Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 15 дугаар хороо 31-04 тоотод оршин суух Амар овогт Цэрэндоржийн Ганчимэгийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Батмөнхийн Од-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ганчимэг, нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Ц.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.Од-Эрдэнэд холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн Засаг даргын Тодорхойлолт-ыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул хариуцагч Б.Од-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Ц.Ганчимэг, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Батмөнхийн Од-Эрдэнийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Батмөнхийн Од-Эрдэнэ иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 8617 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүгчийн захирамж зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь үндэслэлтэйгэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан Батмөнхийн Од-Эрдэнэ ЧП86022273 регистрийн дугаартай, 917777779, 91777771 дугаарын гар утастай, гэрийн хаяг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай ЗМЗ гудамжны 3 тоот гэсэн мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Тайж овогт Батмөнхийн Од-Эрдэнийг эрэн сурвалжилсугай.

 

2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Дарханцэцэгт үүрэг болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.