Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2061

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

батлах тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 266-Б тоотод оршин суух Оюун овогтой Пүрэвжаргалд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 180000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Пүрэвжаргал манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1133130 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаанд 20000 төгрөг төлж, үлдэгдэл 220000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. О.Пүрэвжаргал одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 120000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Иймд О.Пүрэвжаргалаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу 986 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 60000 төгрөг, нийт 180000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч О.Пүрэвжаргал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК, хариуцагч О.Пүрэвжаргалаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 180000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, О.Пүрэвжаргалаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 180000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч О.Пүрэвжаргал төлбөрөө төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1. Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюун овогтой Пүрэвжаргалд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 180000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6050 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3025 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.