| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2022/0068/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/57 |
| Огноо | 2022-01-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | д.нямдэлэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/57
2022 01 19 2022/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,
улсын яллагч Д.Нямдэлэг,
шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А д холбогдох эрүүгийн 2110016181243 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эх нарын хамт .......................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Н.А /РД:................/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А нь банкнаас яаралтай зээл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 6 дугаар сарын 27-ноос 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Т.Б гаас 17.500.000 төгрөгийг Хаан банкны .................дугаартай дансанд шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 57-60 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 66-67 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А нь Худалдаа хөгжлийн банкинд дотоод хяналт шалгалтын ажилтан бөгөөд банкнаас яаралтай зээл гаргаж өгнө гэж 2019 оны 6 дугаар сарын 27-ноос 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Т.Б гаас 17.500.000 төгрөгийг Хаан банкны .................дугаартай дансанд шилжүүлэн авсан хэдий ч зээл гаргаж өгөөгүй, шилжүүлсэн мөнгийг буцааж өгөөгүй үйл баримт тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлтэй, шууд санаатай буюу бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэхээс өмнө бий болсон байдгаараа онцлогтой буюу гэрээний маргаанаас ялгагдана.
Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.
Хуурах гэдэгт бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,
Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэдэгт эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдал бий болгохыг,
Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэдэгт дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдал зэрэг бодит нөхцөл байдлыг нууж боломжтой мэтээр итгүүлж төөрөгдөлд оруулж буй үйлдлийг тус тус ойлгоно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл “Худалдаа хөгжлийн банк”-с ирүүлсэн “...Н.А /РД:.............../ нь тус банкинд ажиллаж байгаагүй болно” гэсэн албан тоот (хавтаст хэргийн 49 дэх тал)-оор Н.А нь Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Улмаар бодит байдал дээр банкнаас зээл гаргах эрх бүхий этгээд биш, өөрт нь мөнгөний хэрэгцээ гарсан нөхцөл байдлыг нууж, хохирогчид зээл гаргаж өгнө гэж хуурч өөрийн дансанд 17.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан хэдий ч уг мөнгөөр өөрийн дүү болох Н.Амарбаясгалангийн нэр дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өрийг төлж барагдуулсан болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичиг (хавтаст хэргийн 54 дэх тал)-, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...нийт 17.500.000 төгрөг авсан байгаа. ...Би Болортуяагаас авсан мөнгийг шүүхийн шийдвэрийн өр төлбөрөө төлсөн. Аав ээж хоёртоо авч өгсөн Хан-Уул дүүргийн 2-р хороо 21 дүгээр байр 16 тоот байрыг дүү Амарбаясгалангйин нэр дээр зээлээр авсан байсан бөгөөд төлбөр мөнгийг төлж чадахгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр барагдуулахаар Амарбаясгалан руу яриад байсан тул Болортуяагаас дансаараа шилжүүлэн авсан 14.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэрт төлбөрөө барагдуулсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дэх тал) зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны дараа банкинд зээлийн хүсэлт өгөөгүй, шууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өр төлбөрийг төлж барагдуулсан байгаа нь анхнаасаа хохирогчид зээл гаргаж өгөх санаа зорилго байгаагүй буюу дээрх гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд шүүгдэгч Н.Н.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид баримтаар 17.500.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч дээрх хохирлоос төлж барагдуулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон, хохирлын хэмжээтэй маргаагүй ба төлж барагдуулахаа илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зохимжтой.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал /...37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эх нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А г 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх үзлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.
Шүүгдэгч Н.Н.А гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь дээрх заалтад хамаарч байх тул түүнийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Н.А д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэлээ
Харин шүүгдэгч Н.А гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.А д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдъя.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А г 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Н.А д 02 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
4. Шүүгдэгч Н.Н.А д хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Н.А г энэ хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргүүдээс гарахыг хориглосугай.
5. Н.А д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчН.А гээс нийт 17.500.000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Б д олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.А д сануулсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд НН.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР