| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 183/2018/00478/И |
| Дугаар | 001/ХТ2020/00363 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2020/00363
Ө.Дын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01056 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1121 дүгээр магадлалтай,
Ө.Дын нэхэмжлэлтэй,
И-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, илүү цагийн хөлс 405 120 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Ө.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Д миний бие 2008 онд Иарт Хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийн тасагт мэргэжилтнээр ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүйгээр ажиллаж байна. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 2016 оноос миний бие ажилчдынхаа саналаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлыг хийж байна. Гэтэл захиргааны зүгээс нийт Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрх ашгийг зөрчөөд жилийн эцсийн үр дүн болон илүү цагийг өөрийнхөө үзэмжээр хасч, хүйтний нэмэгдэл өгөхгүй байна гэж Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Ч.Нямсүрэнтэй 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уулзсан. Миний бие Захиргаа удирдлагын газрын даргатайгаа 2018 онд тэтгэврээ тогтоолгохоор тохирсон тул та захиргааны ажилд бүү оролц гэж маргасанд өс санаад маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тэтгэвэрт гарах эрх үүссэн гэдгээр ажлаас халсанд гомдолтой байна. Мөн миний жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нэгжийн дарга 100 хувь өгөхөөр тодорхойлсныг 50 хувь үндэслэлгүйгээр өөрийн үзэмжээр хасч, илүү ажилласан 31 цагийн мөнгийг олгоогүй зэрэг миний хөдөлмөрлөх эрхэнд Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга С.Нямсүрэн дур мэдэн халдаж байгаад гомдолтой байгаа болно.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, илүү 31 цаг ажилласан хөлс 405 120 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Харин үндэслэлгүй хасч, дутуу олгосон үр дүнгийн шагналт цалин 230 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Д нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01056 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 53 дугаар зүйлийн 53.1, 53.2-т заасныг баримтлан Ө.Дыг Ирын Аж ахуйн тасгийн барилгын инженер ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ираас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 32 043 575 төгрөгийг, илүү цагийн хөлсөнд 405 102 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.Дд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Ө.Дын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Иарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Д нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ираас улсын тэмдэгтийн хураамжид 320 193 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1121 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01056 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1121 дугаартай магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.
Тухайлбал: Ө.Д нь 1957 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл шүүх хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалсан үйл баримтад анхаарал хандуулж судлаагүй. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халах, түүнд сонгуульд үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэхүү заалт нь “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй” үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамаарах зохицуулалт байсан.
Гэтэл ажилтны үндсэн ажлаасаа хууль зүйн үндэслэлтэй халагдсан эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаар шалгах байсан. Өөрөөр хэлбэл: Дашхорол үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн хэдий ч өнөөдрийг хүртэл Ирын үйлдвэрчний хорооны даргын ажлаа хийж гүйцэтгэж байгаа асуудалд шүүх ач холбогдол өгч дүгнэлт гаргаагүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй бодит байдалд нийцээгүй шийдвэр, магадлал болсон. Мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт нь Ө.Дыг өөр ажилд шилжүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажилтанд үйлчлэхгүй болно.
Шүүх анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудтай хариуцагч талыг танилцуулалгүйгээр, талуудыг тэгш мэтгэлцэх боломжоор хангаагүй. Тухайлбал: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа хурал хойшлуулсан гэж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ба энэхүү баримтуудаа хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн.
Энэхүү үндэслэлийг шүүх хүлээн аваагүй ч гэсэн нэхэмжлэгч талын нотлох баримтаар өгсөн Ирын Захиргаа, удирдлагын газрын даргын тодорхойлолт болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн хурлын тэмдэглэл” гэх мэт баримтуудтай хариуцагч тал танилцаагүй байгаа үйл баримтыг эс тоож шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хуралдуулсан байгаа нь зохигчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илт зөрчсөн, нэхэмжлэгч талд давуу байдал олгосон хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн.
Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01056 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1121 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Ө.Д Иарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, илүү цагийн хөлс 405 120 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, Ө.Дыг Ирын Аж ахуйн тасгийн барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 32 043 575 төгрөгийг, илүү цагийн хөлсөнд 405 120 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэжээ.
Дор дурдсан үндэслэлээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий үнэлээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Ө.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Миний бие 2016 оноос ажилчдынхаа саналаар ҮЭ-ийн хорооны сонгуульт ажлыг хийж байна. Захиргааны зүгээс нийт ҮЭ-ийн гишүүдийн эрх ашгийг зөрчиж, жилийн эцсийн үр дүн болон илүү цагийг өөрийнхөө үзэмжээр хасч, хүйтний нэмэгдэл өгөхгүй байна гэж маргаснаас тэтгэвэртээ гар гэж хөөсөн. Би 2018 онд тэтгэвэртээ гарахаар Захиргаа удирдлагын даргатайгаа тохирсон байсан тул тэтгэвэрт гарах эрх үүссэн гэдгээр ажлаас халсанд гомдолтой байна. ҮЭ-ийн хорооны гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шаардлага тавьсны төлөө ажлаас халсан нь хууль зөрчсөн ...” гэж тайлбарлажээ.
И-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/491 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т заасныг үндэслэн Аж ахуйн тасгийн барилгын инженер Ө.Дтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч Ө.Д 1957 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 10-нд 60 нас хүрсэн, ажил олгогчийн тушаал 2017 оны 12 дугаар сарын 26-нд гарсан байна.
Нэхэмжлэгч нь 2018 онд тэтгэврээ тогтоолгохоор хариуцагчтай харилцан тохиролцсон байсан, ҮЭ-ийн хорооны гишүүдийн эрх ашгийг хамгаалж Санхүү эдийн засгийн хэлтсийн даргатай маргаснаас ажлаас чөлөөлсөн гэж гомдлын үндэслэлээ тайлбарлах боловч энэ талаар хэрэгт баримтгүй тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгч Ө.Д нь И-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлыг хийж байсан тул Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. дахь заалтыг зөрчсөн гэжээ.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж зохицуулсан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. дахь заалт нь “үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамаарах, тэднийг өөр ажилд шилжүүлэх болон ажлаас халах, сонгуульт ажилтай нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахад хамт олны зөвшөөрлийг заавал авах”-аар зохицуулжээ.
Харин ажил олгогч нэхэмжлэгч Ө.Дыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т заасан тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр буюу Аж ахуйн хэлтсийн барилгын инженерийн үндсэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. дахь заалт хамаарахгүй болно.
Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэгч Ө.Дын ажлаас үндэслэлгүй халсан үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-д илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно гэжээ.
Ажилтныг илүү цагаар ажиллуулсан бол ажил олгогч юуны өмнө нөхөн амруулах, нөхөж амруулаагүй тохиолдолд түүнд хуульд болон хамтын гэрээнд заасан хэмжээгээр цалин хөлс олгох үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний хооронд 31 цаг илүү ажилласны хөлс 405 120 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч тэрээр илүү цагаар ажилласан хугацаанд ажил олгогч нөхөн амруулаагүй талаар маргаагүй, “ажлын зайлшгүй шаардлагаар илүү цаг ажилласан, биеэр нөхөн амрах боломжгүй аж ахуйн тасгийн 13 ажилтанд илүү цагийн хөлсийг олгосон, илүү цагийн хөлс олгогдоогүй ажилчдын ажлын цагт зохицуулалт хийж биеэр нөхөн амраахаар шийдвэрлэсэн” гэх Санхүү эдийн засгийн хэлтсийн албан бичгийг үгүйсгээгүй тул илүү цагийн хөлс нэхэмжилсэн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх хариуцагчийн гомдлын талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01056 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1121 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 53 дугаар зүйлийн 53.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Иарт холбогдох ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, илүү цагийн хөлс 405 120 төгрөгийг гаргуулахыг хүссэн Ө.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД