Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/343

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0327

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Ц.Х /өөрийгөө өмгөөлөхөө илэрхийлсэн тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Ц-ын Х-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000340 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш овогт Ц-ын Х /РД: .......... /, ...... оны 03 дугаар сарын 09-ний өдөр ......  аймгийн ...... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, “.... ” ХХК-д ачигчийн оператор ажилтай, ам бүл ... , ............-ийн хамт ..........  аймгийн .......  сумын .....  дугаар багийн ........  дүгээр гудамж ..... тоотод оршин суух хаягтай, урьд ......  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ......  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ял шийтгүүлж байсан.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ц.Х нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед .......  аймгийн ........  сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Х-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь 2 гарын тохойд зулгаралт, нэг шүдний үгүй байдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй. Хохирогч надаас хохирол нэхэмжлээгүй тул хохирол төлөөгүй.” гэв.

Эрүүгийн 2118000000340 дугаартай хэргээс:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[1],

 

Хохирогч Д.Х-ын мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу явах гэж байхад хамт ажилладаг Б  Дарханд ирээд Х-ын гэрт байна хүрээд ирээч гээд дахин дахин залгаад байхаар нь Х-нд 1 шил 0,75 литрийн Эдин нэртэй архи, хүүхдүүдэд нь чихэр, печень аваад очсон. Миний авч очсон архийг Х, Б бид гурав хувааж уусан. Тэгээд би Улаанбаатар хот руу явна гээд найз Э-д унаа захиад үлдээсэн байсан болохоор Э над руу яриад “Б, Б хоёр явах гэж байна. Хамт явах уу” гэхээр нь явна гэж хэлээд наадмын талбайн тэнд уулзаж суухаар болоход Х намайг өөрийнхөө машинаар дөхүүлж өгнө гээд машинаа унаад Б урд нь суугаад явсан. Наадмын талбайн хажууд саарал өнгийн приус-20 маркийн машинтай Б, Б, Э, Анар хүлээж байсан. Намайг хүргэж өгчхөөд Х, Б хоёр явсан. Тэгтэл миний утас байхгүй байсан болохоор утсаа авах гэж тэд нарын утсаар Хтай яриад дуудахад авчирч өгсөн. Миний гар утсыг авч ирэхэд нь би “Та нар миний гар утсыг авах гэж байсан юм уу” гэж хэлсэн. Тэр үед Х уурлаад машинаас бууж ирээд намайг шууд цохиод газар сөхрөөд суусан. Тэр хооронд намайг тонгойход нүүр лүү өшиглөсөн. Тухайн үед Х миний үүдэн шүдийг унагаасан. Дахин өшиглөх гэхэд нь салгасан юм байна лээ. Тэгээд машинаа суугаад яваад өгөх шиг болохоор нь машин нь хөдөлж байхад нь чулуу аваад шидсэн чинь арын шил нь хагарсан. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14-15 цагийн үед манай нөхөртэй хамт ажилладаг Хүслэн гэх залуу ганцаараа ирсэн. Түүнийг ирэхэд хамт ажилладаг Б нь манайд байсан. Тэгээд манай нөхөр Х, Х, Б нар нэг шил архи хувааж уугаад орой 18 цагийн үед Х-г хүргэж өгнө гээд манайхаас гарсан. Гэтэл хэсэг хугацааны дараа манай нөхөр Х, Б хоёр гаднаас “Х  миний машины арын багажны салхины шилийг хагалчихлаа” гээд орж ирсэн. Тэгсэн манай нөхөр Х Х  рүү утсаар ярьж байснаа “Х  яриад байна. Хүрч ирээд машиныхаа шилний мөнгийг авчих гэж байна” гэж хэлээд Бтай хамт гарсан. Тэгээд орой 23 цагийн үед ганцаараа орж ирсэн.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар руу явах гээд хүмүүс цуглуулж байсан юм. Надтай хамт Б, А  явах гэж байсан. Тэгтэл Х-ыг Улаанбаатар луу явах гэж байна гэж Э хэлээд Э бид нар хамт Хыг суулгаж өгөх гээд хамт явсан. Х-тай ярихад наадмын талбайн тэнд хүрээд ир гээд гэхээр нь талбайн урд замаас салаад зогсож байхад бараан өнгийн дунд гарын жип машинтай ирсэн. Тэгээд Х  тэр машинаас бууж ирэхэд бусад хүмүүс нь бууж ирээгүй. Тэр машинд Х-аас гадна хоёр хүн сууж байсан. Тэр машинтай хүмүүс Х-ыг буулгаж өгчхөөд явахад Х гар утсаа үлдээсэн байна гээд нэгнийх нь утсаар ярьсан байх нөгөө машин буцаж ирсэн. Тэгээд хоорондоо хэрэлдээд байсан. Хар өнгийн машиныг жолоодож явсан залуу Х-ыг 2-3 удаа цохисон. Хажуугаас нь манай машинд сууж байсан А гэх залуу салгах гээд очиход бас тэр залууг цохисон. Хыг цохисон залуу өөрөө цохиулаагүй.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим наадмын талбай руу салдаг замын хэсэгт Х-тай уулзахаар болоод Б-ийн машинтай очсон. Б өөрөө машинаа жолоодсон ба би хажууд нь суугаад ард Э, А хоёр суусан. Б, Э бид гурав архи дарс уугаагүй эрүүл байсан. А бага зэрэг уусан байсан. Тэгээд наадмын талбайн урд хэсэгт байхад Ниссан Экстралл маркийн машинтай танихгүй залуу жолоодсон, зүс таних Х  гэх залуу арын суудал дээр суусан урд нь Х  суусан ирсэн. Бид нар тэднийг үлдээгээд машины гадаа тамхи татаад зогсож байхадтэд нар ирсэн. Ирээд Х буусан. Машин жолоодож байсан танихгүй Б гэх залуу Х-ыг баяртай гэж хэлээд буцаж машинаа жолоодоод явсан. Хүрлээ бууж ирээгүй. Тэд нар хөдлөөд явсны дараа Х  утсаа саяны машинд үлдээсэн байна гээд утсаар яриад “Утас аваад явсан байна. Хулгайлаад байгаа юм уу” гээд сүртэй ярьсан. Удалгүй Ниссан Экстралл машиныг Хүрлээ  жолоодоод Б-г хажуудаа суулгасан ирсэн. Бид нар бөөндөө тамхи татаад машины гадна зогсож байсан юм. Б Х-ын утсыг өгөөд хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн Х машинаас буух гээд байхаар нь би хэсэг хаалгыг нь онгойлгохгүй гарахгүй гэж хааж зогссон. Тэгээд дийлдэхгүй машинаас буугаад ирсэн. Тэгснээ Х-ыг барьж аваад нүүр рүү нь 2-3 удаа цохиод шүдийг нь унагасан. Тэр үед хажуугаас нь А болиоч гэж хэлсэн чинь Х  бас А-г цохиод уруулыг нь сэтэлсэн. Х  доошоо суугаад амнаас нь цус гараад байсан байсан. Би Х  нүүр лүү нь битгий өшиглөөрэй гэж хэлсэн. Тэгтэл Х  нүүр лүү нь өшиглөөгүй бид нарыг салгаад машинд суулгасан. Х  өөрөө машинаа жолоодоод Б хажууд нь суугаад явсан. Тэгтэл Х машины руу чулуу аваад шидэхэд арын шил нь хагарсан. Х өөртөө ямар ч хүнийг гар хүргээгүй.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Б.Э-ы мөрдөн байцаалтад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ......  дээр байхад 16-17 цагийн үед Б, Б, Анар Улаанбаатар хот руу явах гэж байсан. Тэр үед Х  надтай яриад “Унаа байна уу” гэхээр нь “Одоо гарах гэж байгаа машин байна” гэж хэлсэн. Тэгээд Х явахаар болоод наадмын талбайн тэнд уулзахаар тохирч Б-ийн машинтай Б, А бид нар явсан. Наадмын талбайн баруун хэсэгт замаас дөнгөж салаад зогсож байхад бараан өнгийн дунд гарын жип машин ирсэн. Тэр машинаас Х бууж ирээд тэнд байсан чинь гар утсыг нь буцааж авчирч өгч байна гээд нөгөө машин буцаад ирсэн тэгээд машинаас хоёр хүн бууж ирсэн. Би тухайн үед сайн анзаараагүй. Хоорондоо маргалдаад байсан. Ямартай ч Х  гэх залуу машинаас бууж ирээд Х-ыг цохисон чинь Х  тэр залуу руу дайрахдаа урагшаа дөрөв хөллөөд унасан. Тэгсэн чинь Х  нүүр лүү нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Б.А-ны мөрдөн байцаалтад 2021  оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр .... захаас Улаанбаатар хот руу явах гээд Б-ийн машинд суусан. Тэр машинд бас Б хамт явах гэж байсан. Тэгтэл Х-ыг авч явахаар болоод Дрэвин явсан. Тэгж явах үед бид нартай хамт Э хамт явсан. Наадмын талбайн хажууд зогсож байтал Х нэг машинаар хүргүүлж ирсэн. Тэгсэн чинь тэр машинд гар утсаа мартсан байна гээд нөгөө машин нь буцаж ирээд Х-тай тэр машины жолооч Х маргалдаад барьцалдаж аваад Х-ыг цохиод байхаар нь би очоод салгах гэтэл намайг хоёр удаа цохисон. Тэгэхээр нь таньдаг хүмүүс маргалдаж гэж бодоод машинд суусан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Х тэр машины араас чулуу шидсэн чинь арынх нь шил хагарсан.” гэх мэдүүлэг[7],

 

Гэрч Ж.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр жижүүр мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн орой 20 цагийн орчим байх хүн өргөдөл гаргахаар ирсэн байна гэхээр нь уулзахад зүс таних Х бусдад зодуулсан гэж хэлсэн. Хэзээ, хаана зодуулсан талаар асуухад “Миний шүдийг хугалчихлаа”  гээд амнаас нь цус гарсан байдалтай байсан ба хамт ажилладаг хүн хамт архи уучхаад зодчихлоо. Би машиных нь шилийг хагалсан юм. Тэгсэн чинь шилээ төлүүлнэ гээд байна. Тэгж байгаа бол би шүдээ солиулна.” гэж хэлсэн. Тухайн үед Х өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан.” гэх мэдүүлэг[8],

 

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Х-ын гэрт ирсэн. Тэгээд би Х-тай утсаар ярихад Х яваад очъё гээд Х ахынд нэг шил архи, чихэр, шоколад авч ирээд бид гурав авчирсан архийг нь хувааж уусан. Тэр архийг ууж дуусаад Х ах дахин нэг шил архи авчирсан. Гэхдээ тэр архийг бараг уугаагүй. Х Улаанбаатар хот руу явах гэж байгаа. Унаа ирсэн байна гээд Х ах машинаараа хүргэж өгөхөөр болоод хамт явсан. Тэгээд наадмын талбайн хажууд хүргэж өгчхөөд Х ах бид хоёр Хүрлээ ахын машинтай буцаад явж байсан чинь Х ах машинд гар утсаа орхисон байсан бөгөөд тэр гар утсыг нь буцааж өгөх гээд очсон чинь Х, Х ах нар хоорондоо маргалдаад зодолдсон. Ямар ч байсан Хыг цохиод барьцалдаад авахаар нь би Х ахыг салгаж аваад машинд суулгасан. Тэгээд Х ахын машинтай хөдлөөд явсан чинь Х араас чулуу шидээд машины шилийг хагалсан. Зодооны үед Х нь Хыг цохиж байхыг хараагүй.” гэх мэдүүлэг[9],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 701 дугаартай “...Д.Х-ын биед 2 гарын тохойд зулгаралт, нэг шүд үгүй байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Х-ын биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5%-аар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт[10],

 

Ц.Х-ын яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай гэрт хамт ажилладаг Б ирсэн. Тэгээд Х-ыг дуудсан. Х ирэхдээ нэг шил архи, ундаа, чихэр, печень авчирсан. Бид авчирсан архийг нь хувааж уусахаар нь би дахин нэг шил архи авсан. Сүүлд авсан архийг уух гээд байж байтал Хын унаа ирж байна гээд наадмын талбайн хажууд хүлээж байна гэхээр нь хүргэж өгөхөөр өөрийн машинаар Б-тай хамт явсан. Тэгээд Х-ыг буулгаад буцаад явж байсан чинь урд суудлын голд Х-ын гар утас байхаар нь  буцааж өгөх гээд Хтын гар утасны сүүлийн залгасан дугаар руу нь залгаад хүргэж өгөхөөр явсан. Тэнд очиход Х “Надаас өөр хулгайлах хүн алга байна уу” гэж хэлсэн. Тэгээд хэрүүл маргаан үүссэн. Би тухайн үед машинаасаа буугаад Х-тай зодолдсон. Б намайг салгаад тэндээс хөдөлж яваад гэртээ хариад Хтай утсаар яриад  “Чи машины шил хагалсан байна. Энийгээ төлж өг” гэж хэлсэн. Түүний дараа Сутай бааранд орж пиво нэмж уусан. Маргааш нь миний толгой өвдөөд байсан. Тэгээд өвдөөд байхаар нь барьдаг хүнээр толгойгоо бариулах гэсэн чинь барихгүй эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Би толгойдоо яаж гэмтэл авснаа санахгүй байна.” гэх мэдүүлэг[11],

 

Шүүгдэгч Ц.Х-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар[12] болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.Х-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Х нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед ........  аймгийн ....  сумын ......  дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн маргааны улмаас иргэн Д.Х-ын нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь 2 гарын тохойд зулгаралт, нэг шүдний үгүй байдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Х нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 12-ны орой 18 цагийн орчим ......  аймгийн ....... сумын ....  дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Х-тай маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч Ц.Х нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Х-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд Ц.Хын эрүүл мэндэд учирсан 2 гарын тохойд зулгаралт, нэг шүдний үгүй байдал бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д заасан ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5%-аар алдагдуулах хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Х-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хэрэгт хохирогч Д.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол нэхэмжлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг 6 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Ц.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүхээс шүүгдэгч Ц.Х-т эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Х-ын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Ц.Х-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Ц-ын Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 7 тал

[2] Хавтаст хэргийн 11-12 тал

[3] Хавтаст хэргийн 25-26 тал

[4] Хавтаст хэргийн 32-33 тал

[5] Хавтаст хэргийн 34 тал

[6] Хавтаст хэргийн 36-37 тал

[7] Хавтаст хэргийн 40 тал

[8] Хавтаст хэргийн 42 тал

[9] Хавтаст хэргийн 48 тал

[10] Хавтаст хэргийн 57-58 тал

[11] Хавтаст хэргийн 83-84 тал

[12] Хавтаст хэргийн 90, 92-93 тал