Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 134/ШШ2017/00170

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1972 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 6-190 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Д овогт Г- гийн Уртнасан /РД:ЗЮ72121609, утас:99079021/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1979 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ХБ-ын 65 дугаар байрны 02 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага хүлээн авагч ажилтай, Ө овогт Б- гийн М-д /РД:ЗГ79042103, эмэгтэй, утас:91114311/-д холбогдох

 

үндсэн зээл 4 800 000 төгрөг, алданги 3 600 000 төгрөг, нийт 8 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Б.М-ээс үндсэн зээл 4 800 000 төгрөг, алданги 3 600 000 төгрөг нийт 8 400 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

     Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.У миний бие 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатай буюу 12 сарын 27-ны өдрийг хүртэл зээлдэгч Б.М-д барьцаагүй, хүүгүйгээр 4 800 000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд өнөөг хүртэл уг мөнгөө эргүүлэн авч чадаагүй. Иймээс зээлийн гэрээний 2.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр хугацаа хэтэрсэн 150 хоног, алданги 24 000 х 150 хоног= 3 600 000 төгрөгийн алданги, үндсэн зээл 4 800 000 төгрөг, нийт 8 400 000 төгрөгийг нэхэмжилж байна. Би 4800 000 төгрөгийг Б.М-ийн гэрт нь хоёулхнаа байхдаа хүлээлгэж өгсөн. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Мөнгө өгсний баталгаа болгож нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулсан. Ганзориг, Цэрэнчулуун нараас зээлсэн гэж яриад байгаа мөнгө нь бид хоёрын зээлийн гэрээнд ямар ч хамааралгүй гэв.

 

            Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.У  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б.М-тэй 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатай буюу 12 дугаар сарын 27-ыг хүртэл зээлдэгч Б.М-д барьцаагүй, хүүгүйгээр 4 800 000 төгрөгийг зээлдүүлээд мөнгөө эргүүлж авч чадаагүй гэж нийт 8 400 000 төгрөгийг нэхэмжилжээ. Миний бие Б.М нь Г.У-гаас зээл аван гэрээ байгуулсан удаа байхгүй. Огт үндэслэлгүй зүйл надаас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин би У-гийн дүү Ганзориг, өөрийн төрсөн дүү Цэрэнчулуун нарыг банкнаас зээл авахад нь 2 535 000 төгрөг дансаар, мөн бэлнээр 2000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Энэ мөнгийг би төлж чадаагүй, мөн гэр бүлийн маргаантай байсан учраас Уртнасан над дээр ирээд гэрээ хийнэ гэхээр нь хэнд ч нь төлсөн ялгаагүй гэж бодоод би хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан гэв.

             Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Б.М-ээс үндсэн зээл 4 800 000 төгрөг, алданги 3 600 000 төгрөг, нийт 8 400 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч Б.М нь Г.У-гаас 4 800 000 төгрөгийг зээлж аваагүй, харин Ганзориг, Цэрэнчулуун нараас зээлсэн мөнгийг Уртнасанд төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

            Зээлдүүлдэгч Г.У нь зээлдэгч Б.М-д 4 800 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээ, талуудын ...гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан гэсэн маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2-т зааснаар хүчин төгөлдөр гэрээ болно.

 

            Хариуцагч Б.М нь уг гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй хэдий ч гэрээ байгуулах болсон үндэслэлийг ...Ганзориг, Цэрэнчулуун нараас зээлсэн мөнгийг У-д төлөхийг зөвшөөрч гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

            Иймээс нэхэмжлэгчид дээрх гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл, алданги тооцох шаардах эрх үүссэн байна.

 

            Гэвч нэхэмжлэгч Г.У нь зээлийн гэрээний 2.5-т зааснаар зээлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр олгоно, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцох гэсэн гэрээ болон хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл талууд хэдийгээр бичгээр гэрээ байгуулж, үүргийн эрхийн харилцаа үүссэн байх боловч уг гэрээнээс үүссэн өмчийн харилцаа буюу мөнгө шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч тал биелүүлсэн нь эсэх нь нотлогдохгүй байна.

 

            Тухайлбал зээл олгосноор зээлийг буцаан төлөх үүрэг, шаардах эрх үүснэ. Гэтэл зээлдүүлдэгч нь зээлдэгчид мөнгийг хүлээлгэж өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны /нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй/ дагуу нотлоогүй тохиолдолд буцаан шаардах эрх үүссэн гэж үзэх боломжгүй юм.

 

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149 350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар Г.У-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-ээс үндсэн зээл 4 800 000 төгрөг, алданги 3 600 000 төгрөг нийт 8 400 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.У-гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149 350 /нэг зуун дөчин есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ