Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 134/ШШ2017/00169

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С-д холбогдох

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, хариуцагч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М нь хариуцагч С-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С-тэй 2015 оны 10 сард танилцаж үерхэж, хайр сэтгэлийн холбоотой болж цаашид хамтын амьдрал зохион байгуулахаар шийдсэн. Ингээд би 2016 оны 06 сард жирэмсэн болсон. Энэ хугацаанд бид хоёр сайхан амьдарч байхад гэнэт холбоогоо таслаад алга болчихсон. Тэгээд сэтгэл санааны гүн хямралд орсон. Тэгээд одоог хүртэл ямар ч холбоогүй байгаа. Би 2017 оны 02 дугаар сарын 27-нд охин У-г Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт эсэн мэнд төрүүлсэн. Энэ хугацаанд С ямарч сураг чимээгүй байсан. Сүүлдээ утасныхаа дугаарыг солиод, мөн дугаарыг нь олоод ч бас холбоогүй байсан.Энэ хүн гэнэт санаа сэтгэлээ өөрчилсөн, бид салаад нэг жил болж байна. Эргэж нийлэх үндэслэл бололцоо байхгүй, С нь охины эцэг мөн тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, хүүхдийн тэтгэлэг төлнө. Би одоо гэр бүлтэй болсон учраас эвлэрэх боломж байхгүй. Хүүхдийг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна, маргаангүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М нь хариуцагч С-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч М, хариуцагч С нар нь 2015 оны 10 дугаар сард танилцаж, улмаар эр, эмийн харилцаатай болсноор тэдний дундаас 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр охин У төрсөн болох нь хүүхдийн 42010000-- тоот бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ...М нь охины хамт оршин суудаг гэсэн 12-- дугаартай тодорхойлолт, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Зохигчид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй, охин У нь эх М-ээр овоглож төрсний гэрчилгээ авсан, захиргааны журмаар эцэг тогтоогдоогүй байх боловч хариуцагч С нь У-г өөрийн хүүхэд мөн хэмээн маргаангүй хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр хуульд заасан эрх, үүргийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд охин М.Ундармаа нь одоогоор эх Ц.Мягмарсүрэнгийн асрамжинд байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч С-ээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин У-г тэжээн тэтгэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч У-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Гэхдээ талууд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр тэтгэлэг тогтоолгохыг хүссэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр /одоо тухайн бүс нутагт тогтоогдсон хэмжээ 166 200 төгрөг/ сар бүр хүүхдийн тэтгэлгийг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, нэхэмжлэгч М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 483 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 28 483 төгрөгийг нэхэмжлэгч М-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин У-г 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/, түүнчлэн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С-ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Охин У нь эх М-ийн асрамжинд байгаа болохыг дурдсугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 483 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С-ээс улсын тэмдэгтийн хураамж 28 483 төгрөгийг нэхэмжлэгч М-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.НАРАНЧИМЭГ