Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/342

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0326/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т  овогт Б-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000374 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Т  овогт Б-ийн Б /регистрийн дугаар: .......... /, .....  оны ....  дугаар сарын ... -ны өдөр .......  аймгийн ........  суманд төрсөн, .....  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто завсарчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... , ............. ийн хамт ...........  аймгийн ...........  сумын ...........  дугаар багийн ..........  дүгээр байрны ..........  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны шөнийн 00 цагийн үед .........  аймгийн ......... сумын .........  дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....... бааранд үйлчлүүлж байхдаа иргэн Г.Н-ийн гээгдүүлсэн Samsung А51 маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 550,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Б.Б-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 00 цагийн үед .......... аймгийн .......... сумын ....  дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....... бааранд үйлчлүүлж байхдаа иргэн Г.Н-ийн эзэмшлийн Samsung А51 маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 550,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2118000000374 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Н-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед найз Д-ийн хамт төрсөн өдөр тэмдэглэх гээд .......... бааранд ороод 00 цагийн үед буцаад гарахад гар утас байгаагүй. Тэгээд хамгаалагч нь зогсож байхаар нь Утсаа наад дотор чинь хаясан байна. Ороод үзье гэж хэлсэн чинь оруулахгүй байсан. Тэгээд хаалгыг нь хэсэг цохиж байгаад оруулахгүй байхаар нь яваад өгсөн. Тэгээд өглөө утасныхаа google акаунтаар орж үзэхэд миний гар утсыг ашиглаж байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би Самсунг А51 маркийн гар утсаа гээгдүүлсэн. Утсаа Мобикомоос авч байсан. гэх мэдүүлэг[1],

 

Эд  мөрийн баримт хураан авсан тухай ...Хар өнгөтэй Самсунг А51 маркийн шилэн гадаргуутай, 64ГБ багтаамжтай хар утас байх бөгөөд Имей 350678892801142/01 357510192801147/01 дугаартай байв. Утас хураалгасан Б.Б. гэх тэмдэглэл[2],

 

Эд  мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай ...Самсунг А51 маркийн хар нүүртэй, цэнхэр өнгөтэй, 4 камертай, Имей 350678892801142/01 357510192801147/01 гар утсыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 10 минутад хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв. Утсыг хүлээн авсан хохирогч Г.Н . гэх тэмдэглэл[3],

 

Гэрч Б.Д-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 23 цагийн үед найз Г.Н-ийн хамт төрсөн өдөр тэмдэглэх гээд ..... бааранд ороод хэсэг юм ярьж сууж байгаад 00 цагийн үед баарнаас гарахад манай найз Г.Н гар утсаа алга болгосон. Тэгээд утсаа олох гээд баарны хамгаалагч нараас бааранд орж үзэж болох уу гэж асуухад Баар хаасан. Хүн оруулах боломжгүй. гэж хэлэхээр нь яваад өгсөн. Манай найз Самсунг А51 маркийн гар утас барьдаг байсан. гэх мэдүүлэг[4],

 

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-921/2264 дугаартай ...Samsung A51 маркийн 1 ширхэг гар утас /хэрэглэж байсан/-ны үнэ 550,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт[5],

 

Б.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: ...2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед .......   сумын ....  дугаар баг ...... бааранд ганцаараа орж үйлчлүүлж байгаад 00 цагийн үед баар хаах болоход баарнаас гарахын өмнө нойл орж бие засаад гарч ирэхэд нойлын өрөөнд цэнхэр өнгийн корпустай Самсунг А51 маркийн гар утас байсан. Тэгээд нойл дотор ямар ч хүнгүй байсан учраас тухайн гар утасны эзэн нь гар утсаа нойлд орхиод гарчхаж гэж ойлгоод гар утсыг өөрөө ашиглах зорилгоор халаасандаа хийгээд баарнаас гарсан. Тэгээд гэртээ ирээд Wifi таниулаад доторх файл зургийг нь үзээд тухайн гар утсыг цаашид өөрөө ашиглах зорилгоор устгах гэсэн боловч устахгүй байсан Тэгэхээр нь тухайн гар утасны Gmail-г устгах гээд болохгүй байхаар нь болиод унтсан. Тэгсэн маргааш өглөө нь намайг сэрэхэд дээрх олсон утсанд нь фэйсбүүкээр дүрст дуудлага орж ирсэн. Би дуудлагыг нь аваагүй. Ингээд ажилдаа явахдаа тухайн гар утсыг авч явж гар утасны код гаргадаг хүмүүсээр кодыг нь гаргуулж доторх файлуудыг нь устгуулаад өөрөө цаашид ашиглахаар аваад явсан. Намайг ажил дээрээ байхад цагдаагаас утсаар яриад тухайн гар утсыг гээгдэл эд зүйл учраас хурааж авах шаардлагатай аваад ир  гэж хэлсэн. гэх мэдүүлэг[6] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Б.Б нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Б-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Т  овогт Б-ийн Б-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

[1] Хавтаст хэргийн 9 тал

[2] Хавтаст хэргийн 12 тал

[3] Хавтаст хэргийн 13 тал

[4] Хавтаст хэргийн 15 тал

[5] Хавтаст хэргийн 19-21 тал

[6] Хавтаст хэргийн 29-30 тал