Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/0054

 

2015 оны 1 сарын 28 өдөр             Дугаар ДЗШ/МА2015/0054

 

 

М ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 550 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГКХ т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...МV-15***А  тоот тусгай зөвшөөрлийн хувьд Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан цуцлах, хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй, шийдвэр гаргаагүй байхад хууль эрх зүйн үндэслэлгүйгээр бүртгэсэн. Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 56.2, 56.3-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон тохиолдолд Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх, цуцлах үндэслэлийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэл, нотлох баримт бүхий тайлбар өгөх эрхийг нь эдлүүлэлгүй, шууд бүртгэлийн ажиллагаа хийсэн нь хууль бус шийдвэр болсон.

Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй ашигт малтмал ашиглалтын МV-15***А  тоот тусгай зөвшөөрлийг АМГ-ын КХ-ийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4**  дугаар шийдвэрээр хүчингүй болгож бүртгэсэн нь манай компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт байх тул КХ-ийн даргын 2013 оны 4**  тоот шийдвэрийн МV-15***А  тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, хүчингүй болгож өгөхийг хүсье. Иймд, АМГ-ын КХ-ийн даргын 2013 оны оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4**  дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ: ...АМГ-ын КХ-ийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4**  дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, ашигт малтмалын ашиглалтын 15***А  тоот тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч АМГ-ын КХ-ийн дарга Н.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг байрших Нарийн сухайт нэртэй 115.76 га талбайд ашигт малтмалын ашиглалтын 15***А  тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн КХ-ийн даргын 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 799 дүгээр шийдвэрээр НС ХХК-д олгосон байна. НС ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтын 15***А  тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргасныг хянан шийдвэрлэж Геологи, уул уурхайн КХ-ийн даргын 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр уг 15***А  тоот тусгай зөвшөөрлийг М ХХК -д шилжүүлжээ... Хуулийн хүчин төгөлдөр болсон Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын 15***А  тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон АМГ-ын КХ-ийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4**  дугаартай шийдвэрээр уг шүүхийн 70 дугаар тогтоолыг биелүүлж, нэр бүхий 106 тусгай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг бүртгэсэн байна... Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 550 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17, 11.1.18 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан ...АМГ-ын КХ-ийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4**  дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, ашигт малтмал ашиглалтын 15***А  дугаар тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М ХХК нь давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 550 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Нэг.М ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн сухайт нэртэй газарт хамаарах 115.76 гектар талбай бүхий 15***А  тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн үндсэн дээр эзэмшиж ирсэн. 15***А  тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл анх тухайн үеийн АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 799 дүгээр шийдвэрээр 30 жилийн хугацаатайгаар НС ХХК-д олгогдсон байсан бөгөөд ГУУКХ-ийн даргын 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр 15***А  тоот тусгай зөвшөөрлийг манай компанид шилжүүлснийг бүртгэсэн. Манай компанид шилжиж ирэхээс өмнө 15***А  тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой 2 маргаан тухайн үеийн нэрээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг.

Үүнд: А. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 238 дугаар шийдвэрээр НС ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг ГУУКХ-т даалгасан. Шүүхийн энэхүү шийдвэрийн дагуу ГУУКХ-ийн даргын 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 799 дүгээр шийдвэр гарч, улмаар 15***А  тоот тусгай зөвшөөрөл НС ХХК-д олгогдсон түүхтэй. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 238 дугаар шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 26.9-д Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэсэн үндэслэлээр АМГ-ын ГУУКХ хүлээн авахаас татгалзсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж тодорхойлсон.

Б. ГУУКХ-ийн даргын 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр 15***А  тоот тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгосон ба Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 381 дүгээр шийдвэрээр ГУУКХ-ийн даргын 2011 оны 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ГУУКХ-ийн даргын 2010 оны 799 дүгээр шийдвэр /анх тусгай зөвшөөрөл олгосон/-ийг хүчинтэй болохыг баталсан байдаг. Энэхүү 2 шүүхийн шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн сухайт нэртэй газарт хамаарах 115.76 гектар талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 26.9-т заасан сонгон шалгаруулалтын зарчмаар олгогдохгүй юм гэсэн үйл баримтыг тогтоосон. Харин үүнээс 2 жилийн дараа Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 312 дугаар тогтоол гарч, тус шийдвэрүүдээр НС ХХК-д 15***А  дугаар тусгай зөвшөөрөл олгосон АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2010 оны 799 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдээр захиргааны хэргийн шүүхийн дээрх 2 шийдвэрээр тогтоосон үйл баримтын эсрэг буюу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн сухайт нэртэй газарт хамаарах 115.76 гектар талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 26.9-т заасан сонгон шалгаруулалтын зарчмаар олгогдох ёстой гэж үзжээ. Улмаар АМГ-ын КХ-ийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4**  дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 70 дугаар шийтгэх тогтоолоор нэр бүхий 106 ширхэг тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хүчингүй болгосон шийдвэрийг Кадастрын системд зохих журмын дагуу бүртгэх, шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж, мэдэгдэхийг үүрэг болгосон.

1. АМГ-ын КХ-ийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4**  дугаар шийдвэр дараах үндэслэлээр хууль тогтоомжид нийцээгүй. Үүнд: Үйл баримтыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд эсрэг тэсрэгээр шийдвэрлэсэн байхад сүүлд гарсныг биелүүлсэн нь хууль зөрчсөн, эрх зүйн үзэл санаа, зарчимд харш шийдвэр гарах үндэслэл боллоо. Хариуцагч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32.1-д Шүүхийн шийдвэрийг МУ-ын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэсний дагуу Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, түүний үндсэн дээр АМГ-ын КХ-ийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4**  дугаар шийдвэр гарсан гэж тайлбарладаг. Хариуцагчийн тайлбарын үндэслэл болж буй Шүүхийн тухай хуулийн 32.1 дэх заалт нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдэд ч мөн адил хамаарах ёстой.

Учир нь, ГУУКХ-ийн даргын 2010 оны 799 дүгээр шийдвэр нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 238 дугаар шийдвэрийг биелүүлж, түүний дагуу гарсныг өмнө дурдсан. Шүүхийн энэхүү шийдвэр одоо ч хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байсаар байтал түүний дагуу гарсан АМГ-ын ГУУКХ-ийн даргын шийдвэрийг хүчингүй болгосныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна, мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийг шүүх гэж үзэхгүй байна гэж үзэж буй явдал гэж ойлгож байна.

2. Маргаж буй актыг Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг биелүүлсний үндсэн дээр гарсан гэж үзэх боломжгүй байна. Маргаж буй актад Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.17, Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг баримталсан байдаг. Гэтэл 1 дүгээр заалтаараа хүчингүй болгосон шийдвэрийг Кадастрын системд зохих журмын дагуу бүртгэсүгэй, 2 дугаар заалтаараа Шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэнд үүрэг болгосугай гэсэн. Эндээс 1 дүгээр заалтад тусгагдсан Кадастрын систем гэж юу байх талаар ойлголт Ашигт малтмалын тухай хуульд огт байхгүй. Иймд маргаж буй актыг Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх журмаар гарсан гэж үзэх боломжгүй байна.

Шүүхээс хариуцагч 4**  дугаар шийдвэрийг гаргасан нь хууль бус хэмээн нэхэмжлэгч гаргаж байгаа нь үндэслэлгүй байна, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17, 11.1.18-д тус тус заасантай нийцжээ гэж үзсэн нь нотлох баримттайгаа уялдаагүй, хэт нэг талыг барьсан, эрх зүйн үндэслэл бүхий болон хууль ёсны байх гэсэн шаардлагыг хангаагүй шийдвэр боллоо.

Хоёр. Кадастрын хэлтэс нь нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг зөвхөн Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал илэрвэл цуцлах шийдвэр, улмаар бүртгэх шийдвэр гаргадаг хуулийн зохицуулалттай. Гэтэл 15***А  тоот тусгай зөвшөөрлийн хувьд Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан цуцалсан шийдвэр гараагүй байхад буюу ямар нэгэн хууль эрх зүйн үндэслэлгүйгээр бүртгэх тухай шийдвэр гаргасан. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56.2, 56.3-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд түүний үндэслэл, нотлох баримт өгөх эрхийг хангалгүйгээр шууд бүртгэлийн ажиллагааг хийсэн нь хууль бус шийдвэр болсон.

Гурав. КХ-ийн даргын 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 799 дүгээр шийдвэрээр олгогдсон 15***А  тоот тусгай зөвшөөрөл нь эрх зүйн байдлын хувьд бусад 105 тусгай зөвшөөрлөөс ялгаатай. Тодруулбал, ганцхан ашиглалтын тусгай зөвшөөрөл эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт орсон нь 15***А  тусгай зөвшөөрөл байдаг төдийгүй стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаардаг. АМГТХЭГ-ын даргын 2008 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Тушаал хэрэгжүүлэх тухай 42 дугаартай тушаалаар Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хавсралт 1-д заасан ашигт малтмалын орд газруудад удирдах дээд байгууллагын чиглэлгүйгээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргахгүй байх талаар заасан. Энэхүү онцлог нөхцөл байдлаас үзвэл АМГ-аас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нарийн сухайтын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарах тусгай зөвшөөрөл олгосон АМГ-ын КХ-ийн 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 799 дүгээр шийдвэрийг хүчингүй болсныг бүртгэх хууль зүйн үндэслэл, эрх хэмжээ байхгүй байжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй акт нь 15***А  тоот тусгай зөвшөөрлийн хувьд ихээхэн маргаантай, хууль хэрэглээ, практик хэрэглээний хувьд ноцтой үр дагаврыг бий болгож болзошгүй. Жишээлбэл, нэг үйл баримтын талаар эсрэг тэсрэг 2 шүүхийн шийдвэр байж болох ба сүүлд гарсан шүүхийн шийдвэр хүчинтэй, хэргийн харьяалал, дагнасан шүүх гэж байх хэрэггүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн зарчим зөрчигдөх, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн албан тушаалтанд ял оногдуулж болно, иймээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс өмнө гэмт хэрэг болох уу гэдгийг анхаарч үзэх, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим хэрэгжихгүй байж болно гэх мэт. Шүүхээс энэ алдааг засах боломжийг олгож, буруу практик тогтохоос сэргийлэх, дээрх хуульчлагдсан зарчмыг хамгаалах ёстой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Иймд, АМГ-ын КХ-ийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4**  дугаар шийдвэрийн АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2010 оны 799 дүгээр шийдвэр /15***А  тусгай зөвшөөрөл/-т холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй болоогүй, мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 550 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний ордод Д.Д, С.Ж нар 1971 онд эрэл шалгалтын ажил явуулж, 1.25 сая тонн нүүрс баялгийг үнэлсэн. Мөн Гурван тэсийн нүүрсний ордод өрөмдлөгийн ажил, Хөх довын нүүрсний илрэлд маршрутын судалгаа, 1992 онд Нарийн сухайтын ордод Ж.Д, Л.М нар хайгуул хийсэн, Хүрэн толгой хэсэгт болон Зүүн хэсэгт нөөцийг тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Дээрх газарт 1998 онд Гурван тэс ХХК, Хүрэн толгой 1 нэртэй 2790 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 1816Х тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад 1998 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу М ХХК-д Геологи уул уурхай, КХ-ийн даргын 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 742 дугаар шийдвэрээр шилжүүлсэн байна.

Ийнхүү М ХХК  нь 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад уг газарт 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 5458А, 5459А тоот тусгай зөвшөөрлүүдийг, 2006 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1139 шийдвэрээр ашиглалтын 12225А, 12226А тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус авчээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн тухайд дээрх ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайгаас бусад хэсэг болох ашигт малтмалын хайгуулын 1816Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж болох дээд хугацаа дууссан байна.

Гэтэл НС гэх компани уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан талбайд өргөдөл гаргаж, улмаар шүүхээр шийдвэрлүүлж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 238 дугаар шийдвэр гарсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагүй НС гэх компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, захиргааны акт гаргахдаа хууль тогтоомж зөрчихгүйгээр гаргах ёстой. Гэтэл Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй, мөн зүйлийн 24.2-т Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасныг зөрчиж, 799 дүгээр шийдвэрийг гаргасан тул шүүх дээрх шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв байна.

НС ХХК-д ашигт малтмалын ашиглалтын 15***А  тоот тусгай зөвшөөрөл олгосон АМГ-ын 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 799 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоол тус тус гарч, хүчин төгөлдөр болсон, дээрх шийтгэх тогтоол, магадлал, тогтоолд ...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчиж ...ашиглалтын 1563А тоот тусгай зөвшөөрлийг олгосон гэж дүгнэжээ.

Иймд, АМГ-ын КХ-ийн дарга 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4**  дугаар шийдвэрийг гаргаж, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор нэр бүхий 106 ширхэг тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хүчингүй болгосон шийдвэрийг кадастрын системд зохих журмын дагуу бүртгэх, шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэн, мэдэгдэх-ийг үүрэг болгож шийдвэрлэсэн нь тогтоогдож байна.

Иймд, нэхэмжлэгчийн шууд бүртгэлийн үйл ажиллагаа хийсэн нь үндэслэлгүй гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо АМГКХ  нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг гагцхүү Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал илэрвэл цуцлах, хүчингүй болгох шийдвэр гаргах эрхтэй гэж маргажээ.

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална гээд тодорхой нөхцлүүдийг нэрлэн заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтууд нь уг тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага ямар үндэслэлээр, тусгай зөвшөөрлийг хэрхэн цуцлах вэ гэсэн зохицуулалтыг агуулсан хэм хэмжээ байна.

М ХХК -ийн тохиолдол нь хуулийн дээрх зохицуулалтанд хамааралгүй бөгөөд Ашигт малтмалын газар бус, харин шүүх уг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болсон АМГ-ын Геологи, уул уурхайн КХ-ийн даргын тушаалыг хууль зөрчсөн байсан тул хүчингүй болгосон байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                   Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                   Э.ЗОРИГТБААТАР