Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/0226/Э |
Дугаар | 2022/ШЦТ/254 |
Огноо | 2022-03-14 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/254
2022 03 14 2022/ШЦТ/254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүгдэгч: У.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа,
Улсын яллагч: М.Отгонбаатар нар оролцсон эрүүгийн ..................... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1984 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, ............ тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч У.О нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Уранбэрт такси үйлчилгээ үзүүлэхдээ түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг ашиглан Хаан банкны виза карт, 290.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А7 маркийн гар утсыг нууцаар аван улмаар түүний виза картнаас 9.100.000 төгрөг хууль бусаар авч бусдад 9.390.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн .................... дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 35 дугаар хуудас/,
Хохирогч Ц.У Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Хохирогч Ц.У “...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр... караокеноос гарахдаа өөрийнхөө гар утсаар интернэт банк ороод тооцоогоо хийж гараад Алтай, Сарнай хоёр гэрлүүгээ яваад би Хуягааг Чингэлтэйд байдаг гэрт нь хүргэж өгөөд өөрөө такситай гэрлүүгээ явж байгаад гэрийнхээ ойролцоох гудамжинд ороод гар утсаа гаргаж ирэх гэтэл миний гар утас байхгүй байсан... Тэгээд би таксины жолоочийн гар утсаар нөхөрлүүгээ залгаад таксины мөнгө байна уу гэхэд байгаа гээд би гэрийнхээ гадна очоод нөхрөөсөө бэлэн 20.000 төгрөг аваад таксины жолоочид өгөөд гэртээ орж унтсан.. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банк руу залгахад таны дансанд 30.000 төгрөг байна гэхээр гайхаад дансны хуулгаа үзэхэд миний дансанд байсан 9.000.000 төгрөг байхгүй болсон байсан..Тухайн мөнгийг бэлэн мөнгөний машинаас авсан байсан..Үлдэгдэл мөнгө болон гар утасны мөнгөө бүрэн төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41, 42-43, 46-47 дугаар хуудас/,
Гэрч У.Пүрэвцогтийн “....эх Уранбэр 2022 оны 01 дүгээр сарын 23-наас 2022 оны 01 дүгээр сарын 24-нд шилжих шөнө найзуудтайгаа хамт архи ууж явж байгаад өөрийн гар утсаа хаясан байсан. Улмаар ээжийн данснаас 9.100.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Ээж өөрөө хаана хаясан болон хэнд өгсөн талаараа юу ч санахгүй байсан... таксины жолоочийн гар утсаар над руу залгасан байсан... аав бид хоёр маргааш нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний орой нөгөө таксины жолоочтой очиж уулзахад танай ээж их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байгаад миний машинд үлдээсэн байсан гээд хар цүнхтэй мөнгө гаргаж ирээд аав бид хоёрт тоолж өгсөн. Мөнгийг тоолж үзэхэд 8.630.000 төгрөг байсан... манай ээжид болон манай гэрт тийм хар цүнх байдаггүй. Тэгээд бас тухайн үед манай ээжийг нэг намхан ахтай явж байсан тэр хүнтэй хамт бэлэн мөнгөний машин орж мөнгө авсан. Тэр хамт явж байсан залууг нь гэрт хүргэж өгсөн. Тэр залуу гар утсыг нь авсан байх гэж худлаа яриад байсан. Яагаад гэвэл ээж шөнийн 3 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Унтаж байхад үүрээр 06 цагийн үед данснаас нь мөнгө гарсан байсан….” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэлд “....03:56:26 минутад нэг эрэгтэй орж ирэх бөгөөд Октябрь байв орж ирээд энгэртээ хар өнгийн түрүүвч хийгээд зүүн гартаа хар өнгийн гэртэй утас барьсан байх ба тухайн утасны араас бараан өнгийн карт гаргаж ирээд АТМ-д хийх бөгөөд карт уншиж байх хооронд зүүн гартаа барьсан гар утсыг хоёр гараараа барьж хажуугийн товчийг дарахад гар утас кодгүй нээгдэх бөгөөд....баруун гараараа картын код нэг хийгээд болохгүй байгаа бололтой дахин хийхэд орох бөгөөд үлдэгдлийг шалгаж дэлгэцэн дээр байгаа мөнгөн дүнг хуруугаараа зааж араас нь орныг нь тоолж байгаа мэт үйлдэл хийж байлаа. Үргэлжлүүлэн картын нууц үгийг дахин хийж мөнгөн дүнгээр зарлага хийх бөгөөд картаа эхлээд авч зүүн халаасандаа хийж баруун гараараа АТМ-нээс мөнгөө 03:59:21 минутад авч голоор нь нугалж кармаандаа хийгээд 03:59:25 минутад шууд гарч явах бөгөөд 03:59:43 минут хүртэл бичлэг яваад дуусав...” гэжээ /хх-ийн 15-32 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө болох Samsung A7 маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 290.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Ма Yinshan-ий Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Шүүгдэгч У.О-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн “....2022 оны 01 дүгээр сарын 23-ны орой Хайлаастын 84 дүгээр буудлын ойролцооноос нэг эмэгтэй, эрэгтэй хүн гараа өргөж байхаар нь би зогсоод авсан... хамтявжбайсан эрэгтэй нь нөгөө эмэгтэйн виза картыг авч буугаад бэлэн мөнгөний машин руу ороод буцаж гарч ирээд пин код чинь хэд юм бэ гэхэд нөгөө эмэгтэй 04-02, 02- 04 гэх хоёр дугаарын аль нэгийг нь хэлээд нөгөө эгч машинаас буугаад хамт бэлэн мөнгөний машин ороод буцаад гарч ирсэн... тэгээд би машины ар талаа цэвэрлээд архины шилийг нь хаяж байтал суудлын хажуунаас нөгөө эгчийн гар утсыг олсон. Тэгээд виза картынх нь нууц дугаарыг сонссон болохоор тод оймсын бэлэн мөнгөний машин орж 2.000.000 төгрөг уншуулж авсан. Дараа нь жаахан бодож байгаад Дарь эхийн уулзвар дээр байдаг бэлэн мөнгөний машинаас 5.000.000 төгрөг 1 удаа, 2.000.000 төгрөг 1 удаа авсан... гэрлүүгээ харих замдаа нөгөө хүний гар утсыг цонхоороо гаргаж шидсэн. Хохирол мөнгөө бүгдийг нь барагдуулсан байгаа. Гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч У.О-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 65 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт /хх-ийн 79 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.О нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Уранбэрт такси үйлчилгээ үзүүлэхдээ түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг ашиглан Хаан банкны виза карт, 290.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А7 маркийн гар утсыг нууцаар аван улмаар түүний виза картнаас 9.100.000 төгрөг хууль бусаар авч бусдад 9.390.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч У.О-н мэдүүлэг, хохирогч Ц.У мэдүүлэг, гэрч У.Пүрэвцогтын мэдүүлэг, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл хэрэг болсон даруйд хохирогчоос өөрийн картад байсан мөнгө, гар утсаа алдсанаа мэдүүлж, шүүгдэгчээс хохирогчийн карт, эд зүйлийг авсан нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, шүүгдэгчээс автомат мөнгөний машинаар картыг уншуулж картаас 9.000.000 төгрөгийн зарлага гаргасан болох нь “Хаан” банкны дэлгэрэнгүй хуулгаар тодорхойлогдож, гар утсанд үнэлгээ хийсэн Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болохыг тогтоосон байх тул шүүгдэгч У.О-н үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдож, “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч У.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч У.О-с хохирогч Ц.У-т учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь тогтоогдсон, мөн хохирогч Ц.У-с “..хохирол мөнгөө бүрэн барагдуулан авсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 82/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч У.О-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд У.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, У.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-г 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН