Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/258

 

 

 

 

 

2022           03          15                                   2022/ШЦТ/258

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Г.Баярмаа,

Хохирогч Б.Г,  

Шүүгдэгч Б.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн ..................... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Журмак” ХХК-д тээврийн менежер ажилтай, ам бүл 3, ................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Аптай буйлдинг” барилгын 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Стар интэлижэнт технологи” ХХК-ийн ажлын байрнаас RХ570G гэх марк үзүүлэлттэй 1 ширхэг, GТХ1050/128S марк үзүүлэлттэй 1 ширхэг нийт 2 ширхэг график картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.034.000 төгрөгийн хохирол учруулж хулгайн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...График картууд алга болсон болохыг Б.Т хулгайлан авсны маргааш нь л мэдсэн. Би график картуудыг авч ирээд өгчих гэж хэлсэн боловч авч ирж өгөөгүй. Сүүлдээ хэлдэг газар нь хэл гэж ярьж байсан. Шүүгдэгч Б.Т нь өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед 1.034.000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй....” гэв.

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн ...................... дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

“Стар интэлижэнт технологи” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хохирол барагдуулах тухай гаргасан албан бичиг /хх-ийн 7 дугаар хуудас/,

 “Стар интэлижэнт технологи” ХХК болон Б.Т нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Гын мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Гэрч А.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч Б.Отгонзулын мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 42 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 52 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-50 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Аптай буйлдинг” барилгын 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Стар интэлижэнт технологи” ХХК-ийн ажлын байрнаас RХ570G гэх марк үзүүлэлттэй 1 ширхэг, GТХ1050/128S марк үзүүлэлттэй 1 ширхэг нийт 2 ширхэг график картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.034.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

“Стар интэлижэнт технологи” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хохирол барагдуулах тухай гаргасан албан бичиг,

“Стар интэлижэнт технологи” ХХК болон Б.Т нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

Хохирогч Б.Гын “...өмнө нь ажиллаж байсан Бямбаа овогтой Тэлмэн нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнө ажлын байр руу хууль бусаар нэвтрэн орж ажлын оффисын компьютерыг задалж 2 ширхэг компьютерын график карт хулгайлан авсан байсан. Энэ үйлдлийг ажлын байрны хяналтын камерыг шүүж үзээд мэдсэн...нэгдэх компьютерын график карт нь RX570G гэх марк үзүүлэлттэй, нөгөөх нь GTX 1050/128S марк үзүүлэлттэй график карт байсан...манай ажлын инженер Мягмардорж нь өглөө ирээд компьютероо асаах гэхэд асахгүй буруу холбосон байсан. Тэгэхэд нь компьютероо шалгаж үзсэн график карт нь байхгүй байсан. Тэгээд хяналтын камераа шалгаад мэдсэн...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Гэрч А.Мягмарсүрэнгийн “....2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гадуур ажилтай явж байгаад ажил дээрээ өдрийн 15 цагийн орчим ирсэн. Тэгээд өөрийн компьютерыг асааж ажлаа хийх гэтэл миний компьютерын нууц үгийг олон удаа буруу хийж блоклогдсон байсан. Тэгээд би хэн нэгэн компьютерыг оролдсон байна гэж бодож сэжиглэсэн. Тэгээд компьютероо асаагаад үзүүлэлтийг шалгаж үзэхэд компьютерын процессорт нэмэлтээр суулгасан график карт алга болсон байсан...тэгээд энэ талаар компанийн нярав, оффис менежерт хэлсэн...камерын бичлэгийг үзэхэд өмнө нь ажиллаж байсан Тэлмэн гэх залуу авсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч Б.Отгонзулын “....Тэлмэн хоёулаа манай ажлаар ороод гаръя, компьютероос авах юм байна гэж хэлээд...ажил руу нь хамт орсон. Үүдэнд тухайн байгууллагын хамгаалагч байсан. Тэлмэн тухайн хамгаалагчид өрөө рүү ороод гаръя гэж хэлээд хамт дээшээ гарч ажлын өрөө рүү нь орсон. Тэгээд Тэлмэн чи мэддэгээрээ видео карт буюу график картыг сугалаад өг гэж хэлсэн. Тэгээд би эндээс дахиад нэгийг нэмж авах хэрэгтэй байна аль компьютероос авах боломжтой вэ гэж хэлээд Тэлмэн өөрөө нэг процессор сонгоод надаар тайлуулж авхуулсан. Мөн өөрийн компьютерын график картыг авч өгсөн. Тэгээд хамт гарч явсан...тэгээд би гарч байхдаа зүгээр юм уу гэж асуухад “зүгээр ээ” гэж хариулсан... тэнд ажилладаг байсан гэдгийг тухайн үед ажлын өрөө рүү нь ороход мэдсэн...Б.Т өөрт байсан ажлын өрөөний түлхүүр гэх түлхүүрээр онгойлгож орсон...тухайн үед надад хэлэхдээ гэртээ ажил хийхдээ ашиглах талаар хэлсэн болохоор би гэртээ л ашиглах байх гэж бодсон.. тэгээд тусалж тайлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “....үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, би хохирлоо төлнө...” гэсэн мэдүүлэг,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэлд “...“Стар интэлижэнт технологи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гоос гарган өгсөн тухайн үеийн хяналтын камерын бичлэг бүхий  “Стар интэлижэнт технологи 2021.11.16 гэх бичиглэлтэй саарал өнгийн сиди диск 1 ширхэг баримтыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цаг 55 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв....” гэжээ /хх-ийн 42 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг үзэхэд 2021:11:08-ны өдрийн 23 цаг 20 минут 05 секундэд эхлэх бөгөөд бичлэгт өрөөний хэсэг харагдах бөгөөд өрөө харанхуй ямар нэгэн хүнгүй байна. 2021:11:08-ны өдрийн 23:32:32 цагт уг өрөөний гэрэл асах бөгөөд....бичлэгийг цааш үзэхэд 2021:11:08-ны өдрийн 23:32:54 цагт өрөөний зүүн урд байрлах хаалгаар хоёр хүн орж ирэх бөгөөд эхнийх нь Б.Т байна...Тэлмэн нь уг ширээний доош сууж ямар нэгэн зүйл хайсан...компьютерын процессорыг Б.Т доороос дээш өргөн гаргаж ширээн дээр тавих бөгөөд Б.Т нь уг процессорыг оролдож байгаа харагдах бөгөөд улмаар хамт явсан этгээд нь оролдож Б.Т нь наана байрлах эгнээний зүүн талын захад байрлах ширээн дээр очиж байна...ширээний доор байрлах компьютерын процессорыг оролдох бөгөөд хамт явсан этгээд нь анх байсан ширээний зүг явж ширээний дээрээс шар өнгийн бариултай овтерка авч Б.Тд хүргэн өгч хажууд нь сандал дээр сууж харж байна. Уг процессыг Б.Т нь хамт явж байсан хүний хамт ээлжлэн оролдох бөгөөд хамт байсан эрэгтэй нь 2021:11:08-ны өдрийн 23:42:41 цагт уг компьютерын процессороос дөрвөлжин хар өнгийн зүйл авч Б.Тд өгч байна....Б.Т нь ширээн дээр тавьсан компьютерын процессороос салган авсан хоёр ширхэг хар өнгийн эд зүйлсийг хар хөх өнгийн үүргэвчиндээ хийж 2021:11:08-ны өдрийн 23:42:05 цагт өрөөний гэрлийг унтраан гарч байна...” гэх тэмдэглэл,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “....Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.034.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос шүүгдэгчийг тухайн ажлын байрнаас оффисын компьютерыг задалж 2 ширхэг компьютерын график карт авсан болохыг мэдүүлж, шүүгдэгч  болон гэрч Б.Отгонзул нарын мэдүүлгээр график картыг авсан талаар мэдүүлж, мөн гэрч А.Мягмарсүрэнгийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгчийн эд зүйл авсан үйлдэл тодорхойлогдож, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.Тгийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

Иймд шүүх шүүгдэгч Б.Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Гоос “...шүүгдэгч Б.Т нь өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед 1.034.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Тодруулбал шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...” тухай санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан уг ялыг оногдуулах нь оновчгүй гэж үзсэн болно.

 

 

Бусад асуудал:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Б.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын  хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

            4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдсугай.

 

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Б.ДУЛАМСҮРЭН