлд бүртгэж, 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Нэхэмжлэгч Х.Д маргаан бүхий газарт 1978 оноос хойш амьдарч, нэхэмжлэгч С.Б тухайн газар дээр байшин барьсан болох нь, харин гуравдагч этгээд Б.Ц, түүний эцэг Ц.Б нар оршин сууж байгаагүй болох нь гэрч Б.О-ийн Ц.Б бид 2 энэ хашаанд амьдарч байгаагүй, ...миний ээж 58940 төгрөгөөр энэ газрыг авахын тулд олон жил ажиллаж байж олсон мөнгөө өгсөн, ...С.Б 1998 оноос 2001 он хүртэл хугацаанд байшин барьсан, ...Ц.Б 7 хүүхэдтэй, би 2 хүүхэдтэй анх гэр бүл болж, дундаасаа 1 хүүтэй болсон, ...би 1994 оноос хойш хөдөө амьдраад 25 жил болсон, энэ хугацаанд бичиг баримттай холбоотой асуудлыг Ц.Б хөөцөлддөг байсан, ...миний ээж бичиг үсэг мэдэхгүй. Энэ байдлыг нь ашиглаж, ээжийн минь насаараа амьдарч байгаа газрыг нь өөрийн нэр дээр авч, дараа нь хүнд шилжүүлснийг нь огт мэдээгүй, би ээжийнхээ төлөө анхаарч байгаагүйгээс энэ асуудал гарсныг ойлгож байна, ...бичиг үсэг мэдэхгүй байдлыг нь ашиглаж ийм увайгүй үйлдэл хийсэнд нь гомдож байна гэх, гэрч Ц.Б-ийн ...Х.Д 1978 оноос хойш амьдарч байгаа, ....энэ газар дээр С.Б 1998 онд байшин барьсан, ...С.Бт Монголын Улаан Загалмай нийгэмлэгт туслах жолоочоор ажиллаж байсныг мэднэ, би анхнаасаа энэ газрыг өмчилж авах хүсэл сонирхолгүй байсан, хуульд заасны дагуу хөөцөлдсөн, ....2009 онд хүүдээ газрыг шилжүүлж өгөхөөс өмнө С.Ббайшин барьсан, ...тухайн үед би дотроо манайхны хэн нэгэн толгой хорогдох юм барьж байна гэж бодоод чимээгүй байсан гэх мэдүүлгээр,

түүнчлэн шүүхэд ирүүлсэн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр албан бичиг болон тус хорооны Нуурын *******-349 тоотод Х.Д нь 1978 оноос хойш одоог хүртэл оршин сууж байгаа болно. Б.Ц нь бүртгэлтэй боловч хаягандаа огт амьдардаггүй болно гэх хорооны Засаг даргын 102, 103 дугаар тодорхойлолтуудаар тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр гуравдагч этгээдээс ...нэхэмжлэгч Х.Д, С.Б нарт Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс газрыг худалдаагүй, нэхэмжлэгч нар уг газрыг эзэмшиж, өмчилж байгаагүй... гэж маргах боловч Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Аж ахуйн хашааг худалдах тухай 103 дугаар тогтоолоор Тус хорооны ажилчин Х овогтой Д, С овогтой Б нарын гаргасан өргөдөл хүсэлтийг харгалзан үзэж аж ахуйн хашаа, складны барилга, модон саравч, бие засах газрын бүхээг зэргийг 58940 төгрөгөөр худалдахыг зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэсэн, гэрч Д.Дийн ...аж ахуйн хашаа 1 га газар байсан, ...тухайн газрыг сахиулаар ажиллаж байсан Х.Дд албан ёсоор шилжүүлж, шийдвэр гаргаж өгсөн гэх мэдүүлгээр маргаан бүхий газрыг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Нийслэлийн Газрын албаны кадастрын мэдээллийн санд 2007 онд Х. өмчлөлд 360 м.кв газар, Ц.Бийн өмчлөлд 691 м.кв газар тус тус бүртгэгдэж өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгч Х.Дийн ...хашааны баруун талд машины гарааш байсан. Тэр хэсэг газрыг тухайн үед Монголын Улаан Загалмай нийгэмлэг өөр хүнд өгсөн. ...Үлдэх хэсэг газрыг надад өгсөн, өнөөг хүртэл амьдарч байна гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч нар нь тус шүүхэд Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс олгосон нийт газрын хэмжээтэй маргаагүй, харин өнөөг хүртэл амьдарч байгаа газрын нэг хэсэг, нэхэмжлэгч С.Бын байшин байрлах 691 м.кв газрыг хариуцагчаас Ц.Б, улмаар Б.Ц нарт өмчлүүлж, шилжүүлсэн нь хууль бус гэж маргасан байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй, 12.1.3-д нийслэл дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах, 14 дүгээр зүйлийн 14.1-д Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй, 14.1.3-д нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

Нийслэлийн Засаг дарга нь иргэний газар өмчлөх өргөдлийг дүүргийн Засаг даргаар уламжлуулан хүлээн авч, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.1-20.3.4-т заасан өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудаар тухайн иргэн уг газрыг өмчлөх эрх бүхий этгээд мөн болох нь тогтоогдсон тохиолдолд газар өмчлөх эрх олгох эрхтэй байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэж газрын мэдээллийн санд оруулах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж зааснаар захиргааны байгууллага хүсэлт гаргасан газрыг бусад этгээд эзэмшиж байгаа эсэх, бусдын үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг нягталж шалгасны үндсэн дээр газрыг эзэмшүүлж, өмчлүүлэх ёстой байна.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий газрын хил заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, бусдын эзэмшил, ашиглалтын газраас зааглагдсан эсэх, тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нягталж шалгахгүйгээр газрыг өмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан хариуцагчаас маргаан бүхий газрын хэмжээг дахин дахин өөрчилж өмчлүүлсэн баримтуудаар болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас ...хуульд зааснаар газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг олгодог субъект нь Монголын Улаан Загалмай нийгэмлэг биш. Тийм учраас дээрх тогтоол гарснаар тухайн газар дээрх объектын эрхийг шилжүүлж байгаа болохоос газрын эрхийг шийдвэрлээгүй, тухайн үед нэхэмжлэгч нарт өмчлөх эрх үүсээгүй байсан гэж маргах боловч дээр дурдсан баримтуудаар нэхэмжлэгч нар анх маргаан бүхий газрыг бүхэлд нь эзэмшиж, ашиглаж байсан болох нь тогтоогдсон, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэх, хүсэлт гаргагч тухайн газрыг өмчлөх эрхтэй эсэхийг тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг байна. .

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж зааснаар нэхэмжлэгч С.Бн маргаан бүхий газар дээр барьсан байшин газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нь тодорхой байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга иргэний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө барьдагдсан эсэх, хэнийх болохыг тогтоохгүйгээр газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус гэж тайлбарласан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймээс маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамж нь бодит нөхцөл, байдалд тохироогүй, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах үндсэн зарчимд нийцээгүй, улмаар нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газраа өмчлөх эрхийг зөрчсөн хууль бус акт болох нь тогтоогдож байх тул шүүх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёрт, маргаан бүхий 691 м.кв газрыг Б.Цын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн Г-*******, өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээг хүчингүй болгох шаардлагын тухайд, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж зааснаар маргаан бүхий 691 м.кв газрын өмчлөх эрхийг 2009 онд Б.Цт шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Нэгэнт маргаан бүхий газрын өмчлөх эрхийг бодит нөхцөл, байдлыг тогтоолгүй хууль зөрчиж олгосон тул түүнийг үндэслэн хийгдсэн өмчлөх эрхийг шилжүүлсэн улсын бүртгэл хууль бус болно.

Иймд шүүх Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны ******* тоот 691 м.кв газрын өмчлөх эрхийг Б.Цт шилжүүлж бүртгэсэн улсын бүртгэлийг болон түүнийг үндэслэж олгосон гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Гуравт, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарт олгохыг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагын тухайд,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргана гээд 13.5-д мэдүүлэгт хавсаргах баримт бичгүүдийг заасан байх бөгөөд 15.3.5-д тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнийг олгосон гэрчилгээний хуулбар гэж зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр өмчлөх эрхийг бүртгэх тухай заажээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор хариуцагч Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нэхэмжлэгч Х.Д, С.Б нарт эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй байх тул нэхэмжлэгч нарын энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч нар хуульд заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн газар өмчлөх хүсэлтээ эрх бүхий захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д, С.Б нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаар гэрчилгээтэй 691 м.кв газрын өмчлөгчөөр Б.Цыг бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Цт олгосон өмчлөх эрхийн бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах 691 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.Д, С.Б нарын нэр дээр гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д, С.Б нарын Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн Ц.Б холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ