Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1072

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 809 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Эт холбогдох 1810007740199 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Э-ын Э, 1985 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, охины хамт Хан-Уул дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

Э.Э нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн ...... тоотод байрлах иргэн С.Мөнхжаргалын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Skyworth” загварын LCD зурагтыг хулгайлан авч, 339.996 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...... тоотод байрлах иргэн Д.Бариултогтохын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 32 инчийн Лед зурагт, “Нокиа” загварын гар утас зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 245.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 30-12 тоотод байрлах иргэн Н.Болормаагийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 32 инчийн зурагтыг хулгайлан авч, 343.200 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ....... тоотод байрлах иргэн Б.Болормаагийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Hissense” загварын зурагтыг хулгайлан авч, 192.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ......... тоотод байрлах Э.Даваагийн монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Тошиба” загварын 32 инчийн зурагт, 42 размерийн хагас түрийтэй эрэгтэй гутал зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 441.340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овгийн Э-ын Эыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эын урьдчилан хоригдсон 123 /нэг зуун хорин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Мөнхжаргал, Д.Бариултогтох, Э.Даваа нарт төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Эаас 535.200 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж, хохирогч Н.Болормаа /Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 30-42г тоотод оршин суух, РД-ЖЛ69091501/-д 343.200 төгрөгийг, хохирогч Б.Болормаа /Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монгол керамикийн 1-3а тоотод оршин суух, РД-ТА97031325/-д 192.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан.

Гэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.561.536 төгрөгийг өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр ажиллаж олсон ажлынхаа хөлсөөр төлж барагдуулсан. Шийтгэх тогтоолоор хохирогч Б.Болормаа, Н.Болормаа нарт  535.200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгчийн ар гэрээс бүрэн төлж барагдуулсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг үндэслэн 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Гүнсэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс 2 жил 8 сарын хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Эрүүгийн хуулийн зарчмаар гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. Шүүгдэгчийн эх нь тэтгэврийн зээл аваад хохирлыг төлсөн байна. Нэг удаагийн хулгайн үйлдэлтэй хүн, таван удаагийн хулгайн үйлдэлтэй хүмүүсийн хороонд хүлээх эрүүгийн хариуцлага нь адилхан байвал шударга ёсны зарчимд нийцэхгүй. Анхан шатны шүүхээс тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн бага ялыг оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Э.Э нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10-142 тоотод байрлах иргэн С.Мөнхжаргалын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Skyworth” загварын LCD зурагтыг хулгайлан авч, 339.996 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Овоотын 70-8а тоотод байрлах иргэн Д.Бариултогтохын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 32 инчийн Лед зурагт, “Нокиа” загварын гар утас зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 245.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 30-12 тоотод байрлах иргэн Н.Болормаагийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 32 инчийн зурагтыг хулгайлан авч, 343.200 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монгол Керамикийн 1 дүгээр гудамжны 3а тоотод байрлах иргэн Б.Болормаагийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Hissense” загварын зурагтыг хулгайлан авч, 192.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 38 дугаар гудамжны 547 тоотод байрлах Э.Даваагийн монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Тошиба” загварын 32 инчийн зурагт, 42 размерийн хагас түрийтэй эрэгтэй гутал зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 441.340 төгрөгийн хохирол учруулсан, нийт 5 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж 1.561.536 төгрөгийг хохирол учруулсан болох нь:

 

хохирогч С.Мөнхжаргалын “... “Skyworth” загварын 42 инчийн LCD зурагтаа хулгайд алдсан. ...” гэх мэдүүлэг /1хх-21-22/,

хохирогч Д.Бариултогтохын “...хаалганы цоожийг эвдсэн байсан, гэрээс 32 инчийн LED дэлгэцтэй, “Самсунг” загварын зурагт алдагдсан. ...” гэх мэдүүлэг /1хх-73-74/,

хохирогч Н.Болормаагийн “...хар өнгийн 32 инчийн “Самсунг” загварын LCD зурагтаа гэрээсээ алдсан. ...” гэх мэдүүлэг /1хх-132/,

хохирогч Б.Болормаагийн “...2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гэрээсээ 32 инчийн “Hissense” загварын зурагтаа алдсан. ...” гэх мэдүүлэг /1хх-177-178/,

хохирогч Э.Даваагийн “...2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гэрээсээ 32 инчийн “Тошиба” загварын зурагт, удирдлагын хамт, мөн гэрийн үүдэнд байсан хүүхдийн ажлын хагас түрийтэй гутал зэрэг эд зүйлээ алдсан. ...” гэх мэдүүлэг /2хх-63/,

шүүгдэгч Э.Эын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 50-51, 71-73, 95-98, 144-147, 212-213/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-17, 62-63, 120-123/, 167-170, /,

 Эд хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх-40-41/, /1хх-88-89/, /1хх-138-139/, /1хх-197-198/, /2хх-67-68/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн Арвандолдугаар бүлэгт “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг  тогтоон хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Эын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл нийт 5 удаагийн үйлдлээр  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж 1561536 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Эыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ж.Нарантуяа “...Э.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах заалдах гомдол гаргажээ.

 

Э.Эт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд  тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн  нь хууль зүйн үндэслэлтэй байх тул өмгөөлөгч Ж.Нарантуяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1703 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Эт холбогдох хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутад шүүх хуралдаан явуулахаар товлосон атлаа 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаан хийсэн байгааг анхааруулан тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 809 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН