Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

 

   2022         03        09                                    2022/ШЦТ/241

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,

Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,

Хохирогч: Д.Г,

Хохирогчийн өмгөөлөгч: С.Намжилмаа,

Шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Ш.Сарангэрэл,

Шүүгдэгч: С.Д, түүний өмгөөлөгч А.Бүдханд нар оролцсон эрүүгийн ............ дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

М.М, 1980 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ................ тоотод оршин суух, ам бүл 3 эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 

 

С.Д, 1979 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ............. ХХК-д нягтлан бодогч ажилтай, иргэний үнэмлэхийн лавлагаагаар .....................тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................... тоотод оршин суух, ам бүл 6 нөхөр хүүхдүүдийн нарын хамт амьдардаг, урьд:

2016 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.М С.Д нар бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “түр хугацаагаар барьцаанд тавиад буцаагаад өгнө” гэж худал хэлэн хуурч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нотариатын газарт Д.Гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны 174 тоот 58.6 мкв бүхий 2 өрөө байрыг барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэл хийлгэн авч улмаар 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ш.Тэд барьцаалан Д.Гийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 112.383.080 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2015 оны 6 дугаар сарын үеэр С.Д надтай уулзъя гэж дуудсан. Би тухайн үед нь 3, 4 дүгээр хороололд явж байсан. Намайг хүрээд ирэхээр нь Манай компани мөнгө хэрэгтэй болоод байна гэж ярьж байсан. Би тэгэхээр нь та нар үнэхээр найдвартай бол тусалъя гэж хэлсэн. Бавуудорж, Даваасүрэн хоёр хамт ирээд чи надад туслаач, Тэрний дараа Даваасүрэн над руу яриад 13 давхарт С.Дтэй уулзсан. Тэгээд хэсэг хугацааны дараа байж байсан чинь нөгөө юм чинь бүтэхээр болчихлоо гэж байна. Би барьцаанд тавиад ч удаагүй байсан. Тэгээд С.Д эгч нь аваад ирлээ гэж байсан. 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэг цэгийн үйлчилгээний төв дээр очиж архиваас нь хайлгаж байгаад гаргуулж авсан. Ажлынхаа хажуугаар ээжийгээ үзүүлнэ гээд түлхүүрээ өгөөд явуулсан. Би М.Мыг нэг ч удаа хараагүй. Би тэр Т гэх хүнийг танихгүй. 5 дугаар сараас эхлээд утсаа авахаа больчихсон. 7 дугаар сарын 28-ны өдөр гэртээ яваад очсон чинь байрыг маань битүүмжилсэн байсан. Тэр орой С.Дгийнд яваад очсон чинь С.Д амралтад явчихсан байсан. Би тэр үед маш их цочролд орсон. Би шөнөжингөө утасдахад утсаа авахгүй байсан. Би энэ хоёрыг зохион байгуулалттайгаар намайг залилсан гэж бодож байна. Чи аль хэдий нь нөхрөөсөө салчихсан юм байна лээ гэж хэлж байсан. С.Д намайг айлган сүрдүүлдэг байсан. Би С.Д дээр л очдог. Маш их гомдолтой байна. Дээрээс нь би энэ 6-7 жилийн хугацаанд маш хүнд байсан. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийж чадаагүй. Гомдолтой байна. Байраа буцааж авмаар байна...”гэв.

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2015 оны 8 дугаар сард би дүү Д.Гээсээ байрыг нь гуйж авч компанидаа хөрөнгө оруулах зорилгоор авсан. Уг нь би тухайн үед компанийнхаа дансыг барьж байсан болохоор мөнгийг нь гаргаад өгөх боломжтой юм байна гэж бодсон. Д.Г надад манай байр капитал банкны барьцаанд байгаа та хэрэгтэй гэж бодвол суллуулж аваад зээл авч болно гэж хэлсэн. Тухайн үед би хэд хэдэн найзаасаа мөнгө асуусан боловч нааштай хариу өгсөн нэг хүн нь Д.Г байсан. Анх 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр түрээсээ төлөх гэсэн чинь мөнгөгүй. Би байрыг нь гэрээ байгуулж авсан. Одоо мөнгийг нь төлж чадахгүй байдалд хүрээд явж байна...” гэв.

 

Эрүүгийн ................. дугаартай хэргээс:

 

Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 3 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Гийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Гийн мэдүүлэг /1хх-ийн 54-55, 191-192 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Оюунчимэгийн мэдүүлэг /1хх-ийн 194  дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Батбаатарийн мэдүүлэг, орлогын баримт /1хх-ийн 224-225, 226 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Ариунболдын мэдүүлэг /1хх-ийн 229-230 дугаар хуудас/,

 

Гэрч, иргэний нэхэмжлэгч Ш.Тийн  мэдүүлэг /1хх-ийн 231-232 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Болор-Эрдэнийн мэдүүлэг /2хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-ийн 16-17, 193-194 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч С.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-ийн 201-203 дугаар хуудас/,

 

Барьцааны гэрээ /1хх-ийн 8-9, 148 дугаар хуудас/,

 

Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол /1хх-ийн 12-13 дугаар хуудас/,


            М.М, С.Д болон Ш.Т нарын хооронд байгуулсан 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт /1хх-ийн 18, 149 дүгээр хуудас/,

 

С.Д, Б.Батбаатар нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд, орлогын маягт /1хх-ийн 19-21, 150-152 дугаар хуудас/,

 

 

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 44-55 дугаар хуудас/,

 

Д.Гийн Б.М нарын хооронд хийсэн итгэмжлэлийн баталгаажуулсан хуулбар /2хх-ийн 42 дугаар хуудас/,

 

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 211-213 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 107, 113 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 109 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн хорооны тодорхойлолт /1хх-ийн 108 дугаар хуудас/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /1хх-ийн 110-112 дугаар хуудас/,  дансны хуулга /1хх-ийн 130, 133 дугаар хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 28-32 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-ийн 39 дүгээр хуудас/, Эм эс Эй анд трейд ХХК-ийн санхүү байдлын тайлан /2хх-ийн 90-97 дугаар хуудас/, шүүгдэгч С.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 91, 114 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 92 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 93 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 94-97 дугаар хуудас/, гэрлэлтийн баталгааны хуулбар /1хх-ийн 98 дугаар хуудас/, сургалтын гэрчилгээ /1хх-ийн 100 дугаар хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1хх-ийн 102 дугаар хуудас/, бакалаврын дипломын хуулбар /1хх-ийн 101,103 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 99, 104-105 дугаар хуудас/, дансны хуулга /1хх-ийн 131 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр хохирогчийн өмгөөлөгч С.Намжилмаагаас гаргаж өгсөн Улсын Дээд шүүхийн тогтоол бүхий 6 хуудас баримт, шүүгдэгч С.Дгийн өмгөөлөгч А.Бүдхандаас гаргаж өгсөн төлбөртэй холбоотой 18 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.М С.Д нар бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “манай компани нь гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн ба гааль дээр бараа гацчихаад байна. Мөнгө хэрэгтэй байна, чи байрныхаа ордерыг түр хэрэглүүлээч түр хугацаагаар барьцаанд тавиад буцаагаад өгнө” гэж М.М нь С.Дгээр дамжуулж санаа зорилгоо илэрхийлж худал хэлж, итгэл үнэмшил төрүүлэн хуурч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нотариатын газарт Д.Гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны 174 тоот 58.6 мкв бүхий 2 өрөө байрыг барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэлийг М.Мд хийлгэн авч улмаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ш.Тэд барьцаалан Д.Гт 112.383.080 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

Хохирогч Д.Гийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл,

 

Хохирогч Д.Гийн “....Даваасүрэн нь уулзаад “манай компани нь гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн ба гааль дээр бараа гацчихаад байна мөнгө хэрэгтэй байна чи байрныхаа ордерыг түр хэрэглүүлээч гааль дээр ирсэн бараа Монгол руу орох юм бол ашиг олно би дүүгээ байранд оруулчихмаар байна мөн чамд мөнгө төгрөг илүү гарвал 4-5 сая төгрөг өгмөөр байна” гэж  Даваасүрэн хэлсэн...”бид нар танай байрыг 5 сая төгрөгийн барьцаанаас нь чөлөөлүүлээд итгэмжлэл хийгээд авчихъя” гэж хэлсэн...Тэгээд л гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Спортын төв ордон дотор байрлах нотариатын газар Мөнхсоёлд өөрийнхөө эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 414-174 тоот орон сууцыг итгэмжлэл хийж өгсөн...2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэгч манай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 414-174 тоот орон сууцыг битүүмжилсэн. Би юу болоод байгааг асуухад Мөнхсоёл, Даваасүрэн нар нь Ш.Т гэх хүнээс 50 сая төгрөг зээлж авчихаад буцааж өгөхгүй удсан байна мөн Ш.Т нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад шүүхийн шийдвэр гарсан. Энэ байрыг битүүмжилнэ гэж хэлснээр мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Оюунчимэгийн “....С.Д нь манай дүү Д.Гийн эзэмшлийн Баянмонгол хороололд байх 2 өрөө орон сууцыг “гааль дээр бараа ирчихсэн байна удахгүй бараагаа оруулж ирээд мөнгөтэй болно тэр болтол 10-д хоног байрны ордерыг чинь ашиглаад эргүүлээд өгчихье” гэж хэлээд байрны ордерыг аваад яваад ...одоог хүртэл байрны ордерыг буцааж өгсөн зүйл байхгүй  байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Тийн “....Би Мөнхсоёл гэдэг хүн нь хамгийн анх 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр надтай ирж уулзаад бараа оруулж ирэх гэсэн юм, яаралтай мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлүүлээч, барьцаанд нь орон сууц барьцаалъя гэж ирж уулзсан бөгөөд тухайн үед би Мөнхсоёлын надад зээлийн барьцаанд тавих байрыг нь очиж үзэхэд Баянмонгол хороололд байх 414-174 тоот 2 өрөө орон сууц байсан. Тухайн үед Мөнхсоёл нь Д.Г гэх хүнээс тухайн байрыг итгэмжлэх хийлгүүлэн авсан байсан тэгээд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөө зээл болон барьцааны гэрээ байгуулж 50 сая төгрөгийг Мөнхсоёлд өгсөн байдаг юм....Мөнхсоёлтой хамт Даваасүрэн гэх тэдний нягтлан нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй гэрээ байгуулсан...түүний дараа 1 сараар зээлийн гэрээг сунгаж байсан...Миний хувьд анх Мөнхсоёлд 50.000.000 төгрөг зээлдүүлсэн байгаа бөгөөд Мөнхсоёл нь одоог хүртэл надад мөнгийг эргүүлэн өгсөн зүйл байхгүй энэ хугацаанд миний хувьд өөрөө хөрөнгө санхүүгээр ихээхэн хохирч байна. Анх зээлүүлсэн мөнгөн дээр хүү, алдангийг нэмж тооцоод 75.000.000 төгрөг болсон байгаа, үүнийгээ иргэний хэргийн журмаар нэхэмжилж иргэний хэрэг Улсын дээд шүүх дээр хянагдаж байгаа болохоор тэр журмаараа шийдвэрлүүлсэн дээр гэж миний хувьд бодож байна. Үндсэн зээл 50.000.000 төгрөг, алданги 25.000.000 төгрөг болж байгаа ингээд нийт 75.000.000 төгрөг болж байгаа..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Болор-Эрдэнийн “...М.М Даваасүрэнгээр надад хэлүүлж манай захирал болох Ш.Т гэдэг хүнээс 50.000.000 төгрөг зээлж байсан. Тэгээд М.М нь манай захирал Ш.Тээс 2 сарын хугацаатай 50.000.000 төгрөг зээлж авч байсан юм. ...зээлийн барьцаанд С.Дгийн бэр дүү болох Ганчимэг гэх хүний байрыг барьцаалсан. ...тухайн үед Мөнхсоёлд Ганчимэг гэх хүн нь байрныхаа итгэмжлэл хийж өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Батбаатарийн “....би Мөнхсоёлоос авсан 75.000.000 төгрөгөө буцааж өгсөн. Мөнгийг Ариунболдоор 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Мөнхсоёлын Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн байдаг юм...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн “....Хамгийн анх 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр С.Дгийн дүү нь гэх Д.Г гэдэг хүний байрыг барьцаалж зээл авах зорилгоор итгэмжлэл хийлгүүлэн авсан байдаг юм...байрны ордерыг богино хугацаанд зээлэнд тавиад ашиглаад өгье л гэж хэлж байсан...тухайн үед Д.Гийн байр 5.120.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсаныг Даваасүрэнд мөнгө өгч, барьцаанд байсан газарт нь төлбөрийг нь төлүүлж авч байсан. Тэгээд Д.Гийн итгэмжлэл хийж өгсөн Баянмонгол хороололд байх орон сууцыг Ш.Т гэж хүнд 50 сая төгрөгний зээлийн барьцаанд тавьсан, би тухайн мөнгөөр Батбаатар гэх хүнээс газар худалдан авч, дээр нь модны үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр ярилцсан байсан тэгээд би Батбаатар гэдэг хүнд 75 сая төгрөг өгсөн...нийт 68 сая төгрөгийг Тэд надаас гаргуулахаар мөн төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн...Батбаатар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр надаас авсан 75 сая төгрөгөө буцааж өгсөн... би тухайн авсан 75 сая төгрөгөөс Тийн зээлэнд шүүхийн шийдвэр рүү 18 сая орчим төгрөг, Худалдаа хөгжлийн банкинд зээлийн төлбөр 9 гаран сая төгрөг, 25 сая төгрөгийг хувь хүнээс авсан зээлийнхээ төлбөрт өгсөн. Ариунболд 5 сая төгрөгийг надаас зээлж авсан, машины засварт 2 сая төгрөг төлсөн, өөрийнхөө компанийн ажилчдын цалинд 6 сая төгрөг зарцуулсан, намайг өмгөөлж байсан өмгөөлөгчийн хөлсөнд 10 сая төгрөг төлсөн, ингээд л зарцуулаад дууссан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.Дгийн яллагдагчаар өгсөн “....Ингээд Мөнхсоёлд Ганчимэгийн байрны ордерийг авах талаар хэлэхэд Мөнхсоёл нь зөвшөөрөөд Ганчимэгийн орон сууцны банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан төлбөр буюу 5.120.000 төгрөгийг төлж барьцаанаас гаргаж аваад Ганчимэгийн байрыг итгэмжлэл хийлгүүлэн авахаар болсон...Ингээд Ганчимэгийн орон сууцыг М.М нь захиран зарцуулах эрхтэй болж, М.М нь манай танил найзын компанийн захирал Ш.Тэд барьцаалан 50.000.000 төгрөгийг авсан. Ш.Тээс  авсан 50 сая төгрөгнөөс надад авсан мөнгө бол огт байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Д.Г Б.М нарын хооронд “....Д.Г нь 2 өрөө байрыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд болон барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг М.Мд итгэмжлэн олгож байна гэх итгэмжлэлийн баталгаажуулсан хуулбар....” гэсэн баримт,

 

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баянгол хороолол Их Монгол улсын гудамж 414-р байрны 174 тоотод байрлах 58.6мкв талбайиай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 2015 оны зах зээлийн үнэлгээгээр 112.383.080 төгрөгөөр үнэлэгдлээ...” гэсэн тайлан,

 

Зээлийн гэрээ / Ш.Тээс М.М, С.Д нарт 50.000.000 төгрөг зээлсэн тухай/

 

Барьцааны гэрээ / Ш.Тээс М.М, С.Д нарт 50.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний барьцаанд 80.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөд иргэн Д.Гийн өмчлөлийн байрыг барьцаалсан тухай/

 

Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол / Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №129/16 дугаартай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны 174 тоот байрыг битүүмжилсэн тухай/ зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар М.М, С.Д нар нь хохирогчид “манай компани нь гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн ба гааль дээр бараа гацчихаад байна. Богино хугацаанд танай байрыг зээлийн барьцаанд тавьж хурдан буцаагаад чөлөөлж өгнө” гэж итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж улмаар хохирогч Д.Гийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баянгол хороолол Их Монгол улсын гудамж 414-р байрны 174 тоотод байрлах 58.6мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түүнээс зээлийн барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэлийг М.Мд олгож тэрээр 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ш.Ттэй 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж барьцаа хөрөнгөд Д.Гийн тухайн байрыг барьцаалан зээлийн төлбөрийг төлөөгүйн улмаас Д.Гийн эд хөрөнгөө өмчлөх эрх зөрчигдсөн нөхцөл байдал үүсчээ.

 

Хохирогч Д.Г нь өөрийн ураг садангийн холбоотой С.Дгийн бараа бүтээгдэхүүн гаалийн газраас авах, хурдан хугацаанд өөрийнх нь байрыг зээлийн барьцаанд тавьж чөлөөлөх боломжтой гэсэн үг яриа, М.Мын  үйлдэлд итгэж сайн дураараа итгэмжлэл хийж өгсөн ба М.М, С.Д нарын зүгээс ямар ч хөрөнгийн баталгаагүй, хохирогчид эрсдэл үүсвэл хэрхэн зохицуулах үр дагаврыг тооцоогүй атлаа бусдыг эд хөрөнгөөр хохироосон байна.

 

Түүнчлэн шүүгдэгч М.Моос итгэмжлэлийн үндсэн дээр хохирогчийн байрыг бусдад барьцаанд тавьсан үйлдэлд “богино хугацаанд байрыг чөлөөлнө” гэсэн атлаа Ш.Тээс зээлж авсан 50 сая төгрөгийг гэрч Б.Батбаатартай 130 сая төгрөгт харилцан тохиролцсон газар худалдан авахад өгч улмаар тухайн худалдаа наймааг Б.Батбаатараас мөнгөө бүрэн өгөөгүйн улмаас зогсоож 50 сая төгрөгийг буцаан М.Мд өгсөн болох нь гэрч Б.Батбаатарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон.

 

Үүнээс үзэхэд М.Моос анхнаасаа Б.Батбаатарын газрыг авахад түүнд өгөх 130 сая төгрөгийг олж өгөх боломж нөхцөл байхгүй, хэдийд ч тухайн өгсөн мөнгөө буцааж авах боломжтой байсан, түүгээр барахгүй зээлж авсан 50 сая төгрөгийг Б.Батбаатар буцаан өгсөн байхад С.Мөнхсоёлоос зээлээ хааж Д.Гийг хохиролгүй болгох хүсэл сонирхолгүй байсан гэж үзэхээр байна.     

 

Тодруулбал шүүгдэгч М.М, С.Д нар нь хохирогчийн байрыг “түр хугацаагаар зээлийн барьцаанд тавиад буцаагаад өгнө” гэж дээрх байдлаар худал хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг хуурч төөрөгдүүлэн, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч буй нь бусдыг санаатайгаар, хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь залилан авсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нөхцөл бүрдсэн байдлыг илэрхийлэх ба шүүгдэгчээс бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго агуулсан байхыг ойлгодог.

 

Энэ хэргийн хувьд шүүгдэгч С.Д ураг садангийн харилцаа холбоотой байдлаа ашиглан худал хэлж, итгэл төрүүлэн улмаар хохирогчоос сайн дурын үндсэн дээр М.Мд итгэмжлэл хийж өгснөөр тэрээр хохирогчийн өмчийг өөртөө шилжүүлэн авсан нөхцөл бүрдэж, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх санаа зорилгыг агуулсан буюу Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч  нарын гэмт үйлдэл нь 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр тус тус үйлдэгдсэн нь тогтоогдож 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох боловч шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарыг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцож хууль буцаан хэрэглэх нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзлээ. 

 

Ийнхүү прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хэрэгт нотлогдсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүх шүүгдэгч М.М, С.Д нарыг бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар “..шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хуульзүйн үндэслэлтэй ба хохирогчийн өмгөөлөгч “...улсын яллагчтай санал нэг байна...” гэж, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч нараас “...хохирогчоос М.Мд хууль ёсны итгэмжлэл хийж өгсөн тул залилсан үйлдэл тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, шүүгдэгч С.Дгийн өмгөөлөгчөөс “...С.Дгийн үйлдэл оролцоо байхгүй тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Хэрэгт цугларсан баримтаар хохирогчоос зөвхөн шүүгдэгч С.Дгийн үг үйлдэлд итгэж шүүгдэгч М.Мд сайн дураараа итгэмжлэл хийсэн ба шүүгдэгч нараас хохирогчийг эрсдэлд оруулахгүйгээр “бараа бүтээгдэхүүн гаалийн газраас авах шаардлагатай, богино хугацаанд /14 хоногийн хугацаанд/ итгэмжлэлийн үндсэн дээр байрыг зээлийн барьцаанд тавьж чөлөөлж өгнө” гэсэн нөхцлөөр итгэмжлэл олгох болсон боловч тэдгээрээс бараа бүтээгдэхүүн гаалиар оруулсан зүйлгүйгээс гадна тухайн богино хугацааг үл хайхран, зээлсэн мөнгийг буцаан Б.Батбаатараас авсан атлаа буцааж мөнгө зээлдэгч Ш.Тэд бүрэн төлөөгүй, хохирогчийн өмчлөх эрх зөрчигдөх байдал байгааг мэдсээр шүүгдэгч М.Моос санаатайгаар түүнийг хохироох санаа зорилго агуулсан болох нь нотлогдсон гэж үзсэн.

 

Түүнчлэн шүүгдэгч С.Дгээс М.Мын бүтэх эсэх нь тодорхойгүй мөнгө олох гэсэн шаардлагыг дэмжиж хохирогчид итгэл үнэмшил төрүүлж дэмжлэг үзүүлж буй үйлдлийг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн гэж үзэхээр байна.

 

            Иймээс шүүгдэгч нарын өмгөөлөгчидөөс гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

           

            Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Гийн эд хөрөнгөө өмчлөх эрх нь зөрчигдөж 112.383.080 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгч нараас тухайн мөнгөн дүнг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.    

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Т нь шүүгдэгч М.М, С.Д нарт 2015 оны 8 сарын 24-ний өдөр 50 сая төгрөгийг зээлж, зээлийн гэрээний үндсэн дээр барьцааны гэрээ байгуулан Д.Гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны 174 тоот 58.6 мкв бүхий 2 өрөө байрыг барьцаалсан байх ба Ш.Т нь шүүгдэгч нарын хууль бус үйлдлийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул түүний эрхийг хөндөхгүйгээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нэхэмжлэлээ иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар таван жилийн хугацаа байхаар зохицуулжээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-т “Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно:” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан..” гэж тус тус заасан байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эхэлж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дууссан тул уг цаг хугацаа нь гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамаарна.

 

Шүүгдэгч С.Дг прокуророос 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /2хх-ийн 196-198/ болох нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч М.Мын хувьд прокуророос 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /2хх-ийн 13-15/ болох нь тогтоогдсон тул түүнийг тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан тул шүүгдэгч М.Мд гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч М.Мд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл оролцоо, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Мд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж, хохирогчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчтай ижил байр суурьтай байна...” гэж, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч нараас “...хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, шүүгдэгч С.Дгийн өмгөөлөгчөөс “...С.Дг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасныг шүүх дээрх байдлаар дүгнэж шийдвэрлэсэн.

 

Харин шүүгдэгч М.Мын өмгөөлөгч нараас гаргасан саналд дараах нэмэлт тайлбарыг хийж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүгдэгч М.Мыг эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн тул хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан хуулийн өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хүчин төгөлдөр хуулийн заалтыг шүүх баримталж хэргийг шийдвэрлэсэн тул өмгөөлөгч нарын саналыг хүлээж аваагүй болно.

 

Бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч М.М нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 11 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан уг цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон      

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.М, С.Д нарыг бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцсугай.

2. Шүүхээс гэм буруутайд тооцогдсон С.Дгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч М.Мыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч М.Мын цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М, С.Д нараас тус бүрээс 56.191.540 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гт олгосугай.

 

            8. Иргэний нэхэмжлэгч Ш.Тийн 75.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            10. Шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН