Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

     2022        02          16                                     2022/ШЦТ/99

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Г.Мижиддорж, 

шүүгдэгч Э.Э  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Э д холбогдох эрүүгийн 2210000000085 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Маркетингийн чиглэлийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ....................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ирүүлсэн Э.Э  /РД:_.............../.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Э.Бийн эзэмшлийн Хаан банкны ............. тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2.700.000 төгрөгийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Э.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд би  өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн машиныг 13.700.000 төгрөгөөр Лхагвасүрэн гэх хүнд зарсан. Тэгээд тухайн хүн миний дансанд шилжүүлсэн. ...гэтэл 2.700.000 төгрөгийн зарлага гарсан байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)
  3. Гэрч Б.Гал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Э  надад “...за би одоо яг үнэнгээ хэлье, би өөрөө хуучин найз залуу Баадээгийн интернет банкийн нэвтрэх нэр, нууц үгийг нь хийж ороод гар утас худалдаад авчихсан юм. Би хуучин найз залуу Баадээгийн интернет банкийн нэвтрэх нэр, нууц үгийг нь мэддэг байсан юм. Сая хийгээд үзсэн чинь нэвтрээд орчихсон...” гэж хэлсэн. ...Үүнээс хойш Э.Э  энэ талаар 2-3 хоног би энэ гар утсыг яах вэ, зарсан хүнд нь буцаагаад өгөөд мөнгийг нь хуучин найз залуу руугаа шилжүүлчих үү” гэж яриад байхаар нь үнэн юм байна даа гэж бодоод за үнэхээр нэгэнт авчихсан бол одоо өнгөрсөн шүү дээ, задлаад ашиглачихгүй юу гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал)
  4. Гэрч Г.Энхмэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр bataa bataa нэртэй фэйсбүүк хаягнаас ай фон 12 про маркийн гар утас байгаа юу хүргэж өгөх үү, их дэлгүүрийн энд ирээд өгөх боломжтой юу гэж асуусан. Үүний дагуу би өөрийн хаягнаас чи утасны дугаараа өгөхгүй бол хүргэх боломжгүй, Теди худалдааны төвийн 2 давхарт 14-7 тоот очоод үзээд ав гээд өөрийн хаан банкны ............... дансны дугаараа явуулсан. Удалгүй миний дансанд 2.7000.000 төгрөг ............. дугаартай данснаас орлого болон ирсэн. Тэгээд тухайн хүн над руу гар утасны мөнгө шилжүүлсэн, би хүүхэд явуулаад очоод авахуулъя гэсэн. ...20 орчим насны хар өнгийн куртик, 160 орчим см өндөртэй эмэгтэй хүүхэд ирээд шинэ ай фон 12 про загварын утас ирээд аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)
  5. Шүүгдэгч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр интернет банк руу нь нэвтрээд 2.700.000 төгрөгийг аваад гар утас худалдан авсан юм. Би интернет банкнаас нь мөнгө авсан талаараа Э.Бт хэлээгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас намайг дуудахаар нь би Э.Бийн данснаас мөнгө авсан талаараа хэлсэн юм... 2.700.000 төгрөгийн хохирлоо барагдуулсан байгаа бөгөөд намайг мөнгөөрөө авсан гар утсаа өгчих гээд худалдан авсан гар утсаа өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дахь тал), оюутны тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дахь тал), хохирогч Э.Бийн “...миний бие гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хохирол төлбөрөө барагдуулсан байгаа...” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э  нь шунахайн сэдэлтээр 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Э.Бийн эзэмшлийн Хаан банкны ............. тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2.700.000 төгрөгийг авсан учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд хууль ёсны өмчлөгчийн эзэмшлээс түүний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээнээс дээш хохирлыг хохирогчид учруулсан байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Э  нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг гэдгийг мэдсээр байж, гар утас худалдан авах зорилгоор урьд үерхэж байсан хохирогч Э.Бийн .............6 тоот данс руу нэвтрэн түүний зөвшөөрөлгүйгээр 2.700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу гар утас худалдан авсан төлбөрт бусдын дансанд шилжүүлэн авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг авахаар интернет банз руу нь зөвшөөрөлгүй нэвтрэн орж, мөнгө шилжүүлсэн үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч,хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бт 2.700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...миний бие гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хохирол төлбөрөө барагдуулсан байгаа...” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал) хавтаст хэрэгт авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Э  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...21 настай, эрэгтэй, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Маркетингийн чиглэлийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг.../, төгсөх дамжааны оюутан зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.

Харин шүүгдэгч Э.Э ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Э.Э д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
  3. Шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Э.Э ыг энэ хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргүүдээс гарахыг хориглосугай.
  4. Э.Э д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Э д сануулсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР