Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 181/2016/01768/и |
Дугаар | 2089 |
Огноо | 2017-09-20 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2089
“Г.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/01516 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Г.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Л.Г” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 17 996 068 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
“Г.Х” ХХК-тай байгуулсан зургийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 36 093 224 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани "Л.Х" ХХК-тай буюу одоогийн "Л.Г" ХХК-тай харилцан тохиролцож, Төв аймгийн Зуунмод сум, Номт 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн газар дээр баригдах 363 айлын "Бугат" хорооллын эскиз зураг төслийг боловсруулах, гадна дулаан, цахилгаан, усан хангамж ариутгах татуургын шугамын байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, магадлал хийлгэх ажлыг хийх, захиалагч ажлын хөлсөнд 114 216 050 төгрөг төлөхөөр 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр А/201504 тоот зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ерөнхий төлөвлөгөө өндөржилт, 240 айлын сууц /иж бүрэн/, 104 айлын сууцны Барилга архитектур, барилга бүтээцийн зураг, гадна дулааны зураг /240 айлын зураг бүрэн, 123 айлын ачаалал тооцогдсон/, гадна цэвэр бохир, усны зураг /240 айл бүрэн/ зэрэг ажлуудыг гүйцэтгэж, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн. Зураг төслийн ажил гүйцэтгэх тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т гүйцэтгэгч барилгын ажлын зураг төслийг ажлын 45 хоногт хийж гүйцэтгэнэ гэж зааж харилцан тохиролцсон боловч захиалагч талаас шалтгаалан өнөөдрийг хүртэл гэрээний хугацаа сунжирч байна. Захиалагч цахилгааны техникийн нөхцөл гараагүй, 123 айлын хэсэгт газрын захирамж нь гараагүй гэх шалтгааны улмаас зураг төслийн ажил түр зогссон. Захиалагчтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр газрынх нь зөвшөөрөл, техникийн нөхцлүүд нь гарсан 240 айлын хэсгийн зураг төслийг цахилгааны техникийн нөхцөл гарсны дараа гадна цахилгааны зураг төслийг боловсруулж, магадлалаар оруулахаар тохиролцсон. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасны дагуу гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д төлбөрийн нөхцлийн талаар гэрээлэгч талууд харилцан тохиролцсон. Гүйцэтгэсэн ажлын тайланг тухай бүр хүргүүлж байсан бөгөөд гүйцэтгэсэн зураг төслийн үнэ 50 963 918 төгрөг болсон. Үүнээс гэрээний дагуу урьдчилгаанд 16 383 000 төгрөг, бартераар 19 710 220 төгрөгийн үнэ бүхий барилгын материал хүлээн авсан. Нийт 36 093 220 төгрөгийн санхүүжилт авсан. Хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 17 996 068/ НӨАТ орсон дүн/ төгрөгийг олгохыг хүсэж, захиалагч "Л.Г" ХХК-д албан бичиг, тооцооны хуудсын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямарч төлбөр төлөөгүй тул шүүхэд хандаж байгаа болно. Иймд Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын хөлсний үлдэгдэл 17 996 068 төгрөгийг "Л.Г" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний нөхцөлийн 1-ийн 1.2-т зааснаар зураг төслөө бүрэн гүйцэтгэж, магадлал хийснээр ажлын хөлсийг төлнө гэсэн. Гэрээний үүргээ гүйцэтгээгүй. Ажлын гүйцэтгэлийн 50 хувийг гүйцэтгэсэн гэж үзэхгүй байгаа. Аливаа барилгын зураг нь тухайн объектын үнэтэй харьцуулан бодит зардлаас бараг 3 дахин өндөр үнээр үнэлэгддэг. Өөрөөр хэлбэл 1/3 нь хариуцлагын үнэ, 1/3 нь хяналтын, 1/3 нь оюуны өмч, зургийн үнэ гэж анхнаасаа үнэлгээг зохиодог. Барилгын зураг нь тухайн зураг хийсэн этгээдийн оюуны өмч байдаг учир өөр этгээд тухайн зургийг гүйцээн зурах гэсэн зохицуулалт байхгүй. Зураг батлагдаж тухайн зургаар барилга баригдаж байгаа бүх тохиолдолд зурсан этгээд байнгын хяналт тавьж, хариуцлага хүлээх ёстой. Хэрэв зураг буруудаж барилга нурах болон бусад асуудал үүсвэл зураг зурсан этгээд хариуцлага хүлээдэг учир өмнөх этгээдийн өмнөөс дараагийн хүн хариуцлага хүлээх ойлголт байхгүй. Хэрэв өөр этгээдээр зуруулах болбол тэр этгээд бүх зургийг өөрөө дахин зурах хуулийн шаардлага үүсдэг учир гэрээг хүчингүй болгон өөр этгээдтэй дахин шинээр гэрээ байгуулах шаардлага үүсч байна. Мөн баригдаж байгаа барилгад өөрчлөлт оруулах шаардлага үүсэхэд зураг хийсэн этгээдээс зөвшөөрөл авдаг. Хэрэв зургийг өөр этгээд үргэлжлүүлэн зураад барилга баригдаж эхлээд “Г.Х" ХХК-ийн зурсан хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай болоход “Г.Х" ХХК-иас зөвшөөрөл авах ба гэрээ хэлцэл дуусгавар болсон ч манай байгууллага “Г.Х" ХХК-иас хараат байх болж байна. Хэрэв “Г.Х" ХХК нь цаашид үргэлжлүүлэн зурахаас татгалзаж байгаа бол нийт зургийн үнээс хариуцлага (үнийн дүнгийн 1/3), хяналт (үнийн дүнгийн 1/3)-нд хамаарах үнийг хасаж тооцох ёстой. Манай компани “Г.Х" ХХК-д зургийн хөлсөнд 36 093 220 төгрөг төлсөн болно. “Г.Х" ХХК-ийн нэхэмжилж байгаа 17 996 068 төгрөгтэй нийлээд 54 089 288 төгрөг болно. Үүнээс хариуцлага, хяналтын дүнг хасахад 18 029 762 төгрөг болох ба энэ нь зургийн оюуны өмч, ажлын хөлс болж байна. Гэтэл “Г.Х" ХХК нь ажлын хөлснөөсөө 2 дахин их мөнгө авсан боловч дахин хяналт, хариуцлагын мөнгө нэхэж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хариуцлага хүлээхгүй, хяналт тавихгүй гэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн гол утга нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй. Зураг төсөл зохиогч магадлал хийх үүрэгтэй гэж заасан. Тус дүүргийн шүүхэд "Г.Х" ХХК нь "Л.Г" ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын хөлсний үлдэгдэл 17 996 068 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг "Л.Г" ХХК эс зөвшөөрсөн ба 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн үндэслэл ба шаардлагаа өөрчилж, "Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээнээс татгалзах" тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Маргалдагч тал өөрчилсөн сөрөг нэхэмжлэлийг гардан авсан боловч тоо болон, чанарын ямар ч үр дүн гарсангүй, шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй. Иймд "ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээнээс татгалзах" болсон тул "Л.Г" ХХК-иас гэрээний урьдчилгаа болгон “Г.Х" ХХК-д өгсөн 36 093 224 төгрөгийг буцаан гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар болон нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай /2012 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар зураг төсөл зохиогч нь боловсруулсан зураг төсөлдөө магадлал хийлгэх шаардлагатай байдаг. Ийнхүү магадлал хийлгэхэд захиалагч Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 15.1.1 дэх зааснаар газрын зөвшөөрөл, цахилгааны техникийн нөхцөлийг бүрдүүлсэн байх үүрэгтэй. Гэтэл 363 айлын зураг төсөлд газрын зөвшөөрөл, цахилгааны техникийн нөхцөл дутуу байгаа учраас магадлал хийлгэх боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэл захиалагчаас шалтгаалан саатсан. Барилгын зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн дагуу Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэх зураг төслийн шаардлага, бүрдлийг хангаагүй байна. Гэтэл захиалагч цахилгааны техникийн нөхцөлийг гаргаж өгөөгүйгээс гадна 123 айлын хэсэгт газрын захирамж нь гараагүй гэх шалтгааны улмаас зураг төслийн ажил зогссон. Захиалагч гэрээний 2-р зүйлийн 2.1-д заасан үүргээ зөрчсөнөөс бүтэн 2 жилийн хугацаа өнгөрч, гүйцэтгэгч тал гэрээг цуцлах хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн ажлынхаа хөлсийг авч чадахгүй хохирсон. Хариуцагч "Л.Г" ХХК нь газрын зөвшөөрөл, техникийн нөхцөлийг бүрдүүлэх тухай гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй гэдэг нь тодорхой болж гэрээнээс татгалзсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 17 996 068 төгрөгийг "Л.Г" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Л.Г" ХХК-иас 17 996 068 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч "Ган харш" ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “Г.Х" ХХК-иас 36 093 224 төгрөгийг гаргуулах хариуцагч "Л.Г" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Г.Х" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 930 төгрөгийг, хариуцагч "Л.Г" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 067 486 төгрөгөөс 338 416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 729 069 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан хариуцагч "Л.Г" ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь "шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны" байх зарчимд нийцсэнгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 1 дүгээр ээлжийн төлбөр гэрээ байгуулснаас 7 хоногийн дотор гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 11 421 605 төгрөг, 2 дугаар ээлжийн төлбөр барилгын зураг төслийн 50 хувь буюу хийгдсэний дараа гэрээний үнийн дүнгийн 35 хувь буюу 39 975 617 төгрөгийг буюу 1, 2-р ээлжийн ажлын хөлсөнд нийтдээ 51 397 222 төгрөгийн ажлын хөлсийг захиалагч гүйцэтгэгчид төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл захиалагч "Л.Х" ХХК нь гүйцэтгэгч "Г.Х" ХХК-д гэрээний явцад буюу 1, 2-р ээлжийн ажлын хөлсөнд 36 093 220 төгрөгийг төлсөн. Үүнээс 16 383 000 төгрөгийг мөнгөөр 19 710 220 төгрөгийг бараа материалаар төлсөн байна. 15 304 002 төгрөгийн ажлын хөлс төлөөгүй байхад шүүгч хариуцагч нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Гүйцэтгэсэн зураг төслийн ажлын үнийг зураг төслийн жишиг үнийн норм болон гэрээнд тусгасан хөнгөлөлтүүдийг бодолцон тооцоход 50 693 918 төгрөг болсон бөгөөд НӨАТ-гүй дүн юм. Гүйцэтгэсэн зураг төслийн ажлын үнийн дүн НӨАТ-тай 56 060 309 төгрөг бөгөөд үүнээс мөнгөөр авсан 16 383 000 төгрөг бартераар авсан материал НӨАТ-тайгаа 21 681 242 төгрөгийг хасвал үлдэгдэл нь 17 996 068 төгрөгийн ажлын хөлс төлөгдөөгүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн зураг төслийн жагсаалт нь нэхэмжлэгчийн шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нотлох баримтаар гаргаж өгсөн зураг төслийн жагсаалтаас зөрүүтэй байна. " гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад зураг төслийн ажлыг хүлээн аваагүй гэж маргаагүй зөвхөн хүлээн авсан зураг төсөл нь гэрээнд заасан ажлын 50 хувь болох эсэх мөн ажлын хөлсний хэмжээн дээр маргасан. 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр "Л.Х" ХХК-д 240 айлын сууцны барилгын зургийн эхний ээлжинд гаргаж хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нь баримтаар хүлээлгэн өгсөн зурагны 1-р боть юм. Нотлох баримтаар гаргаж өгсөн бусад 4 боть зургийг 2015 онд буюу шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гүйцэтгэж, захиалагчийн төлөөлөгч буюу шүүхэд хариуцагчийг төлөөлсөн Ж.Н-т үзүүлж, танилцуулсан. Зураг төслийн ажлын гэрээний 2 дахь шатны төлбөр хийгдээгүйн улмаас захиалагчид зургийг хүлээлгэн өгөөгүй, захиалагчийг төлбөрөө төлөөд ав гэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. Хариуцагч ажлын хөлсний үлдэгдлийг төлөхгүй гэж маргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар няцааж чадаагүй, зөвхөн гэрээнээс татгалзаж байна гэсэн тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар няцаагаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг хохирсон дээр нь хохироосон хууль бус, шударга бус шийдвэр гарсан. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасны дагуу захиалагч "Л.Х" ХХК нь захиалагч зургийн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хариуцагчийн "Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах" сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй. Гүйцэтгэгч “Г.Х" ХХК нь талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан "Зураг төслийн ажил гүйцэтгэх № А/201504 дугаартай гэрээ"-ний 1.2-д гүйцэтгэгч нь захиалагчийн газар дээр баригдах 363 айлын "Бугат" хорооллын эскиз зураг өөрчлөх, засварлах, иж бүрэн зураг төслийг боловсруулах, гадна дулаан, цахилгаан, усан хангамж ариутгах татуургын шугамын байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, магадлал хийлгэх ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, захилагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлээгүй, биелүүлэх хугацаа гаргаж өгсөн боловч биелүүлээгүй, биелүүлсэн ч ач холбогдолгүй болсон тул захиалагч "Л.Г" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээнээс татгалзаж, гүйцэтгэгчид урьдчилгаа болгон өгсөн 36 093 224 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүх "Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна" гэсэн алдаатай дүгнэлт хийсэн. Учир нь хариуцагч хэзээ ч нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж гомдол гаргаж байгаагүй. Учир нь ажил гүйцэтгэх хугацаа нь гэрээний 1.4-д зааснаар 45 хоног гэж заасан боловч мөн 1.4-д зааснаар "Энэхүү хугацаанд холбогдох газруудаас зөвшөөрөл авах хугацаа ороогүй болно" гэж тохирсон. Захиалагч тал ажил гүйцэтгэгчид 240 айлын хэмжээнд шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн гаргаж өгсөөр байтал 240 айлын зураг дээр ажил гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй гэж бид маргаж, ямар ч бүрэн гүйцэд зураг хүлээн аваагүй тул гэрээг цуцалж, гэрээнээс татгалзаж, урьдчилгаа мөнгөө нэхсэн. Иймд гомдлын үндэслэлийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Г.Х” ХХК нь хариуцагч “Л.Г” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 17 996 068 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч “Г.Х” ХХК-тай байгуулсан зургийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 36 093 224 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А/201504 дугаар Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаангүй байна.
Уг гэрээгээр нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сум Номт 1-р багийн нутаг дэвсгэрт баригдах 363 айлын “Бугат” хорооллын эскиз зураг өөрчлөх, засварлах, иж бүрэн зураг төслийг боловсруулах, гадна дулаан, цахилгаан усан хангамж ариутгах татуургын шугамын байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулж, магадлал хийлгэж, гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж өгөх, хариуцагч ажлын зураг төсөл зохиоход шаардлагатай газар олголтын шийдвэр, инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцлийг гэрээ батлагдсанаас хойш 3 хоногийн дотор өгөх, ажлын хөлсийг графикт заасан нөхцлөөр 114 216 050 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон байна.
/хх-5-12 дахь тал/
Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Талууд ажил гүйцэтгэх гэрээгээр 363 айлын зураг зурахаар тохиролцсон бөгөөд уг гэрээгээр тохиролцсон ажлаас 240 айлын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэж өгсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлээ тайлбарласныг хариуцагч няцаан нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй, магадлал хийснээр ажлын хөлсийг төлнө, ажлын гүйцэтгэлийн 50 хувийг гүйцэтгэсэн гэж тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.
Зохигчдын байгуулсан гэрээний 4.1-д гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор 1 дүгээр ээлжийн төлбөрт 10 хувь буюу 11 421 605 төгрөг, Барилгын зураг төслийн ажлын 50 хувь хийгдсэний дараа 2 дугаар ээлжийн төлбөрт 35 хувь буюу 39 975 617.5 төгрөг төлөхөөр талууд тохиролцжээ.
Хэргийн 157-169 дүгээр талд 2015 он гэсэн 240 айлын “Бугат” орон сууцны хорооллын барилгын зураг төсөл дээр “Г.Х” ХХК-ийн захирал болон “Л.Х” ХХК-ийн захирлын гарын үсэг зурагдсан баримт хэрэгт авагдсан байна. Мөн хэргийн 15 дугаар талд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч нь хариуцагчаас 240 айлын орон сууцны зураг төслийг бүрэн боловсруулж, хүлээлгэн өгсөн тул гүйцэтгэсэн зураг төслийн ажлын үлдэгдэл төлбөр 17 563 300 төгрөг шаардаж байсан тухай 031/16 тоот албан бичиг, хэргийн 86 дугаар талд 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Л.Х” ХХК-ийн Бугат хороолол 240 айлын зураг төсөл боловсруулж хүлээлгэж өгсөн тухай акт авагдсан байх ба уг актад талууд гарын үсэг зурсан баримт байна.
Дээрх хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбарыг хооронд нь харьцуулан дүгнэвэл 240 айлын орон сууцны барилгын зураг төслийг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.
Энэхүү зураг төсөл нь доголдолтой байсан эсэх, хэрвээ доголдолтой байсан бол зохих журмын дагуу гомдлын шаардлага гаргасан эсэх, гомдлын шаардлага гаргасан байтал уг доголдлыг арилгах боломжгүй байгаа тохиолдолд нөгөө талын татгалзах эрх үүснэ. Эдгээр нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг дараах байдлаар залруулах боломжтой.
Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний 4.2-т ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бөгөөд тухайн хэсгийн ажлын үр дүнг нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэгч хөлс шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч эхний 2 ээлжийн төлбөрт 51 397 222 төгрөг гэж нэхэмжилснээс түүний хүлээн зөвшөөрч бартераар 19 710 220 төгрөгийн бараа материал авсан, урьдчилгаанд 16 383 000 төгрөг авсныг хасч тооцвол 17 996 068 төгрөг биш, 15 304 002 төгрөг болж байх тул хариуцагч “Л.Г” ХХК-иас 15 304 002 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г.Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 692 066 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 36 093 224 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь нэхэмжлэгч ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд биет байдлын доголдолгүй, иж бүрнээр нь гүйцэтгэн, магадлал хийлгэж өгөөгүй тул уг зургаар барилга байгууламж барих боломжгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь гэрээний 2.1-д заасан зураг төсөл зохиоход шаардлагатай батлагдсан газар олголтын шийдвэр, инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцлийг бэлтгэн нэхэмжлэгчид гэрээ батлагдсанаас хойш 3 хоногийн дотор өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс зураг төслийн ажил хугацаандаа дуусаагүй, магадлалын ажил хийгдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан Төв аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/649 дүгээр газар эзэмшүүлэх тухай захирамж, “Л.Х“ ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн газар эзэмших 000313606 дугаар гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 73/2016 дугаар “Л.Х” ХХК-ийн орон сууцны хорооллын цахилгаан хангамжийн техникийн нөхцөл зэрэг баримтаар тогтоогджээ.
Талуудын байгуулсан гэрээгээр зураг төслийг зурж дууссаны дараа магадлалын ажил хийлгэхээр гүйцэтгэгч тал хариуцсан боловч захиалагч нь гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс уг ажил хийгдээгүй байна.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл доголдлын улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, уг байдлыг баримтаар нотолж чадаагүй учраас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/01516 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л.Г” ХХК-иас 15 304 002 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г.Х" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 692 066 төгрөгт холбогдох хэсгийг, “Г.Х” ХХК-тай байгуулсан зургийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 36 093 224 төгрөг гаргуулах тухай “Л.Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч “Л.Г” ХХК-иас 234 470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г.Х” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Л.Г” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 815 506 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Г.Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ