Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

 

   2022         03         11                                    2022/ШЦТ/246

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,

Улсын яллагч: Ч.Батбаатар /Тээврийн прокурорын газраас/,

Хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Шүүгдэгч: А.Ж, түүний өмгөөлөгч Х.Гантулга нар оролцсон эрүүгийн .................. дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1990 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, ............................ тоотод оршин  суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд:

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 227 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

         Шүүгдэгч А.Ж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Галакси” төвийн зүүн замд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг 30 минутын орчим “Тоёота акуа” маркийн 34-97 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Э.Нийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Хохирогч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өглөө ажилдаа явсан. Паркийн баруун талын замаар баруунаас зүүн тийшээ явж байгаад гарц дээр мөргүүлсэн. Одоо эмчилгээтэй холбоотой 2.040.000 төгрөгийн зардал гарсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5.090.909 төгрөг гарсан. Нийт 18.178.201 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн .................. дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-7 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Н мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, \

 

Хамтран ажиллах гэрээ /хх-ийн 21-26 дугаар хуудас/,

 

Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 33-36 дугаар хуудас/,

 

А.Жгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

Хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №1018 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн №7 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-71 дүгээр хуудас/,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөн Э.Н өвчний түүх /хх-ийн 75-83 дугаар хуудас/,

           

            Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

            А.Жгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч А.Жгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 227 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-55 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Э.Билгүүний мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч З.Батдоржийн мэдүүлэг /хх-ийн 40 дугаар хуудас/, хохирогчийн өмгөөлөгчөөс  хохирогчийн гэм хорын хохиролтой холбоотой баримт зэрэг шинээр гаргаж өгсөн нийт 58 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлсөнтэй холбоотой шинээр гаргаж өгсөн 9 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Ж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Галакси” төвийн зүүн замд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг 30 минутын орчим “Тоёота акуа” маркийн 34-97 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Э.Нийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл,

 

-  Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,  гэрэл зургийн үзүүлэлт,

 

- Хохирогч Э.Н “...Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө гэрээсээ гараад ажилдаа явахаар алхаж байгаад Энхтайваны гүүрний хойд талд зам хөндлөн гарах гээд явган хүний гарцтай хэсэгт машинд мөргүүлж хөл гэмтсэн. Осол болох үед би ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зам хөндлөн гарч байх үед машин 1-р эгнээгээр явж байгаад намайг мөргөж осол гаргасан. Осол гарах үед 2-р эгнээнд явж байсан машин надад зам тавьж өгөөд би урдуур нь хөндлөн алхаж байх үед 1-р эгнээгээр явж байсан машин гэнэт гарч ирээд намайг мөргөж осол гаргасан. Ослын улмаас зүүн хөлийн тойгны яс хугарсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.Жгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн “....Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг 15 минутын үед Зайсангаас өөрийн эзэмшлийн 34-97 УБК улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод таксинд явахаар хотын төв рүү орох гээд Энхтайваны гүүрийг урдаасаа хойшоо чиглэлтэй даваад явж байх үед ертөнцийн зүгээр баруун талаас явган хүний гарцтай хэсгээр нэхий куртиктэй эмэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Тэгээд би тормозоо гишгээд баруун тийш жолоогоо эргүүлсэн боловч тухайн эмэгтэй хүнийг өөрийн машины урд хэсгээр мөргөж осол гаргасан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Билгүүний “...өөрөөс нь осол хийсний маргааш сонссон. Эмэгтэй хүнийг гарцаар гарч явахад нь мөргөчихлөө гэж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч З.Батдоржийн “...Жавхлан надтай осол хийсэн талаараа ярьсан. Өглөө явж байгаад хүн шүргэсэн гэж ярьж байсан...”

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 1018 дугаартай шинжээчийн: 1. Э.Н биед зүүн тойгны ясны хугарал, зүүн өвдөгний үений уутны урагдал, өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөн Э.Н өвчний түүх,

 

Мөрдөгчийн №46 дугаартай: “...1. Явган зорчигч Энхтүвшингийн Нандинцэцэг /ФМ90022107/ нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. 2. Жолооч Алтаннавч овогтой Жавхлан /РД: УУ90040676/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, шүүгдэгч А.Ж нь “Тоёота акуа” маркийн 34-97 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Э.Нийг мөргөсөн болохыг хохирогч, шүүгдэгч нараас тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа болон бусад баримтуудаар, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч А.Жгийн үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Шүүгдэгч А.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг гэмтээсэн үйлдэл нь нотлогджээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчээс гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Ийнхүү прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байх тул шүүх шүүгдэгч А.Жг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй..” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Нээс “...эмчилгээний зардалд 2.040.906 төгрөг, бусад зардалд 1.394.120 төгрөг, ажилгүй байсны улмаас “Модерн арт хөүм” ХХК-нд ажиллаж авах байсан 5.090.909 төгрөг, “Ийзи файнд рийл эстэйт менежмент” ХХК-нд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллах 6.000.000 төгрөг, “Болор профейшнл консалтинг” ХХК-нд хамтран ажиллах гэрээгээр ажиллах 3.652.266 төгрөг нийт 18.178.201 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн байна.

 

Шүүх хохирогчийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардалд 2.040.906 төгрөг, бусад зардалд /тээврийн/ 1.394.120 төгрөг,  “Модерн арт хөүм” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг харгалзан хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотойгоор “Модерн арт хөүм” ХХК-нд 5.238.145 төгрөг нийт 8.673.171 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг тооцохдоо эмнэлгийн магадлагааг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ажлын 55 өдрөөр тооцож  “Модерн арт хөүм” ХХК-нд ажиллаж нийгмийн даатгал төлсөн байдал, даатгуулагчийн цалин хөлс болох 2.000.000 төгрөгийг үндэслэн /2.000.000:21=95.238/ 1 өдрийн ажлын хөлсийг 95.239 төгрөгөөр тооцож нийт 55 хоногийн 5.238.145 төгрөгөөр тооцож гаргасан болно.

 

Шүүгдэгч А.Ж нь 1.504.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон байх тул 8.673.171 төгрөгөөс 1.504.000 төгрөгийг хасч үлдэгдэл 7.169.171 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Нт олгохоор шийдвэрлэв. 

 

Харин хохирогчийн нэхэмжлэлээс “Ийзи файнд рийл эстэйт менежмент” ХХК-нд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллах 6.000.000 төгрөг, “Болор профейшнл консалтинг” ХХК-нд хамтран ажиллах гэрээгээр ажиллах 3.652.266 төгрөгийн олох байсан орлогыг нотолсон баримт хангалтгүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээв.  

 

            Хохирогч Э.Нээс “...цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэсэн ба түүний биед учирсан гэмтлийн шинж, нөхцөл байдал, хор уршиг бүрэн арилаагүй нөхцөл байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурьдлаа.  

 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч А.Жг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч А.Жд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчид үндсэн ял дээр нэмж эрх хасах ял авах нь зүйтэй...” гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрх хасах ялыг зайлшгүй нэмж оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч А.Жгаас замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал зэрэг нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон      

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Ж-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жг 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жд оногдуулсан 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Жгаас 7.169.171 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Нт олгосугай.

 

            6. Шүүгдэгч А.Ж нь хохирогч Э.Нт 1.504.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Н нэхэмжлэлээс 9.652.266 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлын талаар хохирогч Э.Нээс шүүгдэгч А.Жд холбогдуулан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.ДУЛАМСҮРЭН