Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Хохирогч Н.Г,

Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Н.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н.Л-д холбогдох эрүүгийн 2124000000060 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ............оны ........ дүгээр сарын ...........-нд ......... аймгийн .суманд төрсөн, ........... настай,*******,*******,*******, малчин, ам бүл-3, эцэг, эхийн хамт ............аймгийн......... сумын ......... багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, .............. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Х овогт Н.Л.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Л нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр З******* багийн нутаг дэвсгэрт орших “Могой голын эх” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Г-тай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр З******* багийн нутаг “Могой голын эх” гэх газарт орших өөрийн гэртээ байж байхад 16 цагийн орчим М /О/ манайд ирсэн. Би мэнд ус мэдэлцээд хаагуур явж байгаад ирэв гэтэл хөдөөгүүр явлаа, амралт орчхоод ирлээ гэж байсан. Тэгээд манайд хоол, унд идээд сууж байтал М /Л/ нь О бензинийг дөхүүлж өгөх гээд явж байна гэсээр орж ирсэн. Тэгээд бид гурав манай гэрт нэг шил архи хувааж уучхаад Л, О хоёр явах гээд мотоциклоо унаад хөдөлсөн. Харин би хонь эргүүлэх гээд мотоциклоор хөдөлсөн юм. Тэгээд намайг хонио эргүүлээд явж байтал нөгөө хоёр хонины бэлчээрт ирсэн. Тэндээ бид гурав нэг шил архи хувааж уугаад сууж байтал М /Л/ танай дүү гээд ойлгомжгүй зүйл яриад надтай үг сөрөөд эхэлсэн. Тэгэхээр нь би ахын дүү ингэж болохгүй гэж хэлээд аргалж байтал намайг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй ухаан алдсан юм уу, архиндаа тасарсан юм уу мэдэхгүй нэг мэдэхэд өглөө болсон байсан. Бусдад зодуулснаас болж биеэ эмчлүүлэх гэж нааш, цаашаа их явсан. Надад 1,700,000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс Лхагварагчаа надад 400,000 төгрөгийг бэлэн өгсөн байгаа, харин 1,300,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр бид эвлэрэн тохиролцсон байгаа. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-37, 41-р хуудас/,

Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л-г ирэхээс өмнө би Г ахтай 1 шил архи ууж байсан юм. Тэгээд Л ирээд гэрт нь ууж байсан архиа дуусгаад Л бид хоёр явж байгаад замдаа зогсоод чи яаж намайг олоод ирэв гээд байж байтал Г хойноос ирээд ах нь хонио эргүүлчхээд жаахан ууя гээд хонины бэлчээр дээр нь 2 шил архи ууж байтал Г ах Л нар хоорондоо муудалцаад нэг нэгнийгээ ээлжилж боогоод байхаар нь би салгаад голд нь суугаад байж байтал дахин муудалцаад босож ирээд зууралдаад байхаар нь салгаж байтал Л Г ахыг нэг цохиод авсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 43-44-р хуудас/,

Гэрч Ц.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянхайрхан сумын Асгат багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ байж байтал өглөө 09 цагийн орчим манай хадам ах Г айлын утаснаас ярьж байна “Ах нь зодуулчихлаа ирж ав” гэсэн. Тэгэхээр нь би эхнэр Г-н хамт машинаараа Асгат багийн нутаг дэвсгэр “Хойд модон толгой” гэх газарт М гэх айлд ирэхэд манай хадам ах Г-н зүүн талын нүд хөхөрч хавдсан, уруул нь сэтэрсэн, нүүр ам нь цус болчихсон ахыг нь Мондого /Л/ зодоод хээр хаяад явсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 46-47-р хуудас/,

Гэрч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрийн гэртээ байж байтал өглөө 9 цагийн үед манай нөхөр хэлэхдээ Г ах айлын утаснаас ярьж байна, ах нь зодуулчихлаа ирж ав гэнээ гэхээр нь би нөхөртэйгээ хамт Асгат багийн нутаг дэвсгэр “Хойд мод толгой” гэх газарт М гэх айлд ирэхэд манай ах Г зүүн нүд хөхөрч хавдсан, уруул нь сэтэрсэн, нүүр нь цус болчихсон, ахыг нь М буюу Л зодоод хээр хаяад явсан байна гэсээр айлд байж байсан. Ах архи уусан бололтой жаахан халамцуу байсан. Тэгээд манай эгч Г цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 000000266 дугаартай: “...Иргэн Н.Г-н биед гэмтэл учирсан байна. Н.Г-н биед дээд урууланд шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Н.Г-н биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,  /ХХ-ийн 62-р хуудас/,

мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Завхан аймгийн Цагдаагийн газрын Х овогт Н.Л нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,

Завхан аймгийн Асгат сумын Хайрхан багийн засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 03ы өдрийн 70 дугаартай: “...Завхан аймгийн Асгат сумын Хайрхан багийн иргэн Н.Л нь тус сумын Хайрхан багт тогтвор суурьшилтай амьдардаг нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 24-р хуудас/,

Л.Н /ИЧ68062413/ 2020 оны жилийн эцэс, 2021 оны эхэнд адуу-4, үхэр-8, хонь-40, ямаа-30, бүгд мал 82 мал тоолуулсан болохыг тодорхойлсон Завхан аймгийн Асгат сумын малын “А” дансны тодорхойлолт,

Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Л нь ээж, аавынхаа хамт амьдардаг, бие муутай багадаа их ороодог хүүхэд байсан. Тэднийх мал ахуй муутай, айлын малыг хөлсөөр хардаг, ядруу амьдралтай. ******* урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байна гэж сонсоогүй...” гэсэн,

Гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Н ахынх 2 хүүтэй, Л нь ээж, аавтайгаа хөдөө мал малладаг, тэднийх мал ахуй муутай. Л-г өмнө нь цагдаа шүүх гээд хэрэгт холбогдож байсан талаар мэдэхгүй байна...” зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно. Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байна.

Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  Н.Л нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр З******* багийн нутаг дэвсгэр “Могой голын эх” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Г-тай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Г-н “... Н.Л намайг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна...” гэсэн,  

Гэрч Г.О “...Г ах Л нар хоорондоо муудалцаад нэг нэгнийгээ ээлжилж боогоод байхаар нь би салгаад голд нь суугаад байж байтал дахин муудалцаад босож ирээд Л, Г ахыг нэг цохиод авсан...” гэсэн,

Гэрч Ц.Т-н “...Манай хадам ах Г-н зүүн талын нүд хөхөрч хавдсан, уруул нь сэтэрсэн, нүүр ам нь цус болчихсон, ахыг нь М /Л/ зодоод хээр хаяад явсан байна гэж хэлсэн...” гэсэн,

Гэрч Н.Г-н “...Г зүүн нүд хөхөрч хавдсан, уруул сэтэрсэн, нүүр нь цус болсон, ахыг нь М буюу Л зодоод хээр хаяад явсан байна гэж хэлсэн...” гэсэн,

 “...Иргэн Н.Г биед гэмтэл учирсан байна. Н.Г биед дээд урууланд шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо..., Н.Г биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн асан тэмдэглэл, хүний их эмч Ж.Ж-н тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн түүнчлэн шүүгдэгч Н.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр сумын төвөөс хөдөө гэртээ ирчхээд О гэх залуугийнд очсон. Тэдний эхнэр нь гарч ирээд О амралтаас ирж яваад бинзенгүй болчихсон гэнэ, чи бинзен хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгээд бинзенийг нь аваад зааж өгсөн газар нь очиход тэр газартаа байхгүй болохоор нь буцаад явж байтал О, Г ахын гэрээс гарч ирээд намайг далласан. Тэгээд би тэднийд яваад ортол Г ах О 2 нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд явах гэтэл Г ах манай эхнэр хоол хийж байна, хоол идээд яв гэсэн. Тэднийд хоод идчихээд явах гээд гартал хойноос О ах хамт явъя гээд гарч ирсэн. Тэгээд бид хоёр Г ахын гаднаас хөдлөөд явж байтал Г ах хойноос ирсэн. О надад нэг шил архи байна уух юм уу та гэсэн чинь би хонио эргүүлчхээд байж байя, та хоёр хойноос хүрээд ир гээд хонь руугаа явсан. Тэгээд бид хоёр хойноос нь очоод архиа уугаад дуусаж байтал О өврөөсөө дахиад нэг шил архи гаргаж ирсэн. Тэгээд Г ах нилээн согтчихсон, чи муу гуйлгачин гэхлээр нь та юу гээд байгаа юм бэ гэтэл босож ирээд миний хоолойг боогоод газар унагасан, тэгтэл О бид хоёрыг салгах гээд чадаагүй. Миний амьсгал давчдаад хоолой боогдоод байхлаар нь би Г ахын нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиод босоод ирсэн чинь Г ахын уруулаас цус гарчихсан над руу дайраад байхаар нь О салгачихаад мотоциклоо асаагаад яваад өгсөн. Тэгээд би мотоциклоо асаагаад гэр лүүгээ явсан. Би Гд 400.000 төгрөгийг бэлэн өгсөн одоо 1,300,000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулахаар болсон...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч хохирогчид төлөх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь:

Хохирогч Н.Г, шүүгдэгч Н.Л нарын байгуулсан “... Нэг талаас хохирол барагдуулагч Н.Л нь гэм хорын хохирол, төлбөр болох 1,300,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 16-ны дотор төлж барагдуулна. Төлбөрт сүүлд нь хот руу эмчилгээнд явахад гарсан 500,000 төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрнө. Нөгөө талаас хохирогч Н.Г нь тохиролцсон хугацаанд гэм хорын хохирлыг гаргуулан авна. Тогтоосон хугацаанд төлбөр төлөгдөөгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулж авах эрхтэй...” гэсэн хүсэлт,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгч нарын “...хохирогчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд хохирлын талаар маргаан байхгүй...” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгчийн зүгээс  гэм хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч төлөх талаар тохиролцож гэрээ байгуулсан нь талуудын хүсэл зоргийн илэрхийлэл мөн бөгөөд талууд маргаангүй байх тул шүүгдэгчээс 1,300,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 16-ны дотор гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Л нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгөөс 1 тооны нас гүйцсэн хар зүсмийн үхэр битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Л-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

5. Шүүгдэгч Н.Л нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-с 1,300,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дотор гаргуулж хохирогч Н.Г-д олгож, талууд эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн болохыг дурдаж, эвлэрлийн гэрээг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-н өмчлөлийн 1 тооны нас гүйцсэн үхэр битүүмжилсэн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОТГОНХИШИГ