Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1276

 

 

 

 

 

 

  2021         11          23                                    2021/ШЦТ/1276

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даариймаа,

Улсын яллагч Д.Хорлоо,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Б-ийн М-эд холбогдох эрүүгийн 2106 00000 1706 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ЧАОС 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, Т овгийн Б-ийн М.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын задгайд иргэн Ц.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой болон нүүрэн тус газар нь цохисны улмаас түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруул болон дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Ц.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-7-9/, гэрч Б.Гомбын өгсөн мэдүүлэг /хх-18/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 7103 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20-21/, Б.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-43-44/, Б.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/ бүхий баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М-ийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын задгайд иргэн Ц.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой болон нүүрэн тус газар нь цохисны улмаас түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруул болон дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б-ын өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед найз залуу Буянхишигийн хамт найз Гомбынд очихоор Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай гэх хаягт гэрт нь очсон юм. Тэгээд бид 4 том савлагаатай 1 нийслэл пиво уусан. Пиво л ууж дуусаад Буянхишиг бид хоёр явах гээд гарч байсан. Харин Гомбо бид хоёрыг гаргаж өгөх гэрээсээ хамт гарсан юм. Хашаанаас нь гарч байтал үл таних 3 залуу, 2 эмэгтэй тааралдаад тэдний нэг өндөр залуу нь Буянхишигийг шалтгаангүйгээр заамдаад авсан юм. Хажуугаас нөгөө 2 залуу нь ирж өндөр залуугаа салгаж авсан Тэгээд би тэдний бүдүүн хар хувцастай бор царайтай залуугийнх нь араас түлхээд та нар одоо болиоч гэж хэлсэн юм. Тэгтэл тэр бүдүүн залуу нь намайг дэгээдэж унагаад дээрээс толгой руу манартал цохисон. Тухайн үед Буянхишиг болиоч чи гээд тэр залууг надаас салгасан. Тэгээд би босоод ирэхэд намайг зодсон залуугийн эхнэр нь гэх хүүхэн гүйж ирээд намайг үснээс зулгаагаад авсан юм. Тэгсэн чинь нөхөр нь боль гээд эхнэрээ салгасан. Эхнэр нь намайг үстэж зулгаахад миний биед гэмтэл шарх учраагүй ээ. Тэнд байсан өндөр залуу нь надад хандаж нэгхэн шүдний төлөө ямар сүртэй юм бэ, 100.000 төгрөг аваад салаач гэсэн. Миний биед учирсан гэмтэл шарх гэвэл үүдэн 1 шүд унасан, хамар гэмтсэн, зүүн хацар хавдсан, хөхөрсөн байна. Мөн толгой маш их өвдөж байгаа. Зүүн талын чих бас өвдөж байна. ...миний дараалсан 3 шүд хиймэл шүд байгаа юм, Үүнээс 1 шүд нь тэр залууд цохиулахад унасан. Хажуугийн шүд нь хөдөлгөөн орсон байж байгаад өчигдөр уначихлаа. Өчигдөр унасан шүд нь бас хиймэл шүд юм. Нэг шүд хийлгэхэд 250.000 төгрөг болдог юм.” гэх мэдүүлэг /хх-7-9/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гомбын өгсөн: “...Б.М-ийн эхнэр ирээд машин нь тоормосгүй болчихсон гээд Б.М тэрийг янзлах гээд очиж байсан. Эхнэр нь машинаа айлын хашаанд тавьсан. ...тэр айлаас нь согтуу эхнэр, нөхөр хоёр гарч ирээд нөхөр нь бид нарт хандаж наад сэгээ аваад эндээс зайлаач үхсэнээ айлын хашаанд тавьсан юм бэ гээд томроод эхэлсэн. Тэгэнгүүт нь би тэр залуутай муудалцсан. Тэр үед залуугийн эхнэр нь цаана утсаа яриад зогсоод байсан. Б.М болохоор нөхөртэй нь андуураад тэр эмэгтэйг цохчихсон гэж хэлээд байсан.” гэх мэдүүлэг /хх-18/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 09- ний өдрийн 7103 дугаартай:

1. Ц.Б-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруул болон дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” /хх-20-21/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-ийн яллагдагчаар өгсөн: “...би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай гэх газарт газар аваад 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн газар дээрээ найзууд болох Гомбо, Хадбаатар нарын хамт байшингийн хундаам нүх ухаж байсан юм. Тэгээд бид гурав нэг том савтай пиво уугаад ажлаа эхэлсэн. Тэгээд байж байхад манай эхнэр Анхзол нь машинтайгаа над дээр ирсэн юм. Тэгээд байж байтал хөрш айл болох Гомбо ахын гэрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд эрэгтэй нь бид нартай хандаж энэ машинаа зайлуул энэ тэр гээд солиороод байсан. Тэгсэн чинь би тэр залууд хандаж Гомбо ах манай хөрш, би гэрийнх нь үүдэнд машинаа тавьдаг, Гомбо ахынх манайхаас тог авдаг гээд эвтэйхэн ойлгуулаад хэлж байтал тэр залуутай хамт яваа Ц.Б гэх эмэгтэй нь шууд миний шанаа руу гараараа саваад цохчихсон. Тэгсэн чинь манай эхнэр Ц.Бд хандаж чи муу миний нөхрийг цохчихлоо гээд орилсон чинь Ц.Б нь шууд манай эхнэрийг үстэж аваад дарчихсан. Тэгэнгүүт нь би тэр Ц.Быг айлгах гээд дэгээдэж унагаасан юм. Тэгсэн чинь хажууд явж байсан залуу дөхөж ирж байгаа харагдсан юм. Тэгэхээр нь би залуу нь ороод ирлээ гэж бодоод тэр залууг зүүн гараараа угз татаж унагаагаад залууг нь 2 жинтэй цохчихъё гээд цохисон чинь Ц.Б гээд эмэгтэйг нь цохичихсон байсан. Ц.Б эгчтэй ярьж тохироод өөрийг нь гуйж байгаад 600.000 төгрөг шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-35-37/,

 

Шүүгдэгч Б.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.М-ийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын задгайд иргэн Ц.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой болон нүүрэн тус газар нь цохисны улмаас түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд уруул болон дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Б-ын зүгээс эмчилгээний болон гэм хорын хохирол төлбөртэй холбоотой нийт 774.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.М нь 774.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

 

            Дээрхи байдлаар шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б-ийн М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Б.М-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хохирогч Ц.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС