Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01863

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд байрлах Орчлон-10 СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 51 дүгээр байрны 63 тоотод оршин суух Боржигон овогт Дашнямын Мөнхтунгалагт холбогдох, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 409.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Орчлон-10 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 51, 53 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор холбоо ажилладаг.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр ус, ариутгалд хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 148.2.3 дахь хэсэгт заасан үүргээ 6 сарын турш биелүүлээгүй бол СӨХ төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.

Иймээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардахад төлөхгүй байгаа тул оршин суугч Д.Мөнхтунгалагаас сууц өмчлөгчдийн холбоонд төлөх 2015 оны 3, 6 сар, мөн оны 9-12 дугаар сарууд, 2016 он, 2017 оны 1-4 дүгээр сарууд, нийт 409.800 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Д.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа : Орчлон-10 СӨХ-оос нэхэмжилж байгаа дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 409.800 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлж барагдуулсан, төлсөн баримтуудаа хэрэгт өгсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Орчлон-10 СӨХ, хариуцагч Д.Мөнхтунгалагаас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 409.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Д.Мөнхтунгалаг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 409.800 төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Хаан банкны хэрэглэгчийн хуулга, орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 409.800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12944 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6472 төгрөг, улсын төсвөөс 6472 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Орчлон-10 СӨХ-ны нэхэмжлэлтэй, Боржигон овогт Дашнямын Мөнхтунгалагт холбогдох, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 409.800 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.Мөнхтунгалагаас улсын тэмдэгтийн хураамж 6472 төгрөг, улсын төсвөөс 6472 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.