Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

 

    2022       02           17                                       2022/ШЦТ/107

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Д.Нямдэлэг,

шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Э.Чад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210001040078 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй ...ХХК-д зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, ах нарын хамт .........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Э.Ч /РД:............/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Суруга центрийн гадна хохирогч Б.Лыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн завжинд язарсан шарх, баруун эгэмний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

мөн Б.Лын эзэмшлийн .........улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг өшиглөж хонхойлгон бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Э.Ч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч Б.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Суруга” центр орохоор дуудлагын жолооч дуудаад өөрийн эзэмшлийн 94-69 УАВ улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг унуулаад автомашин зогсоол дээр машины зай байхаар орох гэтэл нэг цагаан өнгийн алпард урдуур дайраад зогсоол руу орсон. Тус машинаас 3-4 залуу гарч ирээд би машинаас буугаад наад зогсоол руу чинь би орох гэж байна шүү дээ гэж хэлсэн чинь нэг залуу нь наад таавчигаа аваад зайл гэж миний машиныг хэлсэн. Тэгээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд хэрэлдээд байж байтал нэг залуу нь миний ар талаас толгойн дагз хэсэг рүү цохиж, зүүн талын шанаа хэсэг болон нүүр хэсэг рүү 4-5 удаа цохиж зүүн талын эрүү шанаа хэсэг хавдсан ...намайг цохьсон залуу миний машины зүүн талын урд талын хаалга руу 2 удаа өшиглөж хаалга хонхойсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)
  3. Гэрч Э.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед шинэ жилээ тэмдэглээд найз Б.Л ганцаараа дуудлагын жолоочоор машинаа бариулаад машинаа Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Суруга центрийн автомашин руу зогсоол дээр маргаан болж байсан. Би яваад очсон чинь Б.Л 5-6 залуутай маргалдаж байсан. Би болиулах гээд очтол тус танихгүй залуучуудын нэг согтуу залуу нь Б.Лын нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон бөгөөд цааш машин руугаа орох үед машиныхаа хаалга руу өшиглөсөн. Тэгээд тус залууг найзууд нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал)
  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №668 дугаартай:

“Б.Лын биед тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн завжинд язарсан шарх, баруун эгэмний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

-Дээрх гэмтүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

  1. “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №ХУ1-21-1055: “...Тоёота приус маркийн автомашины жолоочийн эсрэг талын урд хаалгыг 350.000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
  2. Шүүгдэгч Э.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Суруга” центрийн автомашин руу зогсоол руу найз Тэнга хочтой найз маань зогсоол руу яваад орсон. Тэгээд тус машинаас нэг залуу гарч ирээд тус залууд машин орох гээд ухарч байхад урдуур дайраад орчихлоо гэж хэлтэл тус залуу чи юугаа мэддэг юм гэхээр нь би машинаас бууж очоод чи улаан цагаан ухраад хүн орох гэж байхад гэж хэлээд тэр залууг буугаад ир гэж хэлсэн. Тус залуу машинаасаа бууж ирэхээр нь заамдаад авсан. Намайг хараахаар нь би баруун гараараа зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгээд ноцолдож байгаад салсан. Тэр залуу машиндаа суухаар нь миний тус залуугийн машины зүүн талын хаалга руу өшиглөсөн чинь хонхойгоод орчихсон. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал).

 

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 28-29 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), дипломын тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дахь тал), нийгмийн даатгалын тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Суруга центрийн гадна хохирогч Б.Лыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зүүн завжинд язарсан шарх, баруун эгэмний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  

мөн Б.Лын эзэмшлийн .........улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг өшиглөж хонхойлгон бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь бусдын эд хөрөнгөд халдаж санаатайгаар устгасан, гэмтээсэн үйлдлийг ойлгох бөгөөд дээрх хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх субьектив болон объектив үндсэн шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Эд хөрөнгө устгасан гэдэгт эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болгосныг,

Эд хөрөнгө гэмтээсэн гэж эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгоно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Ч нь бусдын биемахбод, эд хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж хохирогчийг цохиж гэмтэл учруулсан, улмаар хохирогчийн эзэмшлийн автомашины урд хаалга руу өшиглөж хонхойлгосон буюу гэмтээсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр хангалттай тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулах зорилгоор цохьсон, мөн хохирогчийн автомашинд гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд өшиглөх идэвхитэй үйлдлүүдийг хийсэн бөгөөд цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд гэмтэл учирсан буюу хуульд заасан бага хэмжээнээс дээш /300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөс дээш/ буюу 350.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Харин автомашины хаалгыг засаж сэргээсний дараа зориулалтын дагуу ашиглах боломжтой байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн цохьсон үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл хооронд шалтгаант холбоо байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх хохирогчийг цохьсон, автомашины хаалгыг өшиглөсөн үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эд хөрөнгөд гэмтэл учруулсан, мөн эрүүл мэндэд хохирол учруулсан буюу хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргүүдийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Э.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд “бусдын эрх, ...эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд уг хохирол, гэм хорыг хариуцан арилгахаар зохицуулсан.

                 Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд 350.000 төгрөгийн хохирол, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 790.000 төгрөг нэхэмжилсэн талаарх баримтыг (хавтаст хэргийн 68-70 дахь тал) хэрэгт хавсаргуулжээ.

                 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогчид 790.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тайлангаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн банкны хуулга (хавтаст хэргийн 75 дахь тал)-аар тогтоогдож байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Ч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлага буюу Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний .буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал /...23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Цэн шаглаа” ХХК-д зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, ах нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу Э.Чыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний .буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр оногдуулсан торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр оногдуулсан торгох ялыг нэмж нэгтэн 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч Э.Ч ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Э.Ч ад холбогдох хохирогч ий бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Э.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Чыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр оногдуулсан торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр оногдуулсан торгох ялыг нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх торгох ялыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ч ад оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

            5. Шүүгдэгч Э.Ч ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Ч ад сануулсугай.    

  

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

 

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Ч ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

   

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР