Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0386

 

2019 оны 06 сарын 18 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: МСХ ХХК 

Хариуцагч: Монголбанк

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Л.Мө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МСХ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 3/381 тоот албан бичгээр М банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Монголбанкинд гаргаж, хуульд заасан баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн. Монголбанк манай компанийн хүсэлт, баримт бичгийг хянаж үзээд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлт материал ирүүлэхийг шаардсаны дагуу бид мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр болон 10 дугаар сарын 20-ны өдөр шаардлагатай нэмэлт материалуудыг тус тус хүргүүлсэн.

Монголбанкны Хяналтын зөвлөл 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар манай компанийн банк байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцээд МСХ ХХК-ийн2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкинд худалдаж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголбанкинд шилжүүлэн эзэмшүүлээд байсан өрийн бичгийн 2020 онд төлөгдөх эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх, 2021 онд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлагыг хангах төлөвлөгөө, банкны бүртгэлийн үндсэн систем, авахаар төлөвлөж буй нэмэлт модулиуд, ялангуяа зээлийн судалгаа, зээл олголтыг шийдвэрлэх программ хангамжийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг бэлдэж ирүүлэхийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А-1а/273 дугаар албан бичгээр шаардсан.

Бид уг шаардлагын дагуу холбогдох мэдээлэл, баримт материалыг бүрдүүлж, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болон 03 дугаар сарын 15-ны өдөр тус тус Монголбанкинд хүргүүлсэн.

Улмаар Монголбанкны Захирлуудын зөвлөл 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж манай компанийн хүсэлтийг хэлэлцээд дараах хоёр нөхцөлийг хангасан тохиолдолд банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж шийдвэрлэсэн талаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-6/382 дугаар албан бичгээр бидэнд мэдэгдсэн. Үүнд:

-      МСХ ХХК-ийн2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкинд худалдаж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголбанкинд шилжүүлсэн эзэмшүүлсэн өрийн бичгийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж барагдуулах хугацааг Монголбанктай дахин шинэчлэн тохирч, хэрэгжүүлэх;

-      М банкны суурь бүртгэлийн программ хангамж, тоног төхөөрөмжийг банк хоорондын төлбөрийн системд ажиллахад бэлэн болгож, банкны нөөц төвийг байгуулах;

Бид Монголбанкны дээрх нөхцөл, шаардлагыг нэг жилийн дотор хийж гүйцэтгэх саналтай байгаагаа 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн. Монголбанкны зүгээс программ хангамжтай холбоотой шаардлагыг илүү нарийвчлан ирүүлсний зэрэгцээ 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор дээр дурдсан шаардлагыг хангасан байхыг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А-6/573 дугаар албан бичгээр бидэнд даалгасан. Бид дээрх нөхцөлүүдийг ханган ажиллахад эхний ээлжинд нийтдээ 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдахаар байгааг харгалзан энэхүү их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, Монголбанкнаас тавьсан нөхцөлийг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгогдох эсэхийг тодорхой болгох зорилгоор гэрээ байгуулж, баталгаажуулах санал гаргасан.

Бидний саналд Монголбанк 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-6/637 дугаар албан бичгээр хариу ирүүлж Монголбанкны захирлуудын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийн дагуу заасан нөхцөлийг хангаж, бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох бололцоотой болох тухай дахин мэдэгдсэн.

Монгол банкны дээрх албан бичгүүдээр өгсөн хариуг хүлээн авснаас хойш бид шаардлагатай хөрөнгө оруулалтыг гаргаж, банкны бүхий л программ хангамж, тоног төхөөрөмжийг худалдан авч, 100 гаруй нарийн мэргэжлийн өндөр чадвартай залуусыг авч ажиллуулан 2018 оны 10 дугаар сар болон 11 дүгээр саруудад банкны суурь бүртгэлийн программ хангамжийг төлбөрийн системд ажиллахад бэлэн болгож, банкны нөөц төвийг байгуулан Монголбанкны холбогдох албан тушаалтнуудын хамтаар туршиж, баталгаажуулах ажлуудыг хийж дуусгасан. Мөн өрийн бичгийн төлбөрийн санхүүжилтийн тодорхой хэсгийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний эх үүсвэрээр, үлдсэн хэсгийг өөрийн эх үүсвэрээр шийдвэрлэж, Монголбанкинд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлж актаар баталгаажуулсан болно.

Монголбанкны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А-1/120 дугаар албан бичгээр Монголбанкны Захирлуудын зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж дээр дурдсан нөхцөлүүдийг МСХ ХХК хангасан байна гэж дүгнэсэн болохыг мэдэгдсэн. Үүний зэрэгцээ 2018 оны аудитаар баталгаажуулсан тайланг нэмж ирүүлэхийг (өмнө нь 2014-2017 оны аудитаар баталгаажуулсан тайлангуудыг холбогдох журмын дагуу өгч байсан) шаардсан ба бид шаардлагын дагуу аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн.

Гэтэл Монголбанк 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А-6/422 дугаар албан бичгээр Монголбанкны Хяналт, шалгалтын хорооны 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын М банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлэх гэсэн 05 дугаартай зөвлөмжийг манай компанид ирүүлж, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно, Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг энэ хуулийн 20.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор гаргаж, энэ тухай банк үүсгэн байгуулагчид 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасан. Банкны тухай хууль, Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны А-82 дугаар тушаалаар батлагдсан Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам-д зааснаар банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлэх зохицуулалт байхгүй, Монголбанк зөвхөн банк байгуулах зөвшөөрөл олгох, эсхүл олгохгүй гэсэн 2 шийдвэрийн аль нэгийг гаргахаар байхад банкны хяналт шалгалтын хорооны хурлаар зөвлөмж гаргаж, түүнийгээ ирүүлж, манай компанийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулж байна.

Төв банкны тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 1-д Банкны хяналт шалгалтын хороо нь банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой ... асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргана, 28 дугаар зүйлийн 1-д Монголбанкны ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 28.1.2-т хууль тогтоомж, ... Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан шийдвэр гаргах, арга хэмжээ авах, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А-75 дугаар тушаалаар батлагдсан Банкны хяналт шалгалтын хорооны ажиллах журам-ын 3.1-д Хорооны хурлаар Төв банкны тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... асуудлыг хэлэлцэж, Монголбанкны Ерөнхийлөгчийг шийдвэр гаргахад зөвлөнө гэж тус тус зааснаас үзэхэд банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмж нь эрх зүйн үр дагавар шууд бий болгосон, гадагш чиглэсэн захиргааны акт биш байна.

Манай компани нь банк байгуулахтай холбоотойгоор шууд болон шууд бусаар нийт 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нийт 100 гаруй нарийн мэргэжлийн чадвартай залуучуудыг цалинтай ажиллуулж, бүхий л программ хангамжийг туршин баталгаажуулж, банкны үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгоод байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаагийн улмаас компанийн үргүй зардал нэмэгдэх, бизнесийн боломжуудаа алдах эрсдэлд оруулж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа төдийгүй бидэнд дараах бодит хохирол учраад байна. Үүнд:

-      2019 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд гарсан үйл ажиллагаа зардал 5,7 тэрбум төгрөг,

-      Банкны үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдсан шууд хөрөнгө оруулалт 17,1 тэрбум төгрөг,

-      Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө 50,0 тэрбум төгрөгт тооцох бизнесийн алдагдсан боломж 5,0 тэрбум төгрөг,

-      Өрийн бичгийг хугацаанаас нь өмнө эргэн төлөхөд зарцуулсан бодит зардал 1,479,375,000 төгрөг,

-      Цаашид бодитоор сар тутамд гарах цалингийн болон үйл ажиллагааны зардалд 398,512,934 төгрөг буюу нийт 30 гаруй тэрбум төгрөг,

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын М банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлэх 05 дугаар зөвлөмж нь захиргааны акт биш бөгөөд банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэр нь зөвхөн олгоно, эсхүл олгохгүй гэсэн 2 агуулгын хүрээнд л гарах ёстой гэж үзэж тайлбарлажээ.

Монголбанкны хяналт шалгалтын хорооны 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын М банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлэх тухай 05 дугаартай зөвлөмж нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаанд хамаарч байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу М банктай холбоотой зөвлөмжүүдийг хүргүүлсэн.

Үүнээс үзвэл, хариуцагч Монголбанк нь маргааны зүйл болсон асуудлын талаар ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд шийдвэр гаргах ажиллагаа одоог хүртэл явагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МСХ ХХК нь тус шүүхэд нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Монголбанкинд холбогдуулан гаргажээ.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчээс шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцаж, хариуцагчаас гаргаж өгөх өөр баримт байхгүй гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Монголбанкны захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлүүдийг гаргуулах хүсэлтээсээ татгалзаж, хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өөр хүсэлт гаргаагүй тул шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Анх нэхэмжлэгч МСХ ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 3/381 дүгээр албан бичгээр Монголбанкинд хандаж банк байгуулах зөвшөөрлийг хүсэж, холбогдох баримт, материалуудыг хүргүүлсэн байх бөгөөд Монголбанкнаас 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А-6/955 дугаар албан бичгээр МСХ ХХК-д Банкны тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны А/190 дүгээр тушаалаар батлагдсан Банкны тусгай зөвшөөрлийн журам-д заасны дагуу шаардлагатай баримт бичгийг нэмж ирүүлэхийг мэдэгдэж, банк байгуулах тусгай зөвшөөрлийн журамд заасны дагуу баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрөөр банк байгуулах хүсэлтийг хүлээн авсанд тооцохыг анхааруулсан байна.

Энэхүү албан бичгийн дагуу нэхэмжлэгч МСХ ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3/452, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11/469, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/550, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 5/10, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/47 дугаар албан бичгүүдээр холбогдох баримт материалуудыг тус тус хүргүүлсэн байх бөгөөд Монголбанкны 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А-1а/273 дугаар албан бичгээр М банк байгуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг Монголбанкны Хяналт шалгалтын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзэж тухайн албан бичигт дурдсан асуудлаар холбогдох баримт бичгүүдийг нэмж ирүүлэхийг дахин мэдэгджээ.

Ийнхүү нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/65, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3/74 дүгээр албан бичгүүдээр холбогдох баримтуудыг тайлбарын хамт Монголбанкинд хүргүүлсэн байх бөгөөд Монголбанкны 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А-6/382 дугаар албан бичгээр М банк байгуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, МСХ ХХК нь Банкны тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1.3-д заасан санхүүгийн чадавхтай байх, банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэхгүй байх гэх шаардлагыг хангаагүй байх тул Монголбанктай байгуулсан өрийн бичгийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж барагдуулах хугацааг дахин шинэчлэн тохирч, М банкны суурь бүртгэлийн программ хангаж, тоног төхөөрөмжийг банк хоорондын төлбөрийн системд ажиллахад бэлэн болгож, банкны нөөц төвийг байгуулсан тохиолдолд банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн болохыг мэдэгдэж, энэ талаар уулзалт хийх, гэрээний төсөл бэлдэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Үүний дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 127 дугаар албан бичгээр Монголбанкны тавьсан шаардлагуудыг нэг жилийн хугацаанд бүрэн хангах саналтай байгаагаа илэрхийлж, хугацаа тогтоох хүсэлтийг хүргүүлсний дагуу Монголбанкнаас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А-6/573 дугаар албан бичгээр дээрх А-6/382 дугаар албан бичигт дурдсан 2 шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд банк байгуулах хүсэлтийг авч үзэхээр шийдвэрлэсэн болохыг дахин мэдэгдэж, үүнд, нэгт, банкны суурь бүртгэлийн программ хангаж, тоног төхөөрөмжийг банк хоорондын бага болон их дүнтэй төлбөрийн системд ажиллахад бэлэн болгох, хоёрт, банкны үндсэн болон нөөц төв дээрх системүүдийн болон мэдээллийн сангийн өөрчлөлтийг тогтмол хадгалах горимоор мэдээлэл хамгаалах, хадгалах, шаардлагатай үед мэдээллийг сэргээх нөхцөлийг үндсэн систем ажиллаж эхэлсэн эхний өдрөөс бүрдүүлсэн байх, гуравт, банкны үндсэн болон нөөц төв нь цахилгааны давхар эх үүсвэрээр хангагдсан, шаардлагатай тохиолдолд цахилгаанаар түр хангах төхөөрөмж суурилуулсан, үндсэн төвтэй өндөр хурдны шилэн кабелийн бүтэн тойрог сүлжээгээр холбогдсон байх ажлыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэсэн байхыг анхааруулжээ.

Ийнхүү МСХ ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3/59 дүгээр албан бичгээр М банкны төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан тогтоолыг, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 03/67 дугаар албан бичгээр М банкны бизнес төлөвлөгөө, мэдээллийн технологийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3/69 дүгээр албан бичгээр МСХ ХХК болон түүний охин компаниудын санхүүгийн баримт бичгүүдийг тус тус Монголбанкинд хүргүүлсэн байх бөгөөд хариуд нь Монголбанк 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А-1/220 дугаар албан бичгээр ...банкны суурь бүртгэлийн программ хангамж, тоног төхөөрөмжийг банк хоорондын төлбөрийн системд ажиллахад бэлтгэж, банкны нөөц төвийг байгуулах, Монголбанкны өрийн бичгийн хугацааг шинэчлэн тохирч, төлбөрийг төлж барагдуулах нөхцөлийг МСХ ХХК-ийг хангасан гэж үзэж, харин 2018 оны аудитын тайлан болон уг тайланд үндэслэсэн бизнес төлөвлөгөө гараагүй учраас Банкны тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй гэж үзсэн болохыг мэдэгдсэн байна.

Үүний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 03/81, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3/95, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 03/97 дугаар албан бичгээр МСХ ХХК-ийн2018 оны аудитын болон санхүүгийн тайлан, мөн банкны гүйцэтгэх удирдлагын багт томилогдох албан тушаалтнуудын тодорхойлолт, холбогдох бусад нэмэлт материалуудыг Монголбанкинд хүргүүлж, хариуцагчаас 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А-6/422 дугаар албан бичгээр Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 274 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус үндэслэн М банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлсэн Банкны Хяналт шалгалтын хорооны 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай зөвлөмжийг МСХ ХХК-д өгчээ.

Банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Банк, түүний салбар ... байгуулахад Монголбанкны зөвшөөрөл авна, 20 дугаар зүйлийн 20.1-д Банк үүсгэн байгуулагч болон банкны хувьцаа эзэмшигч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлд заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд 20.1.1-20.1.7-д бүрдүүлэх баримт бичгийг жагсаасан байх бөгөөд 20.2-т Энэ хуулийн 20.1-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Монголбанк эдгээр баримт бичгийн хүрээнд нэмэлт материал шаардах эрхтэй гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн банк байгуулах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, өгсөн баримт бичиг нь дутуу буюу тодорхой бус гэж үзвэл хуульд заасан баримт бичгийн хүрээнд Монголбанк нэмэлт баримт материал шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас харвал, Монголбанк 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-6/637 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид Монголбанкны 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн албан бичигт дурдсан нөхцөлийг хангаж, бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд банк байгуулах тусгай зөвшөөрлийг олгох бололцоотой тухай хариу өгч, үүний дагуу нэхэмжлэгч холбогдох баримт, материалуудыг хүргүүлсэн ч хамгийн эцсийн байдлаар хариуцагчаас 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн М банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлсэн байх бөгөөд хэргийн оролцогчид нь хариуцагчийн шаардсан баримтууд нэхэмжлэгчийн банк байгуулах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх талаар болон нэхэмжлэгч дутуу болоод тодорхой бус баримт материал өгсөн гэж маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчээс Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 274 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн М банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн банк байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж, хариуцагчаас дээрх асуудлаар шийдвэр гаргах ажиллагаа одоог хүртэл явагдаж байгаа, хүсэлтийг түдгэлзүүлсэн зөвлөмж нь сонсох ажиллагаанд хамаарна гэж маргаж байх тул шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина, 274 дүгээр зүйлийн 1-д Банкны хяналт шалгалтын хороо нь банкны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, банкны үйл ажиллагааг хуульд заасны дагуу зохицуулах, банкинд авах албадлагын арга хэмжээтэй холбоотой дүрэм, журам, заавар, аргачлал, бусад шийдвэрийн төслийг хэлэлцэж, зөвлөмж гаргана гэж заажээ.

Үүнээс дүгнэвэл, хариуцагч Монголбанк банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл олгох, үүнтэй холбогдсон дүрэм, журам гаргаж хэрэгжилтэд нь хяналт тавих, Банкны хяналт шалгалтын хороо нь банкны үйл ажиллагааг хуульд зааснаар зохицуулж, холбогдох зөвлөмжийг гаргах эрхтэй байх боловч банк байгуулах хүсэлтийг түдгэлзүүлэх, энэ асуудлаар зөвлөмж гаргах, Банкны тухай хуульд заагаагүй асуудлаар шийдвэр гаргах эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлд банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох, 24 дүгээр зүйлд банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлийг зохицуулж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Монголбанк нь банк байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг энэ хуулийн 20.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор гаргаж, энэ тухай банк үүсгэн байгуулагчид 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ гэж зааснаас үзвэл хариуцагчаас нэхэмжлэгчийн банк байгуулах хүсэлтийг түдгэлзүүлж, уг хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хууль бус болжээ.

Зөвлөмж гэдэгт цаашид авах арга хэмжээ, гүйцэтгэж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэдэгдэж анхааруулсан, эрх зүйн үр дагаваргүй актыг ойлгох бөгөөд хариуцагч Монголбанкнаас 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай зөвлөмжид М банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлэх гэж нэхэмжлэгчийн цаашид авах арга хэмжээ, анхаарч гүйцэтгэх үйл ажиллагааг зөвлөсөн шинжгүй шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийн банк байгуулахаар гаргасан хүсэлтийг хариуцагч хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ...Банкны тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-82 дугаар тушаалаар батлагдсан Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журамд банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлэх зохицуулалт байхгүй, банк байгуулах зөвшөөрөл олгох, эсхүл олгохгүй гэсэн 2 шийдвэрийн аль нэгийг гаргахаар байхад Банкны хяналт шалгалтын хорооны хурлаар зөвлөмж гаргаж, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар М банктай холбоотой зөвлөмжийг хүргүүлсэн. Хариуцагч захиргааны байгууллага нь маргааны зүйл болсон асуудлын талаар ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй, Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д зааснаар тухайн банк үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөө үзүүлэх эсэх, мөн хуулийн 23.1.5-д зааснаар банк байгуулах нь мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэх үйл ажиллагаатай аливаа байдлаар холбоотой эсэх, энэ эрсдэлийг нэмэгдүүлэх эсэх асуудлаар төрийн байгууллагад хандсан гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчид энэ талаар албан ёсны хариу өгөөгүй төдийгүй дээрх ажиллагаа нь нууцад хамаарах бол ямар хууль тогтоомж, журмын дагуу нууцалдаг талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд тодорхой тайлбар гаргаагүй болно.

Захиргааны ерөнхий хуульд сонсох ажиллагаа гэдэгт тухайн захиргааны актыг гаргаснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй, эсхүл хөндөгдөж байгаа этгээдэд уг шийдвэрийг танилцуулж, ач холбогдол бүхий тайлбар, санал авах ажиллагааг ойлгоно гэж заасан.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчид банк байгуулах хүсэлтийг нь түдгэлзүүлэх зөвлөмжийг хүргүүлснээр уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн хамгаалах, цаашид ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар тодорхойгүй нөхцөлд хүргэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.2-т шуурхай, тасралтгүй байх, 4.2.5-д шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтална гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуулийн дагуу байхыг шаарддаг.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулж, хуульд заагаагүй шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа нь хууль бус байх тул шүүх нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 23 дугаар зүйлийн 23.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч МСХ ХХК-ийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ