| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2017/00150/И |
| Дугаар | 134/ШШ2017/00168 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 134/ШШ2017/00168
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М-д холбогдох
гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э, хариуцагч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э нь хариуцагч М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э миний бие нь М-тэй 1997 онд гэр бүл болж 2001 онд Говьсүмбэр аймагт гэрлэлтээ батлуулсан. 2001-2010 оноос хойш 9 жил амьдрах хугацаанд байнгын хэрүүл, маргаан, зодоонтой, амар тайван амьдрах боломжгүй байсан тул 2010-2017 он хүртэл тус тусдаа амьдарсаар 7 жил болж байна. Цаашид энэ хүнтэй амьдрах ямар ч боломжгүй болсон. Бид хоёрын дунд хүүхдийн тэтгэмж болон эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Охин М нь 1998 оны 12 дугаар сарын 24-нд төрсөн, 19 настай, Япон улсад суралцаж байгаа тул бичиг баримтыг нь авчирах боломжгүй байсан. Бид хоёрын дундаас төрөөгүй, гэхдээ М-р овоглогдог. Хүү С 2001 оны 02 дугаар сарын 13-нд төрсөн, 16 настай, одоо аавтайгаа хамт амьдарч байгаа. Би хүүгээс асрамжлаад явах боломжтой. Гэхдээ хүү аавтайгаа хамт байна гэж хэлсэн. Бид хоёр ч насанд хүртлээ аавтайгаа байсан нь дээр гэж ярилцсан. Асрамжийн талаар маргаан байхгүй гэв.
Хариуцагч М нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М миний бие Э-тай 1997 онд гэр бүл болж 2001 онд Говьсүмбэр аймагт гэрлэлтээ батлуулсан. 2001-2010 он хүртэл хамт амьдарч байсан. Хамт амьдрах хугацаандаа 1 хүүхэд төрүүлсэн ба одоо хүү С нь 16 настай 11 дүгээр ангид сурдаг. Ар гэрийн таарамжгүй уур амьсгалаас болоод 2010 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байна. Цаашид Э-тай хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Ээж нь хүүтэйгээ байнга холбоотой байж, мөнгө төгрөг явуулдаг. Тиймээс шүүхийн журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э нь хариуцагч М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч Э, хариуцагч М нар нь 1997 онд танилцан үерхэж байгаад улмаар нэг гэрт орж, 2001 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүү С нь төрсөн болох нь зохигчдын тайлбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 20-- дугаартай албан бичиг, №41 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Э-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №2- дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл, С-ийн төрсний гэрчилгээний хуулбар болон иргэний үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн гэрлэгчид гэр бүл болохоос өмнө нэхэмжлэгч Э нь 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин М-ийг төрүүлсэн бөгөөд М-р овоглож, захиргааны журмаар эцэг тогтоогдсон хэдий ч насанд хүрсэн тул түүний асрамжийн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Хариуцагч М нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, гэрлэгчид хүүхдийн асрамжийн болон эд хөрөнгийн талаар маргаангүй, хүү С-г одоо эцэг М-ийн асрамжинд байгаа бөгөөд хариуцагч нь ...эх нь хүүхдээ сайн дураараа харж ханддаг тул шүүхийн журмаар тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй хэмээн гэрлэгчид харилцан тохиролцсон тул шүүхээс тэднийг тодорхой хугацаанд тусдаа амьдарсан, цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлсэн тайлбар гаргаж байгааг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч М-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар М, Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.2001 оны 02 дугаар сарын 13-нд төрсөн хүү С нь эцэг М-ийн асрамжинд байгаа болохыг дурдсугай.
3.Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлт цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э-д олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ