Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэнд-Аюуш Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Борлууд овгийн *******д холбогдох 201718010014 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 18-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Орхонтуул сумын 1 дүгээр баг, Тариан хоолой гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Борлууд овогт ******* *******. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багийн нутаг Цагаан тохой гэх газарт гэртээ ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багийн нутаг дэвсгэр Цагаан тохой гэх газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн *******гийн 14 настай хөвчтэй саран тамгатай хээр зүсмийн хээлтэй гүү, 0 настай хөвчтэй саран тамгатай халтар зүсмийн морь зэрэг 2 тооны адууг шууд санаатай, шунахайн сэдэлтээр хулгайлж 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хэрэгт бүртгэлтэнд хохирогч Сүндэвийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/ 2. *******ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг / хх-ийн 34-35 хуудас/, 3.Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1512 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 хуудас/ 4. Хэрэг бүртгэлтэнд хохирогч *******гийн өгсөн мэдүүлэг, 5. Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54-55 хуудас/ 6. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг даргын тамгын газрын үнэлгээ тогтоосон комиссийн хурлын акт /хх-ийн 66 хуудас/, 7. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 95-96 хуудас/, 8. Хохирогч ******* хийсэн эвлэрлийн гэрээ /хх-ийн 41 хуудас/, 9. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 хуудас/ 10. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-ус 1-р баг Рашаант тосгоны захирагч Б.Мөнхбатын тодорхойлолт /хх-ийн 103 хуудас/ 11. 55-84 УНМ улсын дугаартай TOYOTA LAND CRUISER маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 106 хуудас/, 12. Хохирогч *******гийн хүсэлт /хх-ийн 101 хуудас/, 13. Хохирогч Сүндэвийн шүүхэд гаргасан хүсэлт, 14. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 15 Ц.Мөнхтуяа, Ц.Содтуяа, Ц.Элбэгбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар, 16. ******* болон Б.Мөнх-Учрал нарын малчин мэргэжлийн үнэмлэх зэргийг тус тус уншиж сонсгон шинжлэн судлав. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалхад: Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багийн нутаг Цагаан тохой гэх газарт гэртээ ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багийн нутаг дэвсгэр Цагаан тохой гэх газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн *******гийн 14 настай хөвчтэй саран тамгатай хээр зүсмийн хээлтэй гүү, 8 настай хөвчтэй саран тамгатай халтар зүсмийн морь зэрэг 2 тооны адууг хулгайлж 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох: 1.Хохирогч ******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 28-29-ний өдөр утсаар ямаа зарах уу? гэж асуусан юм. Тэгсэн ******* нь ямаа зарна гэхээр би хэзээ очиж авах уу? гэтэл одоогоор зарах боломжгүй ажилтай байна гэхээр нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим ын малчныд очсон юм. Би очихдоо мал янзлах 5 хүнтэй явж очсон. Гэр рүү нь ороход үл таних эрэгтэй хүн байхаар нь гал түл, цай хоол хийж өг гэтэл дургүйхэн байхаар нь тоогоогүй юм. Тэгээд хоол цай хийж идэцгээгээд унтсан юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би мал дээр чинь ирсэн байна чи хүрээд ир гээд руу ярисан чинь 13 цагийн орчим эхнэр хүүхэдтэйгээ ирсэн юм. Ирэхээр нь наймаагаа яриад тохироод намайг ирлээ гээд Ерөөл архи гаргаж ирээд ууцгаасан юм. Ууж дуусаад мал янзлах хүмүүс ажилдаа гарсан юм. Тэгээд би авсан сархад архийг *******, , , нар уусан юм. Ууж байгаад малчин Баяраа нь чи намайг дээрэлхэлээ гэж хэлэхэд нь дургүй хүрээд Баярааг заамдаад авсан чинь салгаад Баярааг аваад гарсан юм. Тэгээд бүгд орж гараад л байсан. Тэгсэн Баяраа орж ирэхээр нь уучлалт гуйгаад байж байтал гаднаас миний малчныг чи яаж байгаа юм бэ? гээд орилоод ороод ирэхээр нь би арай намайг цохьчихгүй байлгүй дээ гэсэн чинь гараараа миний чамархай орчим цохисон. Тэр үеэр ******* ыг салгаж авсан юм. ...Надад гомдол санал байхгүй. Би эмчилгээний болон унаа машины зардалд 700.000 төгрөг нэхэмжилж байна .../хх-ийн 22-р хуудас/, 2. Хохирогч ******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ... Би хувиараа эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн Цагаан тохой гэх газарт мал маллан амьдардаг юм. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 07-ний өдөр гэртээ байж байхад Сайхан сумын цагдаагаас Гантөмөр гэдэг цагдаа ярьж байна та 2 тооны адуугаа хулгайд алдсан уу? гэж асуухаар нь би адуугаа бүртгээд үзэхэд 14 настай хөвчтэй саран тамгатай хээр зүсмийн хээлтэй гүү, 8 настай хөвчтэй саран тамгатай халтар зүсмийн морь нийт 2 тооны адуу байхгүй байсан юм. ...Манай адууг ер нь бол таних байх ******* өөрийн гэсэн 1000 гаруй малтай мянгат малчин хүн. ...Надад нийт 1.600.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн комиссын шийдвэр гарсан байна. Гэхдээ би арай бага гарсан юм шиг санагдаж би өөрийн хоёр адууны махыг хиллэн хүлээн авч Дархан-Уул аймгийн хүнсний зах дээр аваачиж өгсөн нийт 347 кг мах 1 кг нь 3.000 төгрөгөөр бодож 1.041.000 төгрөгөөр худалдсан. 1 ширхэг арьсыг 40.000 төгрөгөөр бодож 80.000 төгрөгөөр, гэдэс толгойг 1 ширхэгийг 30.000 төгрөгөөр бодож 60.000 төгрөгөөр худалдсан нийт 1.181.000 төгрөг болсон. Үүн дээр нэмэгдэж Орхон туул сум руу явах, Дархан-Уул аймаг явах бензиний зардал 40.000 төгрөгний хохирол учирсан юм. Нийт гарсан 1.640.000 төгрөгөөс авсан 1.181.000 төгрөгөө хасахаар 459.000 төгрөг би одоо нэхэмжилж байна. Гэхдээ миний нядлагдсан гүү нь 2017 оны 04 дүгээр сард унагалах гэж байсан гүү байсан юм. Энэ зүйл дээр гомдолтой байна ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/, 3. Гэрч ******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ:... Би 2017 оны 01 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. ******* намайг мах хэмжилцээд өг гэж хэлээд цуг гэрт нь очсон юм. Тэгсэн гэрт нь Сүндэв ын малчин Баяраа нар архи уусан байдалтай байсан юм. Тэгсэн Сүндэв нь Баярааг нэлээд дээрэлхэж дарамталсан байдалтай байсан. Тэгээд Сүндэв Баяраа 2 хоорондоо барьцалдан авч Сүндэв Баяраагийн дээрээс дарж авахаар нь би Сүндэвийн хойноос барьж авч салгасан юм. Тэгээд хоорондоо хэрэлдэж маргалдах нь гайгүй болчхоор нь би гэртээ харьсан юм. ын эхнэр МөнхУчрал хүүхдүүдтэйгээ бид нар манайд очиж хоносон. Баяраагийн гэрт Баяраа, , Сүндэв нар үлдсэн. ...Баярааг Сүндэв орон дээр багалзуурдаж унагаахад хоёр салгасан. Баярааг аваад гараад явсан. Тэгэхдээ Сүндэвийг та ядарсан хүнийг яагаад зодоод байгаа юм бэ? чамд ямар гай болсон юм бэ? гэж хэлж байсан. /ххийн 72-73-р хуудас/, 4. Гэрч ******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ...энэ үед Сүндэв намайг багалзуурдаж авч миний унтдаг орыг хуглаж хаясан. Одоо би сандал тавиад унтаж байна. Намайг багалзуурдаж авахад салгаж авсан. Тэгээд би хониндоо яваад эргээд ирсэн чинь Сүндэв толгойгоо цагаан алчуураар боосон байдалтай цуг байж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/, 5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар 1512 тоот шинжээчийн дүгнэлт хэсэгт: - *******ийн биед тархи доргилт, баруун хөмсөгний гадна хэсгийн шарх, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. - Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. - Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. - Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүсэн байх боломжтой ... гэх дүгнэлт / хх-ийн 18-р хуудас /, 6. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр наймаа хийсэн юм. Мөнгө төгрөгөн дээр тохиролцоонд хүрэлгүй маргалдаж улмаар биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Сүндэвт эмчилгээний зардлыг нь өгөөд уучлал гуйгаад бид хоёр эвлэрсэн. Дараа нь эхнэр хүүхдээ эргэхээр хот руу явах хэрэг гараад адуундаа яваад хайтал адуугаа олоогүй. Буцаад явж байтал холбоотой хоёр адуу байхаар нь авсан. Би буруу юм хийсэндээ гэмшиж байна гэв. Би Сүдэвийг гараараа толгой, цээжин тус газар нь цохисон... гэв. 7. Хохирогч *******, шүүгдэгч ******* нарын ...2017 оны 01 сарын 04- ний өдөр бид хувийн таарамжгүй харилцааны улмаас *******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. *******ийн эрүүл мэндэд учруулсан хохиролыг төлж барагдуулсан. Одоо биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан. Бид учир зүйгээ олж эвлэрсэнээ үүгээр баталлаа ... гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 41 хуудас/ 8. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 53-р хуудас/ 9. Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 54-р хуудас/ 10. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ЗДТГ-ын үнэлгээ тогтоох комиссын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн актаар ...1 тооны морь, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, 1 тооны гүү, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт 1600.000 төгрөг гэх үнэлгээ .../хх-ийн 65-р хуудас/ 11. Сайхан сумын үнэлгээний комиссын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн актаар ...хүрэн зүйсмийн адуу 1 ширхэг, нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг, нийт үнэ 1.000.000 гэх үнэлгээ .../хх-ийн 93-р хуудас/, 12. Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 95-р хуудас/, 13. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 96-р хуудас/ 14. Хохиорогч *******гийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргасан хүсэлт зэрэгээр үйлдсэн гэмт хэрэг нь тус тус тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Ц.Цэдэнболд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлтийн ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийн хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч *******, шүүгдэгч ******* нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: ...2017 оны 01 сарын 04-ний өдөр бид хувийн таарамжгүй харилцааны улмаас *******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. *******ийн эрүүл мэндэд учруулсан хохиролыг төлж барагдуулсан. Одоо биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан. Бид учир зүйгээ олж эвлэрсэнээ үүгээр баталлаа ... гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 41 хуудас/, Хохирогч ******* хэрэг бүртгэлийн шатанд Цагдаагийн байгуулагад гаргасан хүсэлтдээ: ...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр баг Шар-ус хөдөө хаягт оршин суух Цоож овогтой Батсамбуу миний хоёр тооны адуу хулгайд алдагдсан юм. Манай адууг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн иргэн ******* авсан нь тогтоогдсон ба түүнээс адууны хохиролоо бүрэн барагдуулж авсан. *******д цаашдаа нэмж гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 101 хуудас/ гэх хүсэлтүүд зэргээр ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан буюу хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгч *******ыг хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохиролоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бөгөөд хохирогч нар нь шүүгдэгчтэй эвлэрсэн тухайгаа илэрхийлсэн баримт бичгийг ирүүлсэн байх тул шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэргийг хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь *******гийн хоёр тооны адууг хулгайлахдаа өөрийн хүрэн зүсмийн уналганд хэрэглэдэг морийг унан хоёр тооны адууг хөтлөж гэртээ аваачин нядалсан байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн унаа хөсгийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж заасан байх тул *******ын өмчлөлийн хүрэн зүсмийн морийг хурааж улсын орлого болгох нь үндэслэлтэй байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн *******ын 1 тооны хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Борлууд овгийн *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар *******д холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн унаа хөсөг болох хүрэн зүсмийн 1 тооны адууг хурааж улсын орлого болгосугай.

4. Шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн 201718010014 тоот хэрэгт шүүгдэгч *******ын 1 тооны хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН