Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0325

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш  овогт Ц-ийн  Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118003580382 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш  овогт Ц-ийн  Н /регистрийн дугаар: ...... /, ....... оны .....  дүгээр сарын ..... -ны өдөр ......... аймгийн ......  суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ....... ХХК-д механикч ажилтай, ам бүл .. , ...........-ийн хамт ........  аймгийн ......  сумын .......  дүгээр баг, ............  байрны .......  тоотод оршин суух хаягтай, урьд .........  аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ......  дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ц.Н нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчимд ........... аймгийн .......  сумын ......  дүгээр баг .........  дүгээр байрны ............ тоот гэртээ эхнэр Б.С-г зодож  эрүүл мэндэд нь нүүр, зүүн бугалга, баруун ташаа, баруун бүсэлхий орчим, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Н нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчимд ........... аймгийн ...... сумын ......  дүгээр баг .............  дүгээр байрны ...... тоот гэртээ эхнэр Б.С-г зодож эрүүл мэндэд нь нүүр, зүүн бугалга, баруун ташаа, баруун бүсэлхий орчим, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н-ийн мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2118003580382 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.С-ийн хэрэг бүртгэлтэд 2021  оны 10 дугаар сарын 02, 11 дүүгээр сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сарын 01-ний 15 цагийн үед ажил дээрээ Олон улс Мичид салонд ажлаа хийж байхад манай нөхрийн эгч Э  гэдэг хүн ирж надаар хумсаа янзлуулсан. Э  эгч миний сэтгэл санаа тайван бус байна хоёулаа хоолонд ороод ганц шил пиво ууя гэж хэлсэн. Тэгээд би нөхөр рүүгээ гар утсаар яриад Э  эгч бид хоёр хоолонд орох гээд явж байна гэж хэлэхэд Н уурлаад байхаар нь хоолонд орохоо болиод ажил дээрээ буцаж очоод Э  эгч, найзынх нь хамт гурвуулаа юм яриад 6 лаазтай Сэнгүр нэртэй пиво уугаад 21 цагийн үед ажлаасаа гараад гэр лүүгээ явсан. Намайг гэртээ ороход манай нөхөр элдэв үгээр доромжлоод зайл гээд хөөгөөд хүүхдээ хөхүүлээд суух гэж байхад цохих гээд байхаар нь гэрээсээ хаалгаа онгойлгоод гарахад араас гүйж ирээд миний үнээс зулгааж чирээд гэр лүүгээ аваад орсон. Гэртээ  ороод миний үснээс зулгаагаад газар унагаад дээрээс гэдэс рү өшиглөсөн. Тэгээд би арай гэж босоод зогсоход миний толгойн баруун тал хэсэг рүү гараараа цохиход хана руу толгойн зүүн хэсгээрээ савж очоод цохисон. Миний нүүр лүү гараараа бас алгадаж цохиод байхаар нь би айгаад нойлын өрөө рүүгээ орж хэсэг байж байгаад гарч ирээд том охин С-д  цагдаа дууд гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх мэдүүлэг[1],

 

Насанд хүрээгүй гэрч Н.С-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: ...2021  оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орой 22 цагийн үед намайг хоолоо хийгээд байж байхад гаднаас аав орж ирсэн. Аав гэртээ орж ирээд хувцсаа тайлаад орон дээр хэвтээд ээж рүүгээ залга гэж хэлэхээр нь би ээж рүү залгасан. Удалгүй гаднаас ээж орж ирсэн. Ээжээс бага зэргийн архи үнэртэж байсан. Аав ээжийг янз бүрийн хараалын үгээр доромжилж байгаад зодсон. Ээж зодуулж байгаад гэрээс гараад зугтаад 9 давхар руу шатаар буухад аав араас нь очоод ээжийн үснээс зулгааж чирээд гэрт оруулж ирээд гэдэс рүү нь өшиглөөд бас гараараа хоёр удаа цохисон. Аав ээжийн нүүр рүү 2-3 удаа алгадаад хана мөргүүлсэн. Би аавыг ээжийг зодохоо боль гэж хэлэхэд намайг дуугүй бай шээс минь гэж хэлсэн. Тэгээд би гурван дүүгээ аваад жижиг өрөө рүү ороод гар утсаараа цагдаа дуудсан. гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Ц.Э ийн хэрэг бүртгэлтэд 2021  оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...Манай бэр дүү С  2021  оны 10 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед Н согтуу гэрт орж ирээд намайг зодчихлоо. Тэгэхээр нь цагдаа дуудаад өгөөд явуулчихлаа. гэж надад хэлсэн. Н эхнэртэйгээ маргалдлаа гэж сонсогдож байсан. Өмнө нь нэг удаа эхнэрээ зодсон гээд цагдаад шалгагдаж байсан. гэх мэдүүлэг[3],

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 652 дугаартай ...Б.С-ийн биед нүүр, зүүн бугалга, баруун ташаа, баруун бүсэлхий орчим, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.С-ийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.С-ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт[4],

 

Ц.Н-ийн яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Бүрэнтолгой руу хоёр найзтайгаа хамт малын тэжээл буулгах ажлаар яваад замдаа хоёр ширхэг Экс нэртэй 0,75 литрийн архи хувааж уугаад гэртээ 21 цагийн үед ирсэн чинь манай эхнэр гэртээ байхгүй байхаар нь охиноосоо Ээж чинь хаачсан юм бэ гэж асуусан чинь Ажилтай байгаа гэхээр нь Ээжийнхээ утас руу залга гээд утас руу нь залгуулж байсан чинь манай эхнэр гаднаас жаахан архи үнэртүүлчихсэн ороод ирэхээр нь хоол ундаа хийхгүй хаагуур яваад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр өөрсдөө хоол ундаа хийгээд идэхгүй яасан юм бэ гэж хэлэхээр нь уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд би эхнэрийнхээ нүүр лүү хоёр удаа алгадчихсан чинь зөрүүлээд миний нүүр рүү цохичхоод гэрээс гараад зугтаачхаар нь хойноос нь гараад чирч гэр лүү оруулж байгаад зүүн хөл рүү нь хоёр ураад цээж хэсэг рүү нь нэг удаа цохичхоод байж байтал удалгүй цагдаа нар ирсэн. гэх мэдүүлэг[5] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Н нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Н-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд учирсан нүүр, зүүн бугалга, баруун ташаа, баруун бүсэлхий орчим, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Н-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Н-д прокурорын сонсгосон ялын хүрээнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй тус тус болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш  овогт Ц-ийн  Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 14, 18 тал

[2] Хавтаст хэргийн 26-27 тал

[3] Хавтаст хэргийн 30 тал

[4] Хавтаст хэргийн 35-36 тал

[5] Хавтаст хэргийн 47-48 тал