Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01894

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01894

Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаадаргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Хөсөг трейд ХХК-ийн байранд байрлах Ээмдэ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Баруун үйлдвэрийн гудамжны 418-1 тоот Суурь ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 36.890.810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийнбичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Ээмдэ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 3 дугаар сарын 01 -ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Суурь ХХК-д харилцан тохиролцсон хайргаа бүрэн нийлүүлсэн боловч үлдэгдэл, нийт 33.530.810 төгрөгийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөхгүй байна.

Талууд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлэн, Тооцооны үлдэгдлийн баталгаа-2-ыг үйлдэж төлбөрийн үлдэгдлээ тулгаж баталгаажуулсан бөгөөд хариуцагч төлбөрийг төлөх талаар ямар ч идэвхи санаачлага гаргахгүй, утсаа авахгүй, холбогдохгүй, олдохгүй байсан тул тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандахад эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тэмдэглэл үйлдсэн.

Дараа нь Суурь ХХК төлбөрийг тээврийн хэрэгсэл оролцуулан төлөхөөр санал гаргасныг бид хүлээн зөвшөөрсөн боловч түүнээс хойш дахин холбогдохгүй, утсаа авахгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйхолбогдсон ч шийдээгүй байна гэх зэргээр компанийг улам ихээр хохироосоор байна.

Иймээс Суурь ХХК, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, асуудлыг эвийн журмаар эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлээгүй учраас зайлшгүй өмгөөлөгчөөс мэргэжлийн туслалцаа авах аргагүй байдалд хүргэснээс гарсан нэмэлт зардал болох өмгөөлөгчид төлсөн хөлс 3.360.000 төгрөг, нийлүүлсэн хайрганы үлдэгдэл 33.530.810 төгрөг, нийт 36.890.810 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компани 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Суурь ХХК-д хайрга нийлүүлэхээр харилцан тохиролцон, бараагаа цаг хугацаанд нь нийлүүлсэн.

Гэвч худалдан авагч төлбөрөө төлөхгүй байсны улмаас хоёр тал уулзаж ярилцаад, тооцон нийлэхэд 33.530.810 төгрөгийн үлдэгдэлтэй гарч, бэлэн болон бус хэлбэрээр төлөхөөр тохирч, хариуцагч төлбөрт суудлын автомашин өгөхөөр болсон болдовч өгөөгүй тул шүүхэд хандсан.

Иймээс нийлүүлсэн хайрганы үнэ 33.530.810 төгрөг, өмгөөлөлийн хөлс 3.360.000 төгрөг , нийт 36.890.810 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 342.404 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Ээмдэ ХХК, хариуцагч Суурь ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт36.890.810 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй, маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Үнэнбаяр шүүх хуралдааны товтой 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр танилцаж гарын үсгээ зурж, түүний 99020880 дугаарын гар утас руу залгаж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

1.Ээмдэ ХХК, хариуцагч Суурь ХХК-нд 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хайрга нийлүүлсэн нь Тооцооны үлдэгдлийн баталгаа-2, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож, талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн байх тул гэрээг байгуулагдсан байна гэж дүгнэв.

2.Талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн дээрх гэрээг байгуулсан тул худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 36.890.810 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

3.Хариуцагч Суурь ХХК хайрга худалдан авч түүний үнэ болох хоёр талын нийлсэн тооцоогоор 33.530.810 төгрөгийн бараа нийлүүлэгдсэн учраас төлөх үүрэгтэйг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ тал дээр маргаагүй.

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Ээмдэ ХХК барааг нийлүүлж, Суурь ХХК хүлээн авсан нь нэхэмжлэгч, төлөгч байгууллагын нягтлан бодогч нар Тооцооны үлдэгдэл-ийн баримтан дээр гарын үсгээ зурж, баталгаажуулснаар нотлогдож байна.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээнэ гэж зааснаар Суурь ХХК-д холбогдох маргаанд өмгөөлөгчийн хөлс 3.360.000 төгрөгийг хэдэн оны, хэдэн сард, хэн гэж өмгөөлөгчийн, ямар дугаартай дансанд шилжүүлсэн болон бэлнээр хүлээлгэн өгсөн болохоо нэхэмжлэгч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, нотлож чадаагүй мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлийн хөлс өгсөн, авсан талаар ямар нэгэн баримт байхгүй гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул өмгөөлөлийн хөлс нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нийлүүлсэн хайрганы үнийг гаргуулах нь хуулинд нийцнэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33.530.810 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 325.604 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Суурь ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 33.530.810 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.360.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.404 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 325.406 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.