| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0186/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/217 |
| Огноо | 2022-03-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/217
2022 03 02 2022/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүгдэгч: Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,
Улсын яллагч: Я.Мөнхзаяа нар оролцсон эрүүгийн ................ дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, ............... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..................... оршин суух, “Бровн бийлдэнг” ресторанд тогооч ажилтай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эх дүүгийн хамт амьдардаг, урьд:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар дүйцүүлэн тооцож 30 хоногийн хугацаатай хорих ял болгон сольж, түүний нийт эдлэх ялыг 2 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Э.Батмагнайг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Түшиг” төвийн Б1 давхарт ажлын байрандаа байх үед нь “гар утсаар чинь фэйсбүүк орчихоод өгье” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн ай фоне 12 про макс гар утсыг авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн 2209000000275 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Батмагнайгийн гаргасан өргөдөл, хүсэлт /хх-ийн 5, 23 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Аривжихын “....2021 оны 12 дугаар сарын 27-нд 10 цаг 06 минутад би “Өндөр цахир” гэх барьцаалан зээлдүүлэх газарт байж байхад гаднаас нэг туранхай залуу орж ирсэн. Тэгээд тэр залуу надаас айфоне 12 про макс гар утасны үнэлгээ хэд болох вэ гэж асуусан. Тэгэхэд нь би үнэлгээ нь 2,000,000 гаруй төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд тэр залуу 1,500,000 төгрөгөөр айфон 12 про макс гар утсаа тавихаар болсон. Надад өгөхдөө Америкаас ирсэн цэвэрхэн хадгалаарай гэж хэлж байсан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 43 минутад нөгөө айфон 12 про макс гар утсаа 1.500.000 төгрөгт тавьсан залуу дахин орж ирээд 500,000 төгрөг нэмж авч, зээлээ нэмсэн. Тэгээд нийт 2,000,000 төгрөгийн авч 7 хоногийн хугацаатай тавьсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үндсэн хугацаа нь дууссан. 01 дүгээр сарын 07-ны өдөр хугацааг нь 7 хоногоор сунгасан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагт 2,000,000 төгрөг өгч зээлээ хаасан. Тэгээд би айфон 12 про макс гар утсыг нь эргүүлэн өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Батмагнайгийн “....2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд Гүнбилэгт, Цогоо 2 манай ажил дээр нилээн согтуу ирсэн...Тэгээд Гүнбилэгт утсаар фейсбүүк ороодхье гэж хэлээд миний гар утсыг авсан. Удалгүй миний утас дугарч Цогоо залгаж байсан. Тэгээд Гүнбилэгт утас аваад Цогоотой яриад гараад явсан. Энэ үед би ажил дээрх эд зүйлсээ хураагаад тарахад бэлдэж байсан. Тэгээд би удалгүй ажлынхаа хаалгыг түгжээд араас нь гарахад хүн байгаагүй...би утас руугаа 23 цаг өнгөрөөд залгахад дуудаж байсан ч авахгүй байсан...Тэгээд би маргааш нь Гүнбилэгттэй холбогдоход миний гар утсыг ломбарданд тавьсан гэж хэлсэн. Тэгээд уучлаарай мөнгөний хэрэг гараад утсыг чинь ломбардад тавьчихлаа удахгүй аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд удаахгүй авч өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд Гүнбилэгт нь миний гар утсыг эргүүлэн өгсөн тул надад гомдол санал байхгүй. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар өгсөн “....2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 11 цагийн үед найз Цогтбаатартай манай гэрийн гадаа уулзсан...би Батмагнайгийн утсаар фейсбүүк ороодхье гэж гар утсыг нь аваад ашиглаж байсан...22 цагийн үед цаг орой болсон байна гээд Батмагнай зургаа авч дуусгаад гэрэл төхөөрөмжүүдээ унтраагаад гарах гэж байхад Батмагнайгийн утас руу Цогтбаатар залгасан. Энэ үед Батмагнайгийн гар утас надад байсан. Тэгээд би гар утсыг аваад ажлаас нь гарсан..Цогтбаатар бид 2 мөнгөөрөө 0,5 граммын хараа гэх нэртэй архи 1 ширхгийг аваад сансарын байран дундах буудал руу орсон. Буудал руу ороод би хувцсаа тайлах үедээ Батмагнайгийн гар утсыг өөрт байсаныг мэдсэн. Тэгээд би өглөө босоод болъё гээд худалдаж авсан архиа уугаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь би цэнэггүй болсон өөрийнхөө гар утсыг цэнэглээд асаахад баахан зээл авдаг аплекейшнуудаас зээлээ төл гэсэн мэдэгдлүүд ирсэн байсан бас залгаад байсан.... Тэгээд би Батмагнайгийн фейсбүүк хаяг руу нь утас чинь надад байна, юу болсон бэ, над руу залгаарай, мань чинь түр утсыг чинь ломбардад тавьлаа шүү, орой утсыг чинь аваад өгнө, над руу залгаарай гэж мессеж бичиж үлдээсэн. Тэгээд би Сансар дахь “Өндөр цахир” гэх барьцаат зээлийн газарт найз Батмагнайгийн гар утсыг 2.000.000 төгрөгт 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан.Тэгээд би нэхэгдэж байсан зээлээ хаасан..Ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.950.000 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, иргэний оршин суугаа хаягийн хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 40 дугаар хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/, суллагдсан тухай тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Э.Батмагнайг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Түшиг” төвийн Б1 давхарт ажлын байрандаа байх үед нь “гар утсаар чинь фэйсбүүк орчихоод өгье” хэмээн худал хэлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн “Ай фоне 12 про макс” маркын гар утсыг авч залилсан болох нь шүүгдэгч Б.Гийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Аривжихын мэдүүлэг, хохирогч Э.Батмагнайгийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Б.Г нь хохирогчид “гар утсаар чинь фэйсбүүк орчихоод өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын танил харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э.Батмагнайгийн гар утсыг авч түүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нөхцөл бүрдсэн байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Гийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Батмагнайгаас “...Гүнбилэгт нь миний гар утсыг эргүүлэн өгсөн тул надад ямар нэг санал гомдол байхгүй.. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэж /хх-ийн 50/, иргэний нэхэмжлэгч Д.Аривжихын “...2.000.000 төгрөг өгч зээлээ өгч хаасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 31/ гэсэн хүсэлтүүдээ тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Гийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Г-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН