| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0074/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/68 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2124000000094 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Хөх толгой гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6,4667 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын төв рүү “Маяти” маркийн 83-51 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 1,090,641 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Хөх толгой гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6,4667 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын төв рүү “Маяти” маркийн 83-51 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 1,090,641 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч Б.Б: “...Өгөөмөр багийн иргэн ******* ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу үнэн, зөв шалгаж шийдвэрлэх хэрэгтэй. Мод бэлтгэх зөвшөөрлийн бичиггүй удаа дараа мод бэлтгээд байвал цаашдаа олон хүн хохирох болно. Сумын ойн санд учруулсан хохирол болон Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг зохих журмын дагуу олгож байсан. Зөвшөөрлийн бичгийг байгаль хамгаалагч Б.О олгодог...” гэсэн мэдүүлэг /хх 13/,
Гэрч Б.Пийн: “...Тэр үед сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Баян-Айраг багийн дарга нартай хамт Нуур, Баян-Айраг багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. Тэгээд бид нар Нуур багийн нутаг Цастайн даваан дээр явж байсан чинь ******* нь “Маяти” маркийн машин дээр мод ачсан явж байсан. Тэгээд бид нар бууж уулзсан чинь Нуур багийн “Хөх толгой” гэх газраас мод бэлтгээд явж байна гэсэн. Тэгээд уулзаж байгаад гарал үүслийн зөвшөөрөл аваагүй холоос авч чадсангүй. Эхнэрийн бие нь өвдөөд байгаа болохоор чадсангүй гэж хэлж байсан. Нуур багийн “Хөх толгой” гэдэг газраас бэлтгэсэн гэж байх шиг байсан. Тэгээд өөрийн эзэмшлийн “Маяти” маркийн машинд ачаад явж байсан. Тэгээд Ж.Г байцаагч уулзаад зураг хөргийг нь аваад явуулсан. “Маяти” маркийн машинд хөндлөнгөөр нь ачсан шинэс төрлийн мод байсан. “Маяти” маркийн машинд ачсан тэгж их ачаагүй ямар ч байсан аравчтай нь чацуу шахуу ачсан байх шиг байсан. Өвлийнхөө түлшийг бэлдэж байна гэж ярьж байсан. Мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх 17/,
Гэрч Ж.Г: “...Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/21 дугаар урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх удирдамжийн биелэлтийг хангах мөн Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт сумын засаг даргын тамгын газрын Хантар маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклтой хяналт шалгалтаар ажилласан юм. Хяналт шалгалтаар явах үед 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Нуур багийн нутаг Цастайн Дөрөлж уруудаад мод ачсан машин орж ирж байхаар нь яваад очсон. Тэгсэн тухайн моднуудыг Өгөөмөр багийн иргэн ******* гэх хүн эрхийн бичиггүй ойгоос мод бэлтгээд тээвэрлэж явсан. ******* өөрөө мод бэлтгэсэн газраа нарийн сайн хэлээд “Хөх толгой” гэж хэлсэн. Тухайн үед *******ын ойгоос бэлтгээд тээвэрлэж явсан гэх моднууд нь 1.80 метрийн урттай тайрч бэлтгэсэн хуурай, шинэс төрлийн галын түлээний моднууд байсан. Тухайн моднуудыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ойгоос бэлтгэсэн болов уу гэмээр шинэ хөрөөдлөгөтэй моднууд байсан. ******* нь цагаан өнгийн “Маяти” маркийн 83-51 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад ганцаараа сумын төв рүү явж байсан. Өвлийн түлээгээ бэлдэж байна гэж байсан. Миний зүгээс ******* нь мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхийг байгаль хамгаалагч Б.Огээс тэр үед асуухад манай байгаль хамгаалагч тухайн иргэнийг ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж надад хэлсэн юм. Тэгэхээр ******* нь 2021 оны 07 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болж таараад байгаа юм. Манай суманд түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг авахдаа сумын байгаль хамгаалагчтай уулзаад шууд бичүүлж авах бүрэн боломжтой. 2021 оны 07 дугаар сард иргэдэд түлээний мод бэлтгэх эрхийн бичгийн хангалттай олгож байсан...” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,
Гэрч Г.Н: “...Манайх 2021 оны зун Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Бүст нуурын ард хүргэн ******* айл саахалт зуссан. Тэгээд 07 дугаар сарын 10-ны өдөр С өөрөө ирээд би Хөх толгойд хэдэн мод хийчихлээ ачилцаад өгөөч гэж гуйсан. Тэгээд төр өдөр 15-16 цагийн орчим байх Нуур багийн нутаг Хөх толгой гэдэг газраас С хөрөөдөж унагаж бэлтгэсэн модыг зөөж Сын Маяти маркийн машинд ачиж явуулсан. Тэгээд би гэртээ харьсан. Тэлмэн сумын Нуур багийн Хөх толгой гэдэг газраас Шинэс төрлийн мод бэлтгэж ачсан. Хэдэн унанги мод тайрч ачсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 22/,
Гэрч Б.О: “...2021 оны 7 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд эргүүл шалгалт хийж явсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өглөө Нуур багийн нутаг Цаастайн даваан дээр цагаан өнгийн Маяти маркийн машин мод ачсан явахаар нь зогсоож шалгасан. Тэгсэн чинь манай сумын Өгөөмөр багийн иргэн ******* мод ачсан явж байсан. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэж асуухад эрхийн бичиг байхгүй байсан. Тэгээд зургийг нь аваад явуулсан. Ж.Г ах сумын төв ороод Засаг даргын тамгын газрын хашаанд буулгаарай гэж хэлж байсан. Учир нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэж яваа гэдгийг нь өөрт нь ойлгуулж хэлсэн. Тэгээд бид нар цаашаа явсан. ******* ачиж явсан мод нь хуурай унанги моднуудыг 1.80 метрийн урттай тайрч бэлтгээд машиндаа ачсан байсан. Тэлмэн суманд би мод бэлтгэх эрхийн бичиг олгодог. Ар иргэд өөрсдийн биеэр ирж авдаг. Зарим иргэд нь ирж чадахгүй бол төв орсон хүнээр дамжуулж авдаг юм. ******* бол Нуур багийн Буга өндөр гэдэг нэртэй газар зусаж байсан. Араас бэлдсэн гэж ярьж байсан. Яг хаанаас гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн Маяти маркийн машинаар ачаад явж байна гэж ярьж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 24/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “...Иргэн ******* ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний хуурай мод байна. Түлшний модонд өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүй ан цавтай чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалтай модыг түлшний мод гэнэ. Уг моднууд нь 6,4667 метр куб түлшний хуурай мод байна. ******* бэлтгэсэн модны хожуул, унанги модны хожуул зэргээс метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох боломжтой. ******* нь ойгоос 6,4667 метр куб мод бэлтгэсэн байна. Мод бэлтгэсэн гэх Хөх толгой гэх газар нь ой 1-р мужлалд хамаарч байна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. ******* ойгоос бэлтгэсэн түлшний модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээ түлшний хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний хуурай модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг болж бэлтгэсэн мод 6,4667 метр, кубээр үржин экологи эдийн засгийн засгийн үнэлгээ нь 1,090,641 төгрөг болж байна. ******* ойгоос босоо модыг огтлох замаар мод бэлтгэсэн үйлдэв нь Ойн тухай хуулийн 20-1.4, 20-2.1, 35-4-р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 26-28/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 95 дугаартай “... Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Цагдуул, Хужирт толгой, Нуур багийн Хөх толгой гэх газрууд нь Монгол улсын их хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаар тушаалаар батлагдсан Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газар нутагт хамрагддаг болно...” гэсэн албан тоот зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч *******: “...Би Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Хөх толгой гэх нэртэй газраас 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн 83-51 ЗАН улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээр уг газарт ганцаараа очиж өөрийн эзэмшлийн цагаан, улбар шар хосолсон өнгөтэй хөрөөгөөр 5-6 ширхэг босоо мод боон унанги мод хөрөөдөж бэлтгээд өөрийн машиндаа ачиж Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий гэх газар буюу Бор толгой гэх газарт тээвэрлэн очиж буулгаад тухайн модоо гэрийнхээ түлээнд ашигласан...Би уг бэлтгэсэн гэх модоо 1.80 метрийн уртаар тайрч бэлтгэсэн. Би ганцаараа өөрийн эзэмшлийн цагаан, улбар хосолсон өнгөтэй цахилгаан хөрөөг ашиглан бэлтгэсэн. Би хүнтэй хамтран мод бэлтгээгүй. Харин би бэлтгэсэн модоо ачих үедээ Н гэх хүнийг гуйгаад ачсан. Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Хөх толгой гэх газраас 5-6 ширхэг босоо мод бэлтгэснээ мэдэхгүй байна. Миний өөрийн Маяти маркийн тээврийн хэрэгслийн ачаа хэсгийг нь бүрэн дүүргэж ачаагүй. Ачааны хэсгээс бага зэрэг доогуур ачсан юм...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Хөх толгой” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6,4667 м3 түлээний мод бэлтгэж тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна.
Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан шууд хохирол болох 1,090,641 төгрөгийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Хөх толгой гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх 66/ тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч ******* 6,4667 м3 хуурай мод бэлтгэсний улмаас байгаль экологид 1,090,641 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,271,923 төгрөгийн хохирол ойн санд учирсан байна. Шүүгдэгч ******* нь ойн санд учруулсан хохирлоос 1,090,641 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, үлдсэн 2,181,281 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болох нь иргэний нэхэмжлэгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан шууд хохирол болох 1,090,641 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн, ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан улбар шар хосолсон өнгөтэй цахилгаан хөрөө, 83-51 ЗАН улсын дугаартай “Hyundai mighty-2” маркийн тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийнх болох нь “...83-52 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2017 онд ахаасаа 1,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хөрөөг 2010 онд Улаанбаатар хотоос 50,000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авахаар заасан байна.
Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 116 дугаартай “...Шинэс төрлийн түлээний хуурай 6,4667 м3 мод 400,000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2019 онд авсан, цагаан улбар шар хосолсон өнгөтэй цахилгаан хөрөө 2021 оны байдлаарх 20,000 төгрөг, 1997 онд Монголд орж ирсэн Маяти-1 маркийн тээврийн хэрэгсэл 2021 оны байдлаарх ханш 800,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр /хх 60-61/ үнэлгээг тогтоосон байх тул шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800,000 төгрөгийн үнэ бүхий 83-51 ЗАН улсын дугаартай “Hyundai mighty-2” маркийн тээврийн хэрэгсэл, 20,000 төгрөгийн цагаан улбар шар хосолсон өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 400,000 төгрөгийн 6,4667 м3 түлээний хуурай модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 1,090,641 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт ******* зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800,000 төгрөгийн үнэ бүхий 83-51 ЗАН улсын дугаартай “Hyundai mighty-2” маркийн тээврийн хэрэгсэл, 20,000 төгрөгийн үнэ бүхий цагаан улбар шар хосолсон өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 400,000 төгрөгийн үнэ бүхий 6,4667 м3 түлээний хуурай модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 1,090,641 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ойн санд учруулсан хохиролд 2,181,282 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргад олгосугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ