Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

 

    2022        01           17                                      2022/ШЦТ/60

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Д.Нямдэлэг /томилолтоор/,

шүүгдэгч Д.М  нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М д холбогдох эрүүгийн 2110000001191 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, CU сүлжээ дэлгүүрт менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.М  /РД:................../.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М  нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 26-372б тоотод үеэл дүү болох Т.А тай үл ялих маргаанаас болж маргалдаж улмаар түүнийг цохиж зодон биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Д.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч Т.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө хоол хийж идчихээд 12 цаг гэж сургууль руу яваад хичээл 17 цаг гэж тарахаар нь эгч Арьяагийн гэрт нь байж байтал манай хүргэн ахын төрсөн ах нь Д.М  нь надад хандаж чи архи уусан юм уу гэхээр нь би юу яриад байгаа юм бэ  та гэж өөдөөс нь хэл амаараа маргаан хийсэн юм. Тухайн үед би Арьяа эгчийн гэрт нь орой 19 цаг болж байхад ирсэн. Гэрт нь хүргэн ахын төрсөн ах нь Д.М  зогсож байсан. Тэгтэл чи архи уусан байна гэ хэлээд миний хойноос татаад орон дэр унасан бөгөөд миний хамар хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохихоор нь миний хамарнаас цус гарахаар нь би Д.М  гэх ахад цус гарч байна гэж харуулахад наад цусаа явж угаа гээд байсан. Тэгээд би босоод орон дээр суугаад доош тонгойгоод хамраа дараад байж байтал миний баруун  нүд хэсэг рүү 3-4 удаа өвдөг хэсгээрээ цохьсон. Миний толгойны орой хэсэг рүү бөгжтэй гараараа 3-4 удаа гараа атгаж байгаад цохихоор нь хажуу талын айлын хүнээс гуйгаад салгуулсан юм. Тухайн үед тэр ах намайг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж бодоод хэрүүл маргаан гарсан байх. Тэгтэл удалгүй би гэрээс гараад байж байтал толгой өвдөөд байхаар нь цагдаад хандсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал)
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11461 дугаартай:

“-Т.А ын биед баруун хоншоор ясны гадна хажуу ханын зөрүүгүй хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

4. Шүүгдэгч Д.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед би гэртээ байж байтал манай дүү Мөнхбаатарын эхнэр Арьяа түүний төрсөн дүү нь  гэрт орж ирсэн бөгөөд хажуу айлын Анжу гэх хочтой эрэгтэй Арьяагийн дүүг нь согтуу байна архи уугаад хэл нь ээдэрсэн байдалтай ярьж чадахгүй байна гэхээр нь миний уур хүрсэн юм. Тухайн үед би Анжу гэх хажуу айлын хүнээс сонссон байсан. Тухайн үед би гэртээ байж байтал Т.А  гэртээ орж ирэхээр нь би асуусан юм “чи архи уусан юм уу” гэхэд миний өөдөөс Т.А  нь олон юм яриад байхаар нь миний уур хүрсэн. Би баруун гараа атгаж байгаад Т.А ын хамар хэсэг рүү нь нэг удаа цохьсон чинь хамраас нь цус гараад доошоо тонгойсон байдалтай байхаар нь би баруун талын нүд хэсэг рүү нь баруун өвдгөөрөө 3-4 удаа өшиглөсөн бөгөөд толгойгоо бариад хэвтээд байхаар нь толгой хэсэг рүү нь баруун гараа атгаж байгаад дахиж 2-3 удаа цохьсон юм. Тухайн үед би болон Т.А  нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 16 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 18 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М  нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 26-372б тоотод үеэл дүү болох Т.А ыг архи уулаа гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.М  нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж архи уулаа гэх шалтгааны улмаас хохирогч Т.А ыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд өшиглөх, гараараа цохих идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Д.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

 

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.А ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Т.А ын “...Д.М гөөс 2 сая төгрөг авсан тул гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 35 дахь тал) хавтаст хэрэгт авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.М  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, CU сүлжээ дэлгүүрт менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч Д.М гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Д.М д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М г 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М д оногдуулсан 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Шүүгдэгч Д.М д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.М д сануулсугай. 
  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР