Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2124000000080 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИН65120814 регистрийн дугаартай Т овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчрийн Хөхүүртийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.232 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужирт толгой” гэх газар руу “Портер” маркийн 44-79 ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 1,388,367 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчирийн Хөхүүртийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.232 м3 түлээний хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хужирт толгой гэх газар руу “Портер” маркийн 44-79 ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэж, байгаль экологид 1,388,367 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

Иргэний нэхэмжлэгч Б.Батболдын: “...Иргэн *******ын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 24/,

Гэрч Н.Б: “...Манайх аав *******ынтай 2021 оны 07 дугаар сард Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужир толгой” гэх газарт хамт айл зусаж байсан юм. Манай аав ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр намайг галын мод ачилцаад өгөөч гэж гуйсан юм. Тухайн үед би зөвшөөрөөд “Портер” маркийн 44-79 ЗАА улсын дугаартай автомашинаар Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчирийн Хөхүүртийн ар” гэх газарт очоод тэндээс галын түлээний модыг Портер маркийн автомашинаар 2 удаа ачиж “Хужир толгой” гэх газарт аавын гэрийн гадаа буулгаж байсан юм. Тухайн галын түлээний моднуудыг манай аав ганцаараа “Шар бэлчирийн Хөхүүртийн ар” гэх газраас бэлтгэсэн байсныг би тэр үед мэдсэн юм. Тухайн моднууд нь 1.50 метрийн уртаар тайрч бэлтгэсэн хуурай галын түлээний хар мод байсан. Миний хувьд аавыг тухайн түлээний моднуудыг бэлтгэх үедээ гоожин эрхийн бичиг авсан байсан эсэхийг мэдээгүй. Манай аав надад галын түлээний мод ачилцаад өгөөч аав нь өвлийнхөө галын түлээг бэлтгэсэн юм гэж хэлэхээр нь би аавдаа тус нэмэр больё гэж бодоод хамт тэр галын түлээний модыг ачилцаж байсан юм. Тухайн моднуудыг дараа нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны үеэр зуслан дээрээс “Өндөрийн” өвөлжөө рүү ачихад хүртэл би аавд тус нэмэр болоод хамт ачилцаж тухайн газарт буулгаж байсан. Дээрх галын түлээний модыг 2021 оны 07 дугаар сард Хужирт толгой гэх газарт зуслан дээрээ аавын гэрийнхээ гадаа буулгачихсан байхад манай сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Онар ирж шалгахад манай аавд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан гэж сүүлд нь аав надад хэлсэн юм. Тэгэхээр манай аав дээрх түлээний модыг бэлтгэх үедээ ямар нэгэн гоожин эрхийн бичиг авалгүй бэлтгэчихсэн юм болов уу гэж би хувьдаа бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 29/,

Гэрч Ж.Г: “...Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/21 дугаар урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх удирдамжийн биелэлтийг хангах мөн Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт сумын засаг даргын тамгын газрын “Хантар” маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклтой хяналт шалгалтаар ажилласан юм. Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужир толгой” гэх газарт иргэн ******* гэх айлд  очтол тухайн айлын гэрийн гадаа галын түлээний мод хураалгаатай байсан юм. Тухайн үед миний зүгээс ******* гэрийн гадаа байгаа галын түлээний модонд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Тухайн моднуудыг ******* өөрөө ойгоос бэлтгэж, тээвэрлэсэн болохыг газар дээр нь тогтоосон юм. Тэгээд иргэн ******* ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гэх асуудлыг шалгуулах гэж цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичгийг шалгахад байхгүй байсан. Тэр үед ******* ойгоос тухайн моднуудыг бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичгийг аваагүй бэлтгэсэн гэдгээ өөрөө хүлээсэн. Тухайн иргэн сумын байгаль хамгаалагч Б.Огээс мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэдгийг надтай хамт явсан байгаль хамгаалагч Б.О хэлсэн. Харин дараа нь сумын төв ороод 2021 онд иргэдэд түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон жагсаалтаас байгаль хамгаалагч Б.О шалгуулахад ******* ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан юм. ******* тухайн галын түлээний модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байсан гэдгийг надтай хамт явсан багийн засаг дарга Б.П, М.Б нар тухайн үед мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 31-32/,

Гэрч Б.О: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, Баян-Айраг багийн засаг дарга Батмягмар, Нуур багийн засаг дарга Б.П, нарын хамт сумын засаг даргын тамгын газрын “Хантар” маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклоор Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтаар явсан юм. Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужир толгой” гэх газарт ******* гэх айлд очтол тухайн айлын гэрийн гадаа галын түлээний мод хураалгаатай байсан юм. Тухайн үед улсын байцаагч Ж.Г бид хоёрын зүгээс гэрийн эзэн *******тай уулзаад тухайн галын түлээний модыг хэзээ хаанаас бэлтгэсэн болох мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асууж шалгахад ******* нь тухайн моднуудыг Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчрийн Хөхүүртийн ар” гэх газраас 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр өвөлжөөндөө өвлийнхөө галын түлээний модонд ашиглах зорилгоор бэлтгэсэн гэж хэлсэн юм. Харин ******* нь тухайн галын түлээний модыг 2021 оны 07 дугаар сард ойгоос бэлтгэх үедээ надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй хууль бусаар бэлтгэсэн байсан юм. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг, зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,

Гэрч Б.П: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б нарын хамт сумын засаг даргын тамгын газрын “Хантар” маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклоор Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хужир толгой гэх газарт ******* гэх айлын гадаа очтол тухайн айлын гэрийн гадаа галын түлээний мод хураалгаатай байсан юм. Тухайн үед улсын байцаагч  Ж.Г,  байгаль хамгаалагч Б.О нарын зүгээс гэрийн эзэн ******* уулзаад тэр модных нь эрхийн бичиг гоожинг шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан юм. Тэгсэн БОХ-ын улсын байцаагч Ж.Г нь иргэн *******ыг ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байна цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж байсан юм. Тухайн моднуудыг ******* өөрөө ойгоос бэлтгэсэн гээд байсан гэхдээ миний хувьд хэзээ хаанаас бэлтгэснийг сайн мэдээгүй. Тухайн иргэнийг хэзээ, хаанаас мод бэлтгэснийг сумын БОХ-ын улсын байцаагч, Ж.Г, байгаль хамгаалагч Б.О нар мэдэж байгаа. Иргэн *******ын ойгоос бэлтгэсэн моднууд нь шинэс төрлийн 1.50-1.60 орчим метрийн уртаар тайрсан хуурай галын түлээний хар моднууд байсан юм. Тухайн моднууд нь хэмжээний хувьд ойролцоогоор 2 пронтер орчим галын түлээний мод байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 37/,

Гэрч М.Б: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт сумын засаг даргын тамгын газрын “Хантар” маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклоор Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар явсан юм. Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Хужир толгой гэх газарт ******* гэх айлын гадаа очтол тухайн айлын гэрийн гадаа галын түлээний мод хураалгаатай байсан юм. Тухайн үед улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О нарын зүгээс манай багийн иргэн ******* уулзаад гэрийн гадаа байсан модных нь эрхийн бичиг гоожинг шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй тухайн моднуудыг ойгоос бэлтгэсэн байсан юм.Тухайн моднуудыг ******* ах өөрөө Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчээрийн Хөхүүртийн ар” гэх газраас 2021 оны 07 дугаар сард өвөлжөөндөө энэ өвөл хэрэглэх зорилгоор бэлтгэсэн гэж хэлж байсан юм. ******* ахын ойгоос бэлтгэсэн моднууд нь шинэс төрлийн 1.50-1.60 орчим метрийн уртаар тайрсан хуурай, шинэс төрлийн галын түлээний хар моднууд байсан юм. Тэр үед манай сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О нар надад танай багийн иргэн ******* нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд хэлж байсан юм. ******* ахын хувьд тэр үед мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй галын түлээний мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 39/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай “...Иргэн ******* ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний хуурай мод байна. Хамаарч байгаа үндэслэл нь MNS 5413:2011 Монгол улсын стандартаар түлшний мод нь 5-24 см голчтой 2,20 см хүртэл урттай мод түлшний модонд хамаарах, уг моднуудыг 8,232 метр куб түлшний мод байна. М.Н ойгоос бэлтгэсэн байх боломжтой байна. Тухайн модыг 2021 оныг 07 сард ойгоос бэлтгэсэн байх боломжтой....” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 41-44/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай “...Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Шар бэлчрийн Хөхүүртийн ар гэх нэртэй газар нь улсын байгалийн цогцолбор газар 1 дүгээр мужлалд хамаарна. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан №31 дугаартай дүгнэлтэд тусгагдсанаар 2 дугаар мужлалд хамаарна гэсэн учир нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 тоот Улсын Их Хурлын тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум, Завхан аймгийн Тэлмэн сумын, Их-Уул сумын нутгийг дэмжин орших Тэсийн гол, Булнай нурууг байгалийн цогцолбор газрын ангилалд багтаасан. Өнөөдрийг хүртэл хамгаалалтын захиргаа байгуулагдаагүй газар нутаг дээр байгалийн цогцолбор газрын хилийн цэс тогтоосон зураг тавигдаагүй нутгийн иргэд мэдэхгүй, УИХ-ын тогтоол хэрэгжээгүй гэж үзэн 2 дугаар мужлалд багтаасан. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб түлшний хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчирийн Хөхүүртийн ар” гэх нэртэй газраас бэлтгэсэн 8,232 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээ тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр куб  шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний хуурай модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг болж бэлтгэсэн мод 8,232 метр, кубээр үржин экологи эдийн засгийн засгийн үнэлгээ нь 1,388,367 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /хх 58-59/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч *******: “...Би Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр Хөхүүртийн ам гэх газраас 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд галын түлээний мод бэлтгэсэн. Галын түлээний мод бэлтгэхдээ ганцаараа модоо цагаалсан. Тухайн үед би цагаалсан 59 ширхэг модыг Б гэх хүүхдийнхээ машинаар ачиж тээвэрлэн гэрийнхээ гадаа буулгасан. Тэр үед би галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр тухайн 59 ширхэг модыг ганцаараа бэлтгэсэн. “Портер” маркийн 44-79 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гэрийнхээ гадаа буулгасан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8,323 м3 түлээний хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримтыг давхар нотолж байна.

Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан шууд хохирол болох 1,388,367 төгрөгийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Хөхүүртийн ам” гэх газраас ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8,232 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх 78/ тогтоогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч ******* 8,232 м3 хуурай мод бэлтгэсний улмаас байгаль экологид 1,388,367 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,165,101 төгрөгийн хохирол ойн санд учирсан байна. Шүүгдэгч ******* нь ойн санд учруулсан хохирлоос 1,388,367 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, үлдсэн 2,776,734 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн болох нь иргэний нэхэмжлэгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан шууд хохирол болох 1,388,367 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн, ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ цахилгаан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь түүний “...Модыг бэлтгэхдээ ашигласан хөрөө нь миний өөрийн өмчлөлийнх...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 44-79 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Н.Б өмчлөлийнх болох нь иргэний нэхэмжлэгч Н.Б “...Би 2021 оны 06 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос “Портер” маркийн 44-79 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 96/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 14/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 44-79 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний өмчлөлийнх биш байх тул тээврийн хэрэгслийг өмчлөгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний шинжээчийн “...Портер маркийн 44-79 ЗАА тээврийн хэрэгсэл 1990 онд үйлдвэрлэгдсэн, хуучин, комиссын үнэлгээ 3,000,000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр “Портер” маркийн 44-79 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хэрэглээний 8.232 м3 түлээний хуурай модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 1,388,367 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт ******* зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 44-79 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Н.Б буцаан олгож, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 8,232 м3 хуурай модыг тус тус улсын орлого болгож, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн мяндсан уяаг устгасугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ойн сан учруулсан хохиролд 1,388,367 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол, саналгүй болохыг тус тус дурдсугай.

8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ойн санд учруулсан хохиролд 2,776,734 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргад олгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ