Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2019/0430

 

2019 оны 07 сарын 08 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: А ХХХК-ийн эзэмшлийн XV-018940 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, XV-018940 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: манай компани нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Салхит нэртэй 1411,53 га талбай бүхий XV-018940 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаа ба Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөлийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн.

Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд анх 3 жилээр олгож, цаашид 3 жилээр 3 удаа сунгаж, нийт 12 жил эзэмшүүлж болох хуулийн заалттай байдаг. Тус компанийн хувьцаа эзэмшигч С.Э нь хүнд өвчний улмаас байнгын дотрын эмчийн хяналтад байдаг ба 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Цаашид хэвтрийн дэглэм барьж, эмчлүүлэх шаардлагатай болсон тул гэрээр эмчилгээ хийлгэж, байнгын эмчилгээтэй байгаа болно. Мөн тухайн үед компанийн удирдлага болон геологич нар хөдөө хайгуулын ажилд яваад эзгүй байсан. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан XV-018940 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 дэх удаагийн сунгуулах ажлыг хөөцөлдөж чадаагүй болно.

Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хийлгэх талаар манай компанид албан бичгээр болон өөрийн мэдээллийн сайтаар мэдэгдээгүй. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлөх сануулгыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн сайтан дээр Аж ахуйн нэгжийн анхаарлын буланд тавьсныг манай компанийн нягтлан үзэж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлж, хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 дэх удаагийн сунгалтыг хийлгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах үйлчилгээний хөлс, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн геологийн тодорхойлолт зэрэг баримтуудыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн өрөөнд өгсөн боловч Кадастрын хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө өгөөгүй байна гэсэн үндэслэлээр манай хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн баримтыг хүлээн аваагүй буцаасан.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газарт дээрх шалтгаан нөхцөлийг дурдсан тус хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авна уу гэх хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар албан бичгээр хандсан боловч 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7/6789 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хуульд заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлтийг ирүүлээгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7/8700 дүгээр албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариу өгсөн тул 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19/002 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад дээрх нөхцөл, байдлыг дурдаж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай гомдол гаргасан боловч 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/960 дүгээр албан бичгээр танай компанийн эзэмшлийн XV-018940 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг тус тус өгсөн.

Ийнхүү төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж, өргөдлийг хүлээн авч, хянан шийдвэрлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

Хоёрт, Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн хууль бус эс үйлдэхүй нь тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухайд, А ХХХК-ийн удирдлага болох захирал С.Э нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд төдийгүй тус компанийн банк дахь харилцах данснаас зөвхөн түүний гарын үсгээр гүйлгээ хийгддэг. Гэтэл гүйцэтгэх захирал С.Э эрүүл мэндийн шалтгааны улмаас 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн. Улмаар эмнэлгээс гараад цаашид хэвтрийн дэглэм барьж, эмчлүүлэх шаардлагатай болсон тул гэрээр эмчилгээ хийлгэн байнгын эмчилгээтэй байсан.

Дээрх шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаж чадаагүй юм. Энэхүү шалтгаан нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.а.өвчтэй, 4.1.8.б.эмчилгээ хийлгэж байгаа гэж заасны дагуу татвар төлөх болон бусад үүргээс хойшлуулж болох хүндэтгэн үзэх шалтгаан юм.

Нэхэмжлэгч компани нь тус тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, хариуцлагыг бүрэн ухамсарлаж, биелүүлсээр ирсэн бөгөөд 3 жилийн хугацаанд нийт 15,624,534 төгрөгийн хөрөнгийг зарцуулсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосны улмаас уг хөрөнгө оруулалт нь үнэгүйдэж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрээд байна.

А ХХХК нь тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө гаргах гэсэн боловч хариуцагч өргөдлийг хүлээн авахаас татгалзсан үйл баримт нь Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч хянаад хуулийн шаардлага хангаж байвал сунгаж шийдвэрлэх эсхүл хуулийн шаардлага хангахгүй байвал өргөдлийг хангахгүй орхих, татгалзах хуулийн зохицуулалттай.

Гэтэл төрийн захиргааны байгууллага болох хариуцагчийн өргөдлийг хүлээн авахгүй байгаа хууль бус үйлдэл нь үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн өргөдлөө хугацаандаа гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулсны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-т заасны дагуу шийдвэрлэх ёстой байтал энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа зөвхөн нэхэмжлэгч компанийг буруутгаж, түүний эрх, ашгийг ноцтой зөрчиж, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэх үндэслэлээр хязгаарлаж дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхийг үндэслэлгүй хязгаарлаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Гуравт, Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмыг биелүүлж ажиллаж байсан тухайд, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч жил бүр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тодорхой үүрэг, хариуцлагуудыг хүлээж ажилладаг бөгөөд А ХХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах, 34 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх гэсэн зүйл, заалтуудыг жил бүр биелүүлж, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай шаардлага хангасан баримтуудыг хуулийн хугацаанд гаргаж хянуулж байсан.

А ХХХК нь Ашигт малтмалын газарт 2016-2018 онд хайгуулын ажлын төлөвлөгөө, 2015-2017 онд хайгуулын жилийн тайлан, 2015-2017 онд геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулж хянуулж байсан нь энэхүү нэхэмжлэлд хавсаргасан Геологийн албаны тодорхойлолтоор нотлогдож байна.

...Бидний зүгээс дээд шатны албан тушаалтад хандаж гаргасан хүсэлтдээ Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг хянан шалгаж тогтоох, нөгөө талаар төрийн захиргааны байгууллагын холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж нь тухай харилцаанд оролцогчдын эрх, ашгийг хөндсөн шийдвэр гаргасан бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5 дахь хэсэгт заасны дагуу бодит нөхцөл, байдлыг тогтоох, шаардлагатай тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл, байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаа явуулах үүрэгтэй гэж хуульчилсан тул Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсгох ажиллагаа явуулж, дээрх эрхээ хамгаалуулах боломж олгохыг хүссэн юм.

Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргээ биелүүлж, ажиллахгүй байгаа нь нотлогдож байгаа төдийгүй дээрх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасан. Манай компанийн хаяг, утасны дугаар өөрчлөгдөөгүй тул хуульд заасан хэлбэрээр мэдэгдэх үүрэг төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байсан. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь давхар нотлогдож байна.

Дээрх байдлаас үзэхэд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа баримталж ажиллахгүй байгаа байдал ажиллагдаж байна.

...А ХХХК-ийн эзэмшлийн XV-018940 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, XV-018940 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн Мянгад сумын нутаг Салхит нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-018940 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр А ХХХК-д олгосон байна.

А ХХХК нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, сунгуулах өргөдөлд хавсаргахаар заасан баримтуудыг бүрдүүлж тус газрын Кадастрын хэлтэст хандсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хугацаа хоцорч өргөдөл гаргах болсон шалтгаанд гадны хүчин зүйл /өвчтэй, эзгүй байсан/ нөлөөлсөн гэж үзэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийг зөвтгөх боломжгүй.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсаргахаар заасан ба Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасан бөгөөд А ХХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-018940 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дууссан байна.

Тодруулбал, хайгуулын XV-018940 дүгээр тусгай зөвшөөрлийг эзэмшигч А ХХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болжээ гэсэн үг.

А ХХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахыг хүссэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18/054 дүгээр албан бичгүүдийн хариуг тус газрын Кадастрын хэлтсээс хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7/6789, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7/8700 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.

Мөн түүнчлэн тус компанийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19/002 дугаар албан бичигт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/960 дугаартай XV-018940 тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А ХХХК нь тус компанийн эзэмшлийн XV-018940 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, XV-018940 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харвал, нэхэмжлэгч А ХХХК-д Ховд аймгийн Мянгад сумын Салхит нэртэй газарт 1411 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-018940 тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3 жилийн хугацаагаар буюу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосон[1] байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, ... гээд уг өргөдөлд хуулийн 22.1.1-22.1.4-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэрэг баримт бичгүүдийг хавсаргаж өгөхөөр зохицуулсан байна.

Нэхэмжлэгч А ХХХК-ийн XV-018940 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох тул Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг холбогдох баримт бичгүүдийн хамт 1 сарын өмнө буюу 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргах ёстой байжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч өөрөө хуульд заасан хугацаанд өргөдөл, хүсэлтээ гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө гэх тайлбараас үзвэл, нэхэмжлэгч А ХХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст XV-018940 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг огт гаргаагүй болох нь тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ нэгт, хүнд өвчний улмаас байнгын дотрын эмчийн хяналтад байдаг ба 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Цаашид хэвтрийн дэглэм барин эмчлүүлэх шаардлагатай болсон тул гэрээр эмчилгээ хийлгэж байнгын эмчилгээтэй байгаа болно[2] гэж тайлбарлаж, амбулаторын картыг хавсаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Архангай аймгийн рашаан сувилалд эмчлүүлсэн, ...09 дүгээр сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл дахин эмнэлэгт хэвтсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл гэртээ хэвтрийн дэглэм барих эмчийн магадлагаа[3] хавсаргажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдөр, 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж ойлгох хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ... өргөдлийг ... гаргана гэдэгт нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө хэдийд ч тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө гаргах боломжтой байсан гэж үзэх төдийгүй улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдөр, 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд нэхэмжлэгч компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг гаргах боломжтой байсан гэж шүүх үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Архангай аймгийн рашаан сувилалд эмчлүүлсэн, 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд томилолтоор явсан гэж тайлбарлах боловч рашаанд явсан нь гэрчийн мэдүүлгээс өөр баримтаар давхар нотлогдоогүй, мөн Төв аймгийн Баян сумын нутагт орших уурхайн талбайд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр томилолттой[4] байсныг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хариуцагч Төрийн захиргааны байгууллагад гаргахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан үзэх үндэслэлгүй байна.

Хоёрт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ...тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө гаргах гэсэн боловч хариуцагч өргөдлийг хүлээн авахаас татгалзсан, ...хуульд тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч хянаад хуулийн шаардлага хангаж байвал сунгаж шийдвэрлэх, эсхүл хуулийн шаардлага хангахгүй бол татгалзах зохицуулалттай. ...Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн өргөдлөө хугацаандаа гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулсны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-т заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан[5] гэж тайлбарлажээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19/002 дугаар албан бичигт[6] ...хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтаа хийлгэх тухай холбогдох материалаа бүрдүүлэн өгөөгүй, ...хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаандаа төлөх талаар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар өөрийн сайтад тавьсан байсныг манай компанийн нягтлан бодогч харснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлж, бүртгэл хийлгэхээр өгсөн, ...нэг сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлөө өгөөгүй байна гэдэг үндэслэлээр манай компанийн тусгай зөвшөөрлийн төлбөрийн баримтыг хүлээн аваагүй тул 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 23 тоот хүсэлтийг гаргасан гэжээ.

Улмаар нэхэмжлэгчийн хугацаа сунгуулахаар гаргасан 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 23 тоот[7] хүсэлтэд хариуцагчаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7/6789 дүгээр албан бичгээр[8] ...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж өгөх ёстой байдаг. Иймд дээрх хуульд заасны дагуу...хүсэлтийг ирүүлээгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөн байна.

Иймд нэхэмжлэгчээс XV-018940 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага гаргаж маргасан нь үндэслэлгүй байна.

Гуравт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-24.5-д заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ажиллагаа хийх, шаардлагатай тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ёстой гэж тайлбарлаж, төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй[9] гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан нь түүнийг дуусгавар болгох үндэслэл болохыг мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан, энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага бие даасан захиргааны акт гаргадаггүй байх тул нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаар болон уг үндэслэлээр тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талаар мэдэгдэх үүргийг хариуцагч захиргааны байгууллагад хуулиар хүлээлгээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно, 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж заасны дагуу нэхэмжлэгч А ХХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг гаргаагүй байх тул хариуцагчаас тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХХК-ийн XV-018940 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, XV-018940 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ