| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01566/И |
| Дугаар | 1833 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 1833
| 2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/01833 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газар хотхонд байрлах Газарчин дээд сургууль ТББ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80-5-4 тоотод байрлах Ус алмаз ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 10.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, хариуцагч Ус алмаз ХХК-ийн захирал Д.Нэргүй, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Газарчин дээд сургууль ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Газарчин дээд сургууль ТББ, Ус-Алмаз ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах тус сургуулийн оюутны дадлагын баазад гүний худаг ухуулах гэрээг байгуулсан.
Гэрээнд 1 метр квадратын үнийг 140.000 төгрөгөөр тооцож, нийт дүн 7.000.000 төгрөг болсноос урьдчилгааны 70 хувь болох 4.900.000 төгрөгийг гэрээ хийсэн өдрөө бэлнээр төлж, Ус алмаз ХХК 2016 оны 8 дугаар сарын 01-ний дотор ажлаа хүлээлгэн өгөхөөр тохиролцон, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан.
Тус компани гэрээнд тусгагдсан ажлыг огт хийгээгүй учраас захирал Д.Нэргүйтэй удаа дараа холбогдож, учрыг асуун хэрэв ажил гүйцэтгэх боломжгүй бол төлбөрөө буцааж өгнө үү гэхэд одоо өгөх боломжгүй байна, байгууллагад орлого орохоор өгье гэсэн хариуг өгсөн бөгөөд манай сургууль гэрээнд заасан хугацаа дууссанаас хойш 8 сарын турш төлбөр төлөх боломжийг олгож хүлээсэн.
Талуудын гэрээнд хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж зааснаар 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийг хүртэлх 4.900.000 төгрөгийн алданги 5.880.000 төгрөг болж байна.
Иймээс ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 4.900.000 төгрөг, алданги 5.880.000 төгрөг, нийт 10.780.000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Газарчин дээд сургууль ТББ, хариуцагч Ус алмаз ХХК бид харилцан тохиролцож, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагынхаа 5.780.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч тал үлдэх 5.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Газарчин дээд сургууль ТББ, хариуцагч Ус алмаз ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 10.780.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэн, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 5.780.000 төгрөгнөөс татгалзаж, 5.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 187430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 47475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Газарчин дээд сургууль ТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ус алмаз ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 10.780.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 5.780.000 төгрөгнөөс татгалзаж, 5.000.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187430 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 47475 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА