Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2016/0065/э |
Дугаар | 64 |
Огноо | 2016-09-06 |
Зүйл хэсэг | 182.1., |
Улсын яллагч | Ж.Батхуяг, |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баясгалан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуяг,
хохирогч А.Сумъяабазар,
шүүгдэгч О.Гансүх, Б.Энхзолбоо, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Багаадаацаг овогт Оюунхүүгийн Гансүх,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бага мээрэн долоон овогт Баярмагнайн Энхзолбоо нарт холбогдох 201626030579 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн эдийн засгийн сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 4-115 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Багаадаацаг овогт Оюунхүүгийн Гансүх /РД:ЗА97021912/
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 4-35 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бага мээрэн долоон овогт Баярмагнайн Энхзолбоо /РД:УЗ98051753/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/
1. Шүүгдэгч О.Гансүх нь Б.Энхзолбоотой бүлэглэн, үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн А.Сумъяабазарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан,
2. Шүүгдэгч Б.Энхзолбоо нь О.Гансүхтэй бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн А.Сумъяабазарыг зодож танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Жамъянсүрэн, Сумъяабазар хоёр манай 10 жилийн сургуулийн доод ангийн сурагч нар юм. Харин Бондоолой нь манай нөгөө ангийн Ариунтулгын дүү, Мөнхбат манай найз юм. Намайг явж байхад Сумъяабазар, Жамъянсүрэн нар нь Бондоолойг дундаа зогсоосон байдалтай байсан бөгөөд тэр байдлыг хальт хараад хүүхэд дээрэлхэж байна гэж буруугаар бодсон. Хэрвээ үнэхээр дээрэлхэж байсан бол тэр хоёрыг зодох байсан. Гэхдээ бид хоёр зодох талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй. Сумъяабазартай маргалдчихаад худаг дээр очоод эвлэрсэн. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч биеэ авч явах чадвартай байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна гэв.
Шүүгдэгч Б.Энхзолбоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Жамъянсүрэн, Сумъяабазар нар нь манай 10 жилийн сургуулийн доод ангид сурдаг, харин Бондоолой нь манай гэрийн тэнд байдаг хүүхдийн дүү нь юм. Би хохирогчийг өшиглөсөн нь үнэн. Учир нь гэвэл Бондоолойг дээрэлхэж байна гэж бодсон. 68 дугаар байрны тэндээсээ худаг руу явсан бөгөөд тэнд очоод маргалдсан. Тэгээд Сумъяабазарыг “яв” гээд хэлсэн чинь явахгүй байхаар нь дахиад өшиглөсөн. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч биеэ авч явах чадвартай байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч А.Сумъяабазар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би хичээлээсээ тарж, Жамъянсүрэн найзтайгаа уулзчихаад харих гээд явах замд Бондоолойтой таараад 68 дугаар байрны хажууд бид гурав юм яриад зогсож байсан чинь Энхзолбоо, Гансүх, Мөнхбат нар гарч ирээд Гансүх “дүү яагаад дээрэлхээд байна” гэхээр нь “би дээрэлхээгүй байна, хөгшөөн” гэсэн. Тэгсэн Гансүх “намайг хөгшөөн гэдэг болсон юм уу” гээд байрны булан руу намайг шахаад баруун гараараа нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгэхэд Мөнхбат, Энхзолбоо, Жамъянсүрэн гурав бид хоёрыг салгах гэж оролдсон. Удалгүй миний хамарнаас цус гарсан. Тэгээд худаг явах замд би Гансүхтэй ярилцаад эвлэрсэн юм. Эвлэрчихээд байж байхад Гансүх нь бид хоёрыг “яв” гэсэн. Тэгээд яг явах гээд босоод шатаар уруудаж байхад Энхзолбоо “байж бай” гэж бид хоёрыг дуудаад “үе үеэрээ байгаарай” гэж хэлээд намайг өшиглөсөн гэв.
Мөн хавтаст хэргээс:
Шүүгдэгч О.Гансүх мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Намайг тэр гурвыг харахад Бондоолойг голдоо оруулчихсан дээрэлхээд байгаа юм шиг харагдахаар нь би түрүүлж очоод та хоёр танил дүү яагаад дээрэлхээд байгаа юм бэ? гэсэн чинь өөдөөс А.Сумъяабазар нь дээрэлхээгүй байнаа хөгшөөн гэсэн. Чи намайг хөгшөөн гэж дууддаг болчихсон юм уу? гээд заамдаад баруун гараа атгаж байгаад Сумъяабазарын нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэгтэл Жамъянсүрэн хүрч ирээд Сумъяабазар бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь миний уур хүрээд Сумъяабазар дээр дахиж очоод нүүрэн тус газар нь баруун гараараа 1 удаа цохисон....” гэжээ /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Энхзолбоо мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Сумъяабазарыг цохиогүй. Гар хүрээгүй...хохирогч Сумъяабазарын биед үүссэн гэмтлийг би үүсгээгүй, харин би Сумъяабазарын хамар руу өвдөгөөрөө өвдөглөсөн” гэжээ. /хх-ийн 46-47 дугаар хуудас/
Хохирогч А.Сумъяабазар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 68 дугаар байрны орцны хажууд найз Жамъянсүрэн болон таньдаг дүү Бондоолой нарын хамт юм яриад зогсож байхад байрны хажуугаас Гансүх, Энхзолбоо нар халамцуу ирсэн. Гансүх түрүүлж ирээд намайг яагаад дүү дээрэлхээд байгаа юм бэ? гээд заамдаад байрны булан руу намайг шахсан. Тэгэхээр нь би өөдөөс нь чи яагаад байгаа юм бэ? хөгшөөн гэсэн чинь Гансүх нь шууд миний нүүрэн тус газар, зүүн шанаа орчим баруун гараараа 3 удаа цохисон. Тэгтэл хажуугаас Энхзолбоо миний нүүрний баруун шанаа орчим гараараа нэг удаа цохисон. Гансүх гэгч нь цамцны захнаас доош дараад тонгойх үед миний нүүрэн тус газар өвдөгөөрөө нэг удаа өвдөглөсөн. Жамъянсүрэн бид хоёрыг явсан чинь Энхзолбоо нь намайг дуудаад чамайг зодоод гэмтлийн чинь мөнгийг гаргаж өгчих айлын хүүхэд за юу? гээд миний зүүн гуянд 1 удаа, нурууны хэсэгт 1 удаа өгшиглөсөн...” гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч М.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Намайг очиход Гансүх, Энхзолбоо хоёр 68 дугаар байрны орцны хажуухан талд зогсож байсан. Цаана нь нэг жижигхэн хүүхэд бас өөр хоёр залуу байсан. Намайг харахад тэнд байсан арай өндөр шар царайтай залуу нь Гансүхтэй маргалдаад байсан. Тэр үед миний утас дуугараад би утсаар ярингаа тэндээс холдоод байрны цаад буланд очиж бие засчихаад ирсэн чинь Гансүх нөгөө өндөр шар залуутай маргалдсан хэвээрээ тэгээд бид нар тэндээс яваад байрны ар талын цагаан худаг дээр очсон. Тэр худаг дээр нилээн юм яриад хэрүүл маргаанаа зогсоосон. Тэгснээ Энхзолбоо нөгөө өндөр шар залуугийн зүүн гуяны орчим хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Ц.Жамъянсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Гансүх, Энхзолбоо, Мөнхбат нар нь хүрч ирээд Гансүх нь Сумъяабазарыг чи муу бацаан яагаад дүү дээрэлхээд байгаа юм бэ? гээд Сумъяабазарын нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохисон. Хажуугаас нь Энхзолбоо орж ирээд Сумъяабазарын нүүрэн тус шанаа орчим газар нь 2 удаа цохисон. Гансүх согтуу агсараад Сумъяабазарыг барьж байгаад мөрнөөс нь доош дарж байгаад хөлөөрөө өвдөглөсөн чинь Сумъяабазарын хамрыг цохиод хамраас нь их цус гарсан. Энхзолбоо Сумъяабазарыг үе үеэрээ байгаарай чамайг алсан ч би гараад ирж чадах айлын хүүхэд гэж хэлээд нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадсан...” гэжээ. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн ¹4847 дугаартай дүгнэлтэнд:
- А.Сумъяабазарын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч О.Гансүх нь 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 68-р байрны хажууд хохирогч А.Сумъяабазартай “танил дүү Бондоолойг дээрэлхлээ” гэж маргаан үүсгэж улмаар “би дээрлэхээгүй хөгшөөн” гэснээр шалтаглан нүүрэн тус газар нь гараараа цохих, өвдөглөх зэргээр зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж, Б.Энхзолбоотой бүлэглэж танхайрсан,
Шүүгдэгч Б.Энхзолбоо нь хохирогч А.Сумъяабазарын баруун шанаа орчим цохиж, худаг дээр очсоны дараа “үе үеэрээ байгаарай” гэж өшиглөх зэргээр О.Гансүхтэй бүлэглэн танхайрсан болох нь:
Хохирогч А.Сумъяабазарын “...Гансүх түрүүлж ирээд намайг “яагаад дүү дээрэлхээд байгаа юм бэ?” гээд заамдаад байрны булан руу намайг шахсан. Тэгэхээр нь би өөдөөс нь “чи яагаад байгаа юм бэ? Хөгшөөн” гэсэн чинь Гансүх нь шууд миний нүүрэн тус газар, зүүн шанаа орчим баруун гараараа 3 удаа цохисон. Тэгтэл хажуугаас Энхзолбоо миний нүүрний баруун шанаа орчим гараар нэг удаа цохисон. Гансүх нь цамцны захнаас доош дараад тонгойх үед миний нүүрэн тус газар өвдөгөөрөө нэг удаа өвдөглөсөн. Жамъянсүрэн бид хоёрыг явсан чинь Энхзолбоо нь намайг дуудаад чамайг зодоод гэмтлийн чинь мөнгийг гаргаж өгчих айлын хүүхэд за юу? гээд миний зүүн гуянд 1 удаа, нурууны хэсэгт 1 удаа өгшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч М.Мөнхбатын “...Намайг очиход Гансүх, Энхзолбоо хоёр 68 дугаар байрны орцны хажуухан талд зогсож байгааг харахад тэнд байсан арай өндөр шар царайтай залуу нь Гансүхтэй маргалдаад байсан. Би утсаар ярингаа тэндээс холдоод байрны цаад буланд очиж бие засчихаад ирсэн чинь Гансүх нөгөө өндөр шар залуутай маргалдсан хэвээрээ тэгээд бид нар тэндээс яваад байрны ар талын цагаан худаг дээр очоод Энхзолбоо нөгөө өндөр шар залуугийн зүүн гуяны орчим хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Ц.Жамъянсүрэнгийн “...Гансүх, Энхзолбоо, Мөнхбат нар нь хүрч ирээд Гансүх нь Сумъяабазарыг “чи муу бацаан яагаад дүү дээрэлхээд байгаа юм бэ? гээд Сумъяабазарын нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохисон. Хажуугаас нь Энхзолбоо орж ирээд Сумъяабазарын нүүрэн тус шанаа орчим газар нь 2 удаа цохисон. Гансүх согтуу агсараад Сумъяабазарыг барьж байгаад мөрнөөс нь доош дарж байгаад хөлөөрөө өвдөглөн Сумъяабазарын хамрыг цохиход түүний хамарнаас нь их цус гарсан. Энхзолбоо Сумъяабазарыг “үе үеэрээ байгаарай чамайг алсан ч би гараад ирж чадах айлын хүүхэд” гэж хэлээд нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадсан...” гэжээ. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн ¹4847 дугаартай дүгнэлтэнд:
- А.Сумъяабазарын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шинжээч М.Золжаргалын “...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой юм. Хохирогч Сумъяабазарын биед үүссэн гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн өвдөглөх, гараараа цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэжээ. /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч “...шүүгдэгч О.Гансүх нь хохирогч А.Сумъяабазартай “найзын дүү Бондоолойг өмөөрч” маргасан ба маргаан дууссаны дараа худаг дээр очоод Б.Энхзолбоо А.Сумъяабазарыг өшиглөсөн тул О.Гансүх, Б.Энхзолбоо нарыг бүлэглэсэн гэж үзэхгүй. Танхайн сэдэлт байхгүй хувийн сэдэлттэй” гэж мэтгэлцэж байна.
Танхайрах гэмт хэргийн субьектив талын шинж нь үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэх, агсам тавих, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн байдлаар илэрдэг ба хоёр буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэж үйлдсэн гэж үздэг.
Шүүгдэгч О.Гансүх нь хохирогч А.Сумъяабазарын “хөгшөөн” гэснээр шалтаглан маргаан үүсгэн агсам тавьж, улмаар хүч хэрэглэн зодох үед шүүгдэгч Б.Энхзолбоо нь хохирогчийн шанаанд цохих зэргээр санаагаа нэгтгэж байгааг танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Гансүхийг догшин авирлаж, Б.Энхзолбоотой бүлэглэн, шүүгдэгч Б.Энхзолбоог О.Гансүхтэй бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч О.Гансүх, Б.Энхзолбоо нар нь хохирогч А.Сумъяабазарт гэм хорын хохиролд 290.000 төгрөг төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Гансүх, Б.Энхзолбоо нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Энхзолбоо нь арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгч нарт ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Энхзолбоо нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Гансүх нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 06 хоног цагдан хоригдсон болно.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 299, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Багаадаацаг овогт Оюунхүүгийн Гансүхийг бүлэглэн, догшин авирлаж танхайрах,
Бага мээрэн долоон овогт Баярмагнайн Энхзолбоог бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар О.Гансүхэд 3 жил 06 сар /гурван жил зургаан сар/ хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар Б.Энхзолбоод 3 жил 01 сар /гурван жил нэг сар/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар О.Гансүхэд оногдуулсан 3 жил 06 сар /гурван жил зургаан сар/ хорих ялыг, Б.Энхзолбоод оногдуулсан 3 жил 01 сар /гурван жил нэг сар/ хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч О.Гансүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, тогтоол хүчин төгөлдөр болтол бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Б.Энхзолбоо цагдан хоригдсон хоноггүй, О.Гансүх нь 06 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар О.Гансүхэд оногдуулсан 3 жил 06 сар /гурван жил зургаан сар/ хорих ялыг, Б.Энхзолбоод оногдуулсан 3 жил 01 сар /гурван жил нэг сар/ хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
7. Шүүгдэгч О.Гансүх, Б.Энхзолбоо нар нь хохирогч А.Сумъяабазарт 290.000 төгрөг төлсөн ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гансүх Б.Энхзолбоо нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР