Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар   2022/ШЦТ/315

 

 

 

 

 

 

 

    2022        04         04                                  2022/ШЦТ/315

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ц.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан эрүүгийн 2111 01399 0240 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Сутай овогт Ц.А /РД:......................................................../,

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1989 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 0119 цэргийн анги 1 дүгээр гудамж 47 тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг,

Урьд: - 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ял,

- 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 28 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /28х8/ 224 цагийг эдлэх ялаас хассан, 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ц.А нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “ЭБО” төвийн зочид буудалд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Мягмарсүхийн хөнгөн гэмтэл учруулан хүч хэрэглэж хохирогчийн эзэмшлийн “Редми нөүт-9” загварын гар утсыг дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Дараах хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Бид эхээс гурвуулаа, дээрээ ах, эгчтэй ба би айлын бага хүүхэд. Тухайн үед манай ах ковидын улмаас өнгөрсөн байсан учир сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан. Энэ үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хэрэглэсэн үедээ асуудалд холбогдсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

- хохирогч Д.Мягмарсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд манай найзууд болох Энхзориг /Болжмор/ Шар нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соёл” төвийн караокед сууж ууцгаасан юм. Тухайн үед Шарын найз гээд 2 эмэгтэй ирсэн. Тэгээд бид нар хамт ууцгааж байгаад 23 цагийн үед караокеноос гарцгаасан юм. Тэгээд тэндээсээ дахиж уухаар болоод буудал руу явсан ба Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ЭБО төвийн буудал руу явцгаасан юм. Тэгээд бид нар бичиг баримт байхгүй гээд би өөрийнхөө регистрийн дугаарыг хэлээд өрөөний мөнгийг би бэлнээр төлөөд 2 давхарт байх өрөөнд орсон юм. Тэгээд буудлаас пиво авах гэсэн чинь карт уншихгүй, пиво байхгүй гээд байсан ба буудлын хамгаалагч бололтой залуу надаас дамын үнээр пиво аваач гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хамгаалагч залуугаас пиво авахаар болоод хамтдаа 17-н автобусны буудалд байх АТМ-ээс бэлэн мөнгө аваад 50.000 төгрөгөөр уг залуугаас 2 ширхэг 2 литрийн пиво авсан. Тэгээд пиво аваад уг залуугаас салаад буудлынхаа өрөө рүү ороод бид нар пивоо ууцгаасан ба ууж байх хооронд нөгөө буудлын хамгаалагч залуу орж ирээд пиво уугаад гараад явсан ба тухайн залууг гарахад 01 цаг өнгөрч байсан санагдаж байна. Удалгүй Шар болон нөгөө 2 эмэгтэй явсан ба Энхзориг бид хоёр үлдсэн би тэгээд нэлээн согтоод байсан тул унтаад өгсөн юм. Тэгээд намайг унтаж байхад гаднаас нэг хүн ороод ирэхээр нь би нүдээ нээгээд өндийгөөд хартал өглөө болсон байсан ба хамгаалагч залуу орж ирээд миний нүүрний баруун хэсэг рүү цохиод намайг алнаа гээд зодоод байсан. Тэгэж байгаад намайг орны хажуу руу унагаасан ба тухайн үед миний гар утас өмдний халааснаас унасан чинь тэр залуу миний гар утсыг аваад шууд гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь боссон чинь миний баруун чихнээс цус гарчихсан байсан ба залуугийн араас өрөөнөөс гараад 1 дүгээр давхарт байх ресейпшнтэй уулзаад намайг тэр хамгаалагч залуу зодсон тухай хэлээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Амартүвшин гэх буудлын хамгаалагч залуу миний Редми нөүт-9 загварын гар утсыг авсан. Намайг зодож байгаад гар утсыг миний халааснаас унасан чинь шүүрээд аваад явсан ... Гэнэт өрөөнд тэр залуу орж ирсэн байснаа намайг сэрсэн чинь намайг хараад шууд зодож цохисон юм ... Апдагдсан эд зүйлийн хохирол болон эмчилгээний зардлыг гаргуулсан тохиолдолд гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23, 25-26 дугаар тал/,

- гэрч Г.Хэнмэдэхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн кино үйлдвэрийн автобусны буудлын хойд талд байрлах ломбардаас хямдхан утас авах зорилгоор явж байсан чинь нэг залуу ломбардны Редми нөүт-9 гэдэг утас 250.000 төгрөгөөр тавимаар байна гэж ярьж байсан.Тэгээд би ломбардны хүнд зарах утас байна уу гэж асуусан чинь нэг утас харуулахаар нь би аваагүй гараад явсан. Тэгээд би шатан дээр нь буух гээд байж байсан чинь тэр залуу араас ирээд найзаа надад ийм утас байна, чи авах уу гэж асуусан. Би тэгэхээр нь үзье, ямар утас вэ гэсэн чинь хамгийн доод үнэ 250.000 төгрөг, энэнээс доошоо өгөхгүй, надад яаралтай мөнгөний хэрэг гарсан гэж хэлсэн. Тэгээд би АТМ-ээс 250.000 төгрөг аваад тэр залууд бэлнээр өгсөн ... надад худалдаж авсан утас байхгүй. Би уг гар утсыг аваад 7 хоногийн дараа ажил хийж байгаад дэлгэцийг нь хагалаад янзлуулах гэсэн боловч сэлбэг байхгүй гэхээр нь би хаячихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

- гэрч Ц.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...11 цагийн үед санагдаж байна. 2 давхарын өрөөнд байсан залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай баруун чихнээс нь цус гарсан байдалтай бууж ирээд танай хамгаалагч намайг зодоод явчихлаа, цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд тэр хавиар утсаар ярих гээд яваад байсан. Тухайн үед би ээлжнээс буух гэж байсан ба Амартүвшинг гаднаас орж ирэхээр нь юу болоод байгаа юм, хүн зодсон юм уу гэж асуусан чинь би хүн цохисон юм. Одоо ажлаасаа гарлаа, явлаа гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгээд би ажлаасаа буугаад гэртээ хариад байж байтал над руу үл таних хүн залгаад манай найз танай хамгаалагчид зодуулаад утсаа алдсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед Амартүвшинг утас авч гэж бодоод өнгөрсөн юм ...Амартүвшин шөнө пиво уучихсан үүрээр унтаад байсан юм ... Амартүвшинд зодуулсан гэх залуугийн чихнээс цус гарсан нүүр хавдсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

             - гэрч А.Энхзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг нэг хүн татаж чангаагаад сэрээсэн юм. Тухайн үед би гайхаад сэрэхэд Мягмарсүх ах намайг сэрээсэн би өглөө болчихсон байсан. Тэгсэн Мягмарсүх ахын баруун нүд хавдаад чихнээс нь цус гарчихсан, буудлын хамгаалагч залуу намайг дээр гарч цохиж зодоод гар утас аваад зугтчихлаа гэж хэлсэн. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд бид хоёртой хамт пиво уугаад байсан тухайн үед буудалд ээлжинд гарч байсан хамгаалагч залуу манай өрөө рүү ороод гарч байсан. Буудлын хамгаалагч залуу Амартүвшин зодсон байсан. Надад Мягмарсүх ах хэлсэн. Тэгээд камерын бичлэгт манай өрөө рүү 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ороод гарсан байсан. Мягмарсүх ах надтай уулзахад Редми нөүт-9 маркийн гар утастай байсан ба гар утсаа бусдад алдсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10810 дугаартай “Д.Мягмарсүхийн биед баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,

          -  “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЧД2-21-665 дугаартай “...Редми нөүт-9 загварын гар утас 370.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

            - “ЭБО” групп ХХК-д ажилд орохыг хүсэгчийн анкет /хавтаст хэргийн 75 дугаар тал/,

            - ЭБО” төвийн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 62-68 дугаар тал/,

          - Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 69-72 дугаар тал/,

            - шүүгдэгчий иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дугаар тал/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дугаар тал/,

            - шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 92-94, 117-119 дүгээр тал/,

            - хохирогчийн хүсэлт /хавтаст хэргийн 122 дугаар тал/,

- Хохирлын баримт /хавтаст хэргийн 54 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “ЭБО” төвийн зочид буудалд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Редми нөүт-9” загварын гар утсыг дээрэмдэж хохирогчид 370.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

 Шүүгдэгч Ц.А нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ЭБО” төвийн зочид буудалд хамгаалагчаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Д.Мягмарсүхийг шууд санаатайгаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүч хэрэглэж улмаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр хохирогчийн эзэмшлийн “Редми нөүт-9” загварын гар утсыг дээрэмдэн өөртөө авч Д.Мягмарсүхэд нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсант ус тус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй ба өмгөөллийн дүгнэлтдээ “ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн ял оногдуулж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулан, урьд шүүхээс оногдуулсан эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн бага ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээж буй байдал болон урьд удаа дараа шүүхээр шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хорих ялаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ц.А нь урьд Сонгиноахайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 28 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /28х8/ 224 цагийг эдлэх ялаас хассан ба уг ялаас одоо 176 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/387 тоот албан бичгээр нотлогдож байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуулчилсан тул  шүүгдэгч Ц.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сарын хорих ялд Сонгиноахайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 176 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 22 хоногийг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэж нийт бичлэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Ц.Агийн үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мягмарсүхэд нийт 428.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нь бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн хүсэлт болон мөнгө шилжүүлсэн гүйлгээний баримт /хавтаст хэргийн 122-123 дугаар тал/-аар  нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Сутай овогт Ц.Аг бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг  1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сарын хорих ялд урьд Сонгиноахайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 176 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 22 хоногийг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 1 жил 7 сар 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 04ий өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

 8. Энэ хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ