| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01994/И |
| Дугаар | 2102 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 40 дүгээр байранд байрлах Далт СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 43 дугаар байрны 40 тоотод оршин суух Боржигон овогт Доржийн Уранбаярт холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 325.330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Далт СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Нарансайхан, хариуцагч Д.Уранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Далт СӨХ нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус холбоо Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу дундын өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан, түүнд засвар үйлчилгээ хийхээс гадна байрны өдөр тутмын ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээг хийж, оршин суугч иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэн ажиллаж байна.
Холбоо жил бүр оршин суугч иргэдэд хийсэн ажлын тайлан, хийх ажлын төлөвлөгөөний төслөө тарааж, тайлангийн хурлаа тогтмол хийж хэвшсэн ба тухайн онд хийх ажлын төлөвлөгөөг иргэдээр батлуулдаг.
Мөн оршин суугчдын СӨХ-д төлдөг мөнгө байрны дундын өмчийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, орон сууцны байшингийн өдөр тутмын цэвэрлэгээ, харуул хамгаалалт, гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагаа, ажилчдын цалин, дундын өмчийн эд хөрөнгийн цахилгааны зардалд зарцуулагддаг билээ.
Иргэн Д.Уранбаярыг дундын өмчийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, жижүүр, цэвэрлэгээний 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртлэх 325.330 төгрөгийн төлбөрөө төлөхийг СӨХ удаа дараа шаардаж, Мэдэгдэл, Мэдэгдэх хуудас өгсөн боловч төлөхгүй байгаа нь уг байрны бусад айл өрхийн СӨХ-ны мөнгөнөөс төлөгдөж, холбооны нийт оршин суугчдын эрх ашгийг хохироосоор байна.
Иймд Д.Уранбаяраас 2015 оны 12 сарын төлбөр 16920 төгрөг, 2016 оны төлбөр 203.040 төгрөг, 2017 оны 1-5 дугаар саруудын төлбөр 84600 төгрөг, нийт 325.330 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Д.Уранбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 10 дугаар хороололд 30 жил амьдарч байна. Миний амьдардаг 43 дугаар байрны урд талд тоглоомын талбай байдаг боловч автомашинууд хашлага даван гарч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаггүй мөн мод тарих хүсэлт тавихаар хүлээж аваагүй, тохижилт хийдэггүй, СӨХ-ны тухай хуулинд доод хонгилд хүн амьдарч болохгүй гэж заасан байхад Далт СӨХ-ны дарга бүх байрны доод хонгилыг хүнд түрээслүүлдэг, оршин суугчид нялх хүүхдээ салхиулах гээд гарахаар тохь духтай орчин байхгүй, машинууд нь ирж дайрчихаад, энэ талаар СӨХ-д хэлж шаардахаар биелүүлдэггүй. Түрээсэлсэн хүмүүс нь архичин, тамхичин, орчины ариун цэврийг хангаж чаддаггүй бохир заваан хүмүүс байдаг. СӨХ хонгилд байгаа трубонаас авч, хооронд нь гагнаад тоглоомын талбайн жижигхэн газарт хашлага хийгээд өгвөл СӨХ-ийн төлбөр 325.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Далт СӨХ, хариуцагч Д.Уранбаяраас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 325.330 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч хүүхдийн тоглоомын талбай тойруулаад хашлага хийвэл, СӨХ-ийн төлбөр 325.330 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Далт Сууц өмчлөгчдийн холбоог 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн, 240 дугаартай гэрчилгээг олгож, тус Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Хурлын шийдвэрээр Д.Нарансайханг гүйцэтгэх захирлаар томилсон нь нотлогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал Д.Нарансайхан холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хариуцагч Д.Уранбаяр Далт СӨХ-нд харъяалагддаг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 43 дугаар байрны 40 тоотод оршин суудаг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар Сууц өмчлөгчдийн холбооны хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон байдаг бөгөөд оршин суугчид, гишүүдэд Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг олгожээ.
Харин Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа муу, доголдолтой, доод хонгилд хүн амьдруулдаг талаарх маргаан хуульд заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн, бусад хэлбэрээр хохирол учруулсан гэж хяналтын зөвлөл үзвэл хохирлыг арилгахыг шаардах, эсхүл эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ. мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна., гэж заасны дагуу СӨХ болон гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбоотой гомдлоо оршин суугчид, гишүүд эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.
Иймээс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж зааснаар хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан тайлбартаа бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж өгвөл, СӨХ-ийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэгч энэ төлбөр бол зөвхөн оршин суугчдын дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр, гаднах тохижилтонд зарцуулагдахгүй, эдгээр асуудлын талаар хот, дүүрэгт хандаж, шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтээ өгсөн байгаа тул оршин суугч СӨХ-ийн төлбөрөө төлөх ёстой гэх зохигчдын тайлбар, 43 дугаар байрны 40 тоотын хэрэглэгчийн банкны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул Д.Уранбаяраас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10409 төгрөг 90 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10409 төгрөг 90 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Боржигон овогт Доржийн Уранбаяраас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 325.330 төгрөгийг гаргуулан, Далт сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10409 төгрөг 90 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 10409 төгрөг 90 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.