Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгчдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа

Шүүгдэгч С.М, Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт С.М, Д овогт Д.Б нарт холбогдох эрүүгийн 2124000540058 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..... оны .......дүгээр сарын ......-нд ....... аймгийн ....... суманд төрсөн, ...... настай,*******,*******, мэргэжилгүй, .............. машинист ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ...... аймгийн ...........сумын ......... багийн ............ тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ..............регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Д овогт С.М.

Монгол улсын иргэн, ....... оны ......... дүгээр сарын .........д........аймгийн ........нд төрсөн, ......... настай, .............., халх, .........д боловсролтой, ........н мэргэжилтэй, ..... аймгийн .................... сумын Нэгдсэн эмнэлэгт ......... ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ............. аймгийн ....... сумын ......... багийн ..............тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ............ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Д овогт Д.Б.

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.М, Д.Б нар нь бүлэглэн 2004 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуурамч бичиг баримт бүрдүүлэн М.М гэх зохиомол хүний төрсний гэрчилгээ гаргуулан авч улсын бүртгэлд бүртгүүлж халамжийн санд 4,026,000 төгрөг, Эрдэнэс таван толгой ХХК-иас 1072 ширхэг хувьцааны ноогдол ашиг болох 86,832 төгрөгийг авч ашигласан гэх гэмт хэрэг холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.М, Д.Б нар нь бүлэглэн “2004 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эхнэр Д.Б-г Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт М.М гэгч эмэгтэй хүүхэд төрүүлсэн” мэтээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн их эмчээр ажиллаж байсан Ж.Ч-р  эмчийн бичиг хийлгэж,  2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан Б.Д-д хандаж улсын бүртгэлд бүртгүүлж, регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээ бичүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар 2005 оны 01 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд  4,026,000 төгрөгний хүүхдийн мөнгөн тэтгэмжийг, мөн Эрдэнэс таван толгой ХХК-иас 1072 ширхэг хувьцааг М.М-н нэр дээр бүртгүүлэн эзэмшиж, дээрх хувьцааны ноогдол ашиг болох 86,832 төгрөгийг тус тус авч ашиглан,  нийгмийн халамжийн болон хөгжлийн үйлчилгээ авсан болох нь:

Иргэний нэхэмжлэгч Э.У-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...М.М гэх РД: регистрийн дугаартай зохиомол иргэнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2011 оны 3 дугаар сарын 31-ний 536 ширхэг хувьцаа, 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэмж 536 ширхэг нэгж хувьцаа эзэмшүүлсэн. Бүртгэлээс харахад “Гүүдсэк”  Үнэт цаасны компанид бүртгэлтэй байна. Хувьцааны ногдол ашгийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш дансаар өгсөн бөгөөд ногдол ашгийн мөнгө болох 86,832 төгрөгийг авч ашигласан байна. С.М, Д.Б нарын хуурамч бичиг баримт буюу төрсний гэрчилгээ гаргуулан авч зохиомол хүний нэр дээр Эрдэнэс таван толгой ХХК-иас 1072 ширхэг хувьцаа бүртгүүлэн авсан хууль бус үйлдлээс болж  улсын хэмжээнд бүртгэлийн хувьд хохирол учраад байгаа юм. Үүнээс шалтгаалах үр дагаврын талаар УИХ болон Засгийн газарт танилцуулах асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл бүртгэлийг цэгцлэх, бүртгэлээс хасаж тооцох зэрэгт маш их асуудал үүсэж байгаа. Одоогийн байдлаар М.М гэх зохиомол хүний нэр дээр байгаа 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 хувьцааг иргэний бүртгэлээс хасуулж, хувьцааг Төрийн эзэмшлийн хувьцаанд буцаан шилжүүлэх хүсэлтэй байна. Уг ногдол ашиг хүртээсэн мөнгө болох 86,832 төгрөгийг шүүгдэгч нар төлсөн байгаа учраас шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй. Харин цаашид гарах хохирол буюу гэм хорын асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ө.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2000 оноос эхлээд бэлэн мөнгө дэвтрээр халамжийн сангаас олгож байсан гэдгийг иргэн хүний хувьд мэднэ, үүнийг тухайн үеийн халамжийн сан хариуцсан мэргэжилтэн нь мэднэ. Одоо манай байгууллагад захиргаа хяналтын дарга хийж байгаа М.Т, мөн Н, Л нараас асуувал мэдэх байх. Төрд учруулсан хохирлыг төлүүлж хохиролгүй болгуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд болон  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэний бүртгэлийн ажилтан, улсын бүртгэгчээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байна. 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Рашаант багийн иргэн Д.Б нь манай өрөөнд орж ирээд нас барсан хүүхдийг бүртгэлээс хасуулах тухай ярьж нас барсны гэрчилгээ авах талаар асуухад нь би нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг үндэслэж бүртгэл хийдэг тул нас барсан эмнэлгийн бичгийг авч ирэх талаар зөвлөгөө өгөөд буцаасан. Түүнээс хойш дахиж орж ирээгүй...”, “... 2004, 2005 онд Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтнаар Б.Д гэдэг хүн байсан бөгөөд 2014 онд нас барсан. регистртэй М.М гэдэг хүнд олгосон төрсний гэрчилгээг тухайн үеийн иргэний бүртгэлийн ажилтан Б.Д бүртгэж гарын үсэг зурж олгосон байна. Одоо манай архивт 2004, 2005 оны төрөлтийн бүртгэл хийхэд бүрдүүлсэн материал байхгүй байгаа бөгөөд  ганцхан  регистртэй М.М гэдэг хүний материал бус 2004-2010 оноос өмнөх бүх хүмүүсийн материал хадгалагдаагүй байгаа юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 181-182-р хуудас/,

Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би С.М-д хааяа нэг л албаны ажлаар очдог бөгөөд тэднийд очиж байх хугацаандаа М.М гэх охинтой нь нэг ч удаа таарч байгаагүй, хаана байгаа эсэхийг нь асууж тодруулж байгаагүй. Хүн амын нэгдсэн тооллого айл бүрээр явдаггүй. Харин ХАӨМ-ийн санд жилийн эцсээр иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хийгээд программаар өрх, хүн тооллогын ажлыг хийж гүйцэтгэдэг юм. С.М, Д.Б нар нь 2021 оны 6 дугаар сарын сүүлээр дүүгийнхээ хүүхдийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлээд авчихсан байсан чинь Их-Уул суманд байж байгаад нас барчихлаа гээд явж байхлаар нь би иргэний бүртгэлийн ажилтнаас асуу гэж хэлээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96-р хуудас/

Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би С.М, Д.Б нарын төрсөн хүүхэд байгаа юм. Харин М.М гэгчийг танихгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-р хуудас/,

М.М-н Төрийн банкны 171300068134 тоот дансны 2004 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл харилцах дансны харилцагчийн хуулга,

Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “...2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 125 дугаартай “...Тосонцэнгэл сумын иргэн С.М, Д.Б нарын хүүхэд гэх регистрийн дугаартай М.М-д хүүхдийн 3000 төгрөгийг 2005 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 он дуустал хугацаанд 165,000 төгрөг, Хүний хөгжил сангаас эх орны хишиг хувийг 2010 оны 120,000 төгрөг, 2011 онд 252,000 төгрөг, 2012 оны 9 сар дуустал хугацаанд 189,000 төгрөг, хүүхдийн 20,000 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 2020 оны 3 дугаар сарыг дуустал 1,800,000 төгрөг, хүүхдийн 100,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар дуустал 1,500,000 төгрөг нийт 4,026,000 /дөрвөн сая хорин зургаан мянга/ төгрөгийг олгосон байна. Мөн М.М-н нэр дээр Гүүдсек брокер, деллерийн газарт “Эрдэнэс таван толгой” ХК-ний 1072 хувьцаа бүртгэлтэй байна. Д.Б-н нийгмийн халамжийн сангаас жирэмсэн, нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж авч байсан талаарх цаасан баримт архивын тухай хуулийн дагуу хадгалагдах хугацаа дууссан байх тул мэдээлэл олдохгүй байна...” гэсэн албан бичиг,

Монгол Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай Монгол улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны Төсвийн тухай Хүний хөгжил сангийн 2012 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний “...8. Иргэн бүрд 1,5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1,0 сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх асуудлыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор шийдвэрлэх...” гэсэн тогтоол,

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаартай “...1.1 Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 1.2 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 хувьцаа эзэмшүүлэх...” гэсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол,

регистртэй М.М-н төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Хүний хөгжил сангийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн   “Ж.Ч-г төрөх тасгийн эрхлэгч эмчээр томилсон болон ажлаас чөлөөлсөн” тушаалын хуулбарууд, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн даргын тодорхойлолт,  Завхан аймгийн  Тосонцэнгэл сумын засаг даргын “ ...Б.Д нь 2004-2010 онд иргэний бүртгэлийн ажилтнаар ажиллаж байсан..” гэсэн тодорхойлолт,

ХЛ 56081111 регистрийн дугаартай Ж.Ч,  ИЦ60032096 регистрийн дугаартай Б.Д нарын нас барсны бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн хэлтсийн “... регистртэй М.М-н төрсний бүртгэлийг бүртгүүлэхэд бүрдүүлсэн материал байхгүй болно. 2013 оноос өмнө  бүрдүүлсэн материал Засаг даргын тамгын газрын архивт байгаа болно...” гэсэн 649 тоот албан бичиг,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн  “... Д.Б-н // 1997, 1999, 2004 онуудын нярай ба төрөлтийн түүх нэгдсэн эмнэлгийн архивт олдоогүй...” гэсэн тодорхойлолт,

Завхан аймгийн Их-уул сумын эрүүл мэндийн төвийн “... 1997 оны төрөлтийн түүхүүд устгагдсан, 1999, 2004 оны төрөлтийн түүхүүдийг шүүж үзэхэд Д.Б-н төрөлтийн түүх байхгүй...” гэсэн тодорхойлолт,

2011 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх регистртэй М.М-н нэр дээр бүртгэлтэй Төрийн банк дахь дансны хуулга  зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч С.М, Д.Б нар нь “2004 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эхнэр Д.Б-г Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт М.М гэгч эмэгтэй хүүхэд төрүүлсэн” мэтээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн их эмчээр ажиллаж байсан Ж.Ч-р  эмчийн бичиг хийлгэж,  2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан Б.Д-д хандаж улсын бүртгэлд бүртгүүлж, регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээ бичүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар 2005 оны 01 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд  4,026,000 төгрөгний хүүхдийн мөнгөн тэтгэмжийг, мөн Эрдэнэс таван толгой ХХК-иас 1072 ширхэг хувьцааг М.М-н нэр дээр бүртгүүлэн эзэмшиж, дээрх хувьцааны ноогдол ашиг болох 86,832 төгрөгийг тус тус авч ашиглан,  нийгмийн халамжийн болон хөгжлийн үйлчилгээ авсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Мөн түүнчлэн шүүгдэгч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2004 оны хэдэн сар гэдгийг нь мэдэхгүй байна. Тосонцэнгэл сумын эмнэлгийн эмч Ч-д мод хөрөөдөөд хоорондоо юм ярилцаж байгаад 3 хүүхэдтэй айлд Засгийн газраас хүүхэд бүрийн тоогоор сар бүр 3,000 төгрөг олгоно гэж байна, та надад хүүхэд төрсөн гэх бичиг хийгээд өгч болох уу гэсэн чинь, Ч чи өглөө хүрээд ир гэсэн тэгээд өглөө нь очоод хүүхэд төрсөн гэх тамга, тэмдэгтэй цаас надад өгсөн. Тэгээд эхнэртээ үзүүлээд эхнэрийнхээ бичиг баримт болон эмнэлгийн бичгийг сумын захиргаан дээр авч очоод М.М гэх хүүхдийн төрсний гэрчилгээг бичүүлж авсан юм. 3 хүүхэдтэй өрх бүрт хүүхдийн тоогоор сар бүр 3,000 төгрөгийг Засгийн газраас олгоно гэхээр нь Ч эмчээр бичиг хийлгүүлж төрсний гэрчилгээ гаргуулж авсан. Энэ талаар манай эхнэр сайн мэдэхгүй. Манайд М гэдэг хүүхэд байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө авах зорилгоор ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. 17 жилийн турш хүүхдийн мөнгө авсан өөр ямар нэгэн тусламж дэмжлэг, туслалцаа авч байгаагүй. Нийгмийн халамжийн санд учруулсан болон бусад хохирлыг төлсөн...”  гэсэн мэдүүлэг,

Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2004 оноос  Засгийн газраас 3 хүүхэдтэй айлд хүүхэд бүрийн тоогоор сар бүр 3,000 төгрөг олгоно гэх мэдээлэл явж эхэлсэн. Манай нөхөр С.М Н.Ч эмчтэй уулзаж бичиг хийлгүүлж авна гээд явсан, удаа ч үгүй нэг бичиг хийлгүүлээд ирчихсэн байхлаар нь наадах чинь болох юм уу гэсэн чинь болно, чи чимээгүй байж бай гэсэн. Тэгээд удалгүй М.М гэсэн хүүхдийн төрсний гэрчилгээ гаргуулаад ирчихсэн байсан. Түүнээс хойш яах учраа олохгүй байсан, энэ жил хасалт хийлгүүлэх гээд хаана хандахаа мэдэхгүй байсаар байгаад ийм асуудалд орсон. М.М-н нэр дээр орж ирсэн мөнгийг гэр бүлийн хэрэгцээндээ хэрэглэж байсан. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй. Манай охин Сэлэнгэ аймагт амьдардаг, нялх хүүхэдтэй биеийн байдал нь сайнгүй байгаа учраас охиноо эргэж тойрохоор Сэлэнгэ аймаг явах шаардлагатай байгаа тул зорчих эрх хязгаарлах ялаас өөр төрлийн ялыг оногдуулж өгөхийг хүсэж байна...”  гэж гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа нь бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлгүүд нь үнэн зөв, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь давхар нотолж байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.М, Д.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “ЭТТ 2984 албан тоотын дагуу 64-720635 дансанд ногдол ашиг буцаан шилжүүлэв” гэсэн гүйлгээний утга бүхий 86,832 төгрөгийг буцаан шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт,

2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “М-с төлбөр *******, у-97172717” гэсэн гүйлгээний утга бүхий 4,046,950 төгрөгийг буцаан шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

 Шүүгдэгч С.М, Д.Б нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүгдэгч С.М, Д.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-н өмчлөлийн 45-62 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг болон шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэхүү гэмт хэргийн улмаас зохиомол байдлаар Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгэгдсэн регистрийн дугаартай М.М-н нэрийг улсын бүртгэлээс зохих журмын дагуу хасалт хийж холбогдох арга хэмжээг авч шийдвэрлэхийг Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн М.М-н гэх №0416604 дугаартай төрсний гэрчилгээ, Хүний хөгжил сангийн  №0430021 дугаартай дэвтэр, 6496220035392402 дугаартай Төрийн банкны карт зэргийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Д овогт С.М, шүүгдэгч Д овогт Д.Б нарыг хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, шүүгдэгч С.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан М.М-н гэх №0416604 дугаартай төрсний гэрчилгээ, Хүний хөгжил сангийн №0430021 дугаартай дэвтэр, 6496220035392402 дугаартай Төрийн банкны карт зэргийг эрүүгийн хэрэгт хавсаргасугай.

5. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болмогц иргэний улсын бүртгэлд регистрийн дугаартай М.М нэрээр бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлээс зохих журмын дагуу хасалт хийж холбогдох арга хэмжээг авч шийдвэрлэхийг Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Д.Б-н өмчлөлийн 55-62 ЗАА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОТГОНХИШИГ