| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02239/И |
| Дугаар | 102/ШШ2017/01990 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2017/01990
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 17 дугаар хороо 28/3 байрны 4 тоотод оршин суух Сүмт овогт Сумъяагийн Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 17 дугаар хороо 28/3 байрны 4 тоотод оршин суух Хиад боржигон овогт Чүлтэмжамцын Батжаргалд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Отгонцэцэг, хариуцагч Ч.Батжаргал, нарийн бичгийн дарга Д.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч С.Отгонцэцэг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Ч.Батжаргалтай танилцан, хамтран амьдарсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Гарьд төрсөн.
Бид зан харьцааны таарамжгүй харьцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс тусдаа амьдарсан болно.
Энэ үеэс хүү маань миний асрамжинд өсөн, торниж байгаа тул Ч.Батжаргалаас тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Ч.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Отгонцэцэгтэй 2015 оны 3 дугаар сард танилцан, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүүтэй болсон. Миний хүү мөн тул хүүхдийн тэтгэлэг сар бүр төлөхөд татгалзах зүйлгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч С.Отгонцэцэг, хариуцагч Ч.Батжаргалд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оноос гэр бүлийн харьцаатай болж, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.Гарьдийг төрүүлж, гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч, хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, Г-1107005532 дугаартай хүүхдийн Төрсний гэрчилгээ-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч хүү Б.Гарьд төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг Ч.Батжаргалаас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Б.Гарьдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгнөөс 31233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38967 төгрөгийг улсын орлогоос, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 31233 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Гарьдийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Хиад боржигон овогт Чүлтэмжамцын Батжаргалаас сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ч.Батжаргалаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Отгонцэцэгт даалгасугай.
4.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 31233 төгрөг, улсын орлогоос 38967 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Отгонцэцэгт олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.