Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
Хэргийн индекс | 186/2022/0258/Э |
Дугаар | 2022/ШЦТ/297 |
Огноо | 2022-03-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/297
2022 03 30 2022/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2111 01556 0393 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Дархан овгийн Б.Б, 1999 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймагт төрсөн төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, “Макк евро” ХХК-д инженер ажилтай, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалант 23 дугаар гудамж 4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Грийн ресорт 76-1-10 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ......................................................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Харцага караокены баарны гадна Г.Даваасамбууг “найз охиныг алгадсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, духанд цус хуралт, зулгаралт, зүүн хацарт цус хуралт ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/ “ Тухайн өдөр миний төрсөн өдрийг тэмдэглэхээр манай найзууд уулзаад намайг хүнсний дөрөвдүгээр дэлгүүрт байхад ирсэн юм. Тэгээд бид тухайн газраас гараад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Харцага караокед орж үйлчлүүлсэн юм. Харцага караокены гадна талд Хонгорзул, С.Мөнхжаргал, Мөнх-Оргил нарын хамтаар байсан ба бусад найзууд Харцага караоке дотор үлдсэн учир караокены гадна болсон асуудлын талаар мэдэхгүй. Тухайн караокены гадна зогсож байсан дээлтэй залуу нэг эрэгтэй найзынхаа хамтаар байсан. Хонгорзул над руу ойртож ирээд намайг тэр залуу алгадсан гэж хэлэхээр нь би тухайн дээлтэй залуутай очиж маргалдаж байгаад зодоон болсон юм. Би тухайн залууг хөлөөрөө жийж унгаатал нүүрээ 2 гараараа хамгаалж дарж байсан. Тэр үед нь би хөлөөрөө нүүр лүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн юм. Би тухайн үед ботинк өмссөн байсан ба миний өмссөн цагаан өнгийн цамц цус болсон байсан. Би хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөснөөс болж Даваасамбуу гэх залуугийн хамарнаас цус гарсан ... ” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Даваасамбуугаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/ “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний шилжих шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харцага нэртэй караокед найз Балжинням болон танил зургаан залуугийн хамт орж үйлчлүүлсэн юм. Тэгээд найз Балжинням бид хоёр 02 цаг өнгөрөөгөөд түрүүлээд харихаар гарсан. Караокены гадаа үүдний шатны доор зогсож байтал нэгдэх нь ноосон саарал малгайтай өндөр махлаг, хоёр дахь нь намхан хар малгайтай үл таних хоёр залуу манай найз Балжинням руу үг хаяж маргасан. Тэгэхээр нь би тэр хоёр залууд хандаад хөгшөөн зүгээр салцгаая маргалдаад хэрэггүй гэж хэлэхэд саарал ноосон малгайтай залуу нь над руу ойртсон. Тэгэхээр нь би хойшоо бай гээд түлхэхэд тэр залуу гараараа миний зүүн талын шанаа руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би барьцалдаж аваад газар унагаахад хажуу талаас танихгүй олон залуучууд гарч ирсэн ба нэг залуу нь миний нүүр лүү гараараа цохисон. Яг энэ үед миний хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Мөнх-Оргилоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 25-28 дугаар тал/ “...би тухайн шөнө найзууд болох Ариунболд, Хонгорзул, С.Мөнхжаргал, П.Мөнхжаргал, Төгөлдөр, Батбилгүүн, Болхэт нарын хамт Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороонд байрлах Харцага нэртэй караокед орж Батбилгүүний төрсөн өдрийг тэмдэглэж 24 шилтэй пиво захиалж ууцгаан дуулж байгаад гарцгаасан. 02 цагийн орчимд гарахаар болоод хоёр хоёроороо гарахаар болж Төгөлдөр, Болхэт хоёр гарч ар араасаа цувраад гарсан ба би хамгийн сүүлд гарсан юм. Намайг гарахад гадаа замын наана манай найзууд саарал дээлтэй эрэгтэй болон түүний хамт байсан залуутай зодолдож байсан. Тэгээд би очоод тухайн зодооныг салгаж байхад тэр дээлтэй залуу Хонгороог нэг удаа алгадсан. Тэгээд найз залуу болох Батбилгүүн нь очоод тэр залууг гараараа нүүр лүү нь цохисон ...Батбилгүүн хөлөөрөө тухайн залууг жийж унагаагаад газар унах үед нь хэд хэдэн удаа хөлөөрөө нүүр хэсэг рүү нь өшиглөсөн ...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Мөнхжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 30 дугаар тал/ “...02 цагийн орчимд гарахаар болоход Төгөлдөр, Болхэт хоёр түрүүлээд гарсан, араас нь 5-10 минутын дараа П.Мөнхжаргал бид хоёр гарсан. Гадаа гарахад Төгөлдөр, Болхэт хоёр нөгөө саарал дээлтэй залуу болон түүний хамт явж байсан хэсэг залуучуудтай зодолдож байсан ...Батбилгүүний найз охин Хонгорзул дундуур нь ороод салгаж байтал тэр саарал дээлтэй залуу Хонгорзулыг алгадаад авсан ба энэ үед манай найзууд бүгдээрээ гараад ирчихсэн байсан. Тэр саарал дээлтэй залууг эхлээд Батбилгүүн нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгээд байж байтал танихгүй ах нар гарч ирээд цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг,
Гэрч З.Балжиннямаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/ “...2021 оны 11 дүгээр сарын 23-наас 24-ний шилжих шөнө ангийнхаа найзуудтай Бөмбөгөр худалдааны төвийн хажууд байх караокед шар айраг ууж байгаад шөнийн 02 цагийн үед өөрийн найз Даваасамбуутай харих гээд гарах гэтэл үүдэнд 10 орчим залуучууд нэг охинтой хамт зогсож байсан юм. Тэгээд тэр залуучууд та хоёр манай эмэгтэй найзыг цохисон гээд бид хоёрыг цохиж унагаагаад дээрээс дэвсээд байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн. Тэр залуучууд бид хоёрыг “манай эмэгтэй найзыг цохисон” гээд шууд цохиод авсан. Бид хоёр ямар нэгэн зодоон хийгээгүй, хэн нэгний биед гэмтэл учруулаагүй. Тэр залуучууд бид хоёрыг шууд цохиод газарт унагаагаад дээрээс дэвсээд байсан. Яг аль залуу гэдгийг нь мэдэхгүй байна, босоод ирэхэд Даваасамбуугийн хамраас нь цус гоожоод, нүд хөхөрсөн бас мөр нь мултарсан байсан ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №11835 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/ “Г.Даваасамбуугийн биед хамар ясны хугарал, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, духанд цус хуралт, зулгаралт, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар тал/, хохирогчийн хүсэлт /хавтаст хэргийн 84 дүгээр тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Харцага караокены баарны гадна Г.Даваасамбууг “найз охиныг алгадсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, духанд цус хуралт, зулгаралт, зүүн хацарт цус хуралт ...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь “найз охиныг алгадсан” гэх шалтгаанаар хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Даваасамбуу нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг гаргаагүй боловч шүүгдэгч Б.Б нь хохирогчид 130,000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархан овгийн Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД