| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01644/И |
| Дугаар | 1831 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 1831
| 2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/01831 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Налайх дүүргийн 2 дугаар хороо, 45 дугаар байрны 20 тоотод оршин суух Хар ирвэт овогт Цэдэнбалын Алимантуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 8 дугаар байрны 6 тоотод оршин суух Суухун овогт Цэрэнгийн Энхцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Алимантуяа, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ц.Алимантуяа нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ц.Энхцэцэгийн хүсэлтээр 6.000.000 төгрөгийг, 9.5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, бэлнээр өгсөн.
Зээлийн гэрээгээр тогтоосон хугацаа өнгөрсөн боловч зээлдэгч зээлийн хүү, үндсэн зээлийг төлөөгүй бөгөөд утсаар ярьж шаардахад удахгүй өгнө, хүнээс мөнгөө аваад өгнө, байраа зараад өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ.
Ц.Энхцэцэгийн гэрийн хаягаар удаа дараа очсон боловч гэрт нь хүн байгаа боловч хаалгаа тайлдаггүй.
Иймээс үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүү 2.850.000 төгрөг, нийт 8.850.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасган, 7.850.000 төгрөг нэхэмжилснийг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ц.Алимантуяа, хариуцагч Ц.Энхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.850.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч шүүхэд хариу тайлбараа гаргаагүй, маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч Ц.Энхцэцэгт шүүх хуралдааны товыг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, түүний 91001500 дугаарын гар утас руу залгаж мөн мессэжээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч Ц.Алимантуяа, хариуцагч Ц.Энхцэцэгт 6.000.000 төгрөгийг, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр, сарын 5 хувийн хүүтэй, 9 сар 15 хоногийн хугацаатай, үндсэн зээлийг хугацааны эцэст бөөнд нь төлөхөөр Зээлийн гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
2. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байна.
3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна.
4.2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Бид эвлэрэх боломжтой. Гэхдээ хариуцагчийн утсаар хэлсэн 6.000.000 төгрөгт эвлэрэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасгаж, 7.850.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлж, хуулиар олгогдсон 14 хоногийн хугацаанд хариу тайлбар-аа ирүүлээгүй байх тул шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзээд, үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүү 1.850.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасгасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7.850.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Суухун овогт Цэрэнгийн Энхцэцэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.850.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хар ирвэт овогт Цэдэнбалын Алимантуяад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.