| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01570/И |
| Дугаар | 102/ШШ2017/02002 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2017/02002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 5 дугаар хэсэг, Витсамогийн 4-570 тоотод оршин суух Отгонтэнгэр овогт Шугаагийн Бархасын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьгальчдын Д-4 тоотод оршин суух Сартуул овогт Любагийн Ганбатад холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч Л.Ганбат, нарийн бичгийн дарга Д.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ш.Бархас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2000 онд Л.Ганбаттай танилцан, 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Г.Лхагважаргал төрсөн.
Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан учир охиноо өөрийнхөө нэрээр овоглосон. Ингээд цаашид Ганбаттай хамт амьдраагүй, тус тусын амьдралаа хөөгөөд явсан. Одоо охин маань 14 настай, Ганбат нэг ч удаа туслаж, дэмжиж байгаагүй. Мөн миний хүүхэд биш гэж байгаа тул гомдолтой байна.
Иймээс Л.Ганбат охин Б.Лхагважаргалын эцэг мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар хэдийгээр хамт амьдраагүй ч тэдний дундаас охин Лхагважаргал төрсөн тул хуулинд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэг үүссэн.
Хариуцагч Л.Ганбат миний хүүхэд биш гэж маргасан боловч шүүх шинжилгээний дүгнэлтээр эцэг нь мөн болох нь тогтоогдсон.
Иймээс хариуцагч хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү, гэв.
Хариуцагч Л.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөө мал маллаж байгаад 2000 оны 9 дүгээр сард хүргэн ах Ганбатындаа ажил хийхээр Завхан аймгийн төвд ирсэн. Тэр үед Бархастай танилцсан. Дараа нь 2001 онд миний дүү Ганзориг цэрэг татлагаар аймаг ороход би хамт явсан бөгөөд Бархас намайг ирснийг мэдэн, ирж уулзаад, бид нэг орой сууцгаасан.
Бидний хооронд хамт амьдрах, суух талаар ямар нэгэн яриа болоогүй. Гэтэл Бархас 2002 оны 10 дугаар сарын үед бага насны хүүхэдтэй ирж, чиний хүүхэд гэхэд их цочирдсон. Нэгэнт шинжилгээгээр миний хүүхэд мөн болох нь тогтоогдсон тул тэтгэлэг төлнө. Надад хэцүү байна. Эхнэр маань сална гээд би хамдуудтайгаа хамт амьдардаг, тодорхой ажилгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ш.Бархас, хариуцагч Л.Ганбатад холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2000 онд танилцаж, 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Лхагважаргалыг төрүүлж, түүнээс хойш тусдаа амьдарч, гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, Г-11 дугаартай хүүхдийн Төрсний гэрчилгээ-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн Эцэг тогтоолгох хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн ба 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5256 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтээр Люба овогтой Ганбат, Б.Лхагважаргалын биологийн эцэг мөн болох нь 99.99 хувьтайгаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч охин Б.Лхагважаргал төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг Л.Ганбатаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Б.Лхагважаргалыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгнөөс 50528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19672 төгрөгийг улсын орлогоос, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 100 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 2.223.600 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 50528 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Любагийн Ганбатыг 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Бархас овогтой Лхагважаргалын эцэг мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Лхагважаргалыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Л.Ганбатаас сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Л.Ганбатаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ш.Бархаст даалгасугай.
4.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 50528 төгрөг, улсын орлогоос 19672 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.