Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01954

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01954

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр, Шарав гудамжны 26-2 байрны 1 тоотод байрлах Урандриллинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза-ийн 13 давхар, 1304 тоотод байрлах Эй даблю Пи ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 15.004.407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Урандриллинг ХХК-ийн захирал С.Өлзийбаяр, хариуцагч Эй даблю Пи ХХК-ийн захирал Т.Билгүүнсоёл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Урандриллинг ХХК нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урандриллинг ХХК, Эй даблю Пи ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Тоног төхөөрөмж түрээсийн гэрээ байгуулж, өрмийн машин түрээслүүлж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэн хамтран ажилласан.

Гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа 30 хоног бөгөөд уг хугацаа дууссан тул талууд харилцан тохиролцож, хугацааг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгасан болно.

Энэ хугацаанд хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 төрлийн 1438338 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 5 төрлийн 164.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13 төрлийн 10235720 төгрөг, нийт 11.838.058 төгрөгийн сэлбэг зээлээр авсан.

Гэрээний хугацаанд 58 хоног ажиллаад, өрмийн машиныг буцаан өгсөн тул өрмийн машины түрээс 58 хоногийг 1 өдрийн 300.000 төгрөгөөр тооцож, 17.400.000 төгрөг, сэлбэгийн үнэ 11.838.058 төгрөг, нийт 29.238.058 төгрөгийн түрээсийн болон сэлбэгийн үнийн тооцоо гарсан.

Эй даблю Пи ХХК, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 9.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 10.235.720 төгрөг, нийт 19.235.720 төгрөгийн төлбөрийг төлсөн бөгөөд 10.002.938 төгрөгийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд төлбөрөө төлөхийг шаардан, 6 удаа очиж уулзан, удаа дараа утсаар ярьсан боловч төлбөрөө төлөхөөс зайлсхийж байна.

Иймд хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл 10.002.938 төгрөг, гэрээний 5.2 дахь хэсэгт заасан алданги 5.001.469 төгрөг, нийт 15.004.407 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Эй даблю Пи ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани тус компаниас түрээсээр машин механизм аваад, ажиллуулсан үнэн. Мөн машины сэлбэг худалдан авсан ч үнэн. Улирлын чанартай ажилладаг болоод түрээс, сэлбэгийн үнийг төлж чадаагүй. Нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэхэд төлж барагдуулна, эвлэрмээр байна. Ойролцоогоор нэхэмжлэгчийн хэлж байгаа мөнгийг төлсөн.

Иймээс үндсэн мөнгийг алданги тооцуулахгүйгээр төлмөөр байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Урандриллинг ХХК, хариуцагч Эй даблю Пи ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлт 15.004.407 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч бид гэрээ байгуулж, техник ашиглаж, сэлбэг авсан нь үнэн тул Эй даблю Пи ХХК-д алданги 5.001.469 төгрөг төлөхгүйгээр, төлбөрийн үлдэгдэл 10.002.938 төгрөгийг төлж, эвлэрэх хүсэлтэй гээд маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

1. Урандриллинг ХХК, хариуцагч Эй даблю Пи ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Тоног төхөөрөмж түрээсийн гэрээ-г Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан нь нотлогдож байна.

2.Талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн дээрх гэрээг байгуулсан тул түрээсийнгэрээний үүргийн биелэлт 15.004.407 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

3.Хариуцагч Эй даблю Пи ХХК өрмийн машин түрээслэж, гэрээний хугацааг сунгах үедээ нэхэмжлэгчээс машины сэлбэг худалдан авсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй хэдий ч шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар сэлбэгийн үнэ болох 11.838.058 төгрөгийн бараа нийлүүлэгдсэн учраас хариуцагч төлөх үүрэгтэй ба талууд маргаагүй.

4.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхтэй.

Иймээс хариуцагч Эй даблю Пи ХХК, Урандриллинг ХХК-д түрээсийн төлбөр болон сэлбэгийн үнэ нийт 29.238.085 төгрөг төлөх ёстойгоос хоёр удаагийн үйлдлээр төлсөн 19.235.720 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр болон алданги тооцоод 15.004.407 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.004.407 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 229.225 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаархариуцагч Эй даблю Пи ХХК-иас 15.004.407 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчУрандриллинг ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.225 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 229.225 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.