Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2103

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Рокмон бюлдинг-ийн А тоотод байхлах Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 91 тоотод оршин суух Еншөөбүү овогт Бямбагийн Ариунболдод холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.154.904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цээсүрэн, хариуцагч Б.Ариунболд, нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Ариунболд 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201143469 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, 3.55 хувийн хүүтэй зээлсэн.

Хариуцагч зээлийн гэрээний хавсралтанд заасан үндсэн зээл, хүүг хугацаанд нь төлөхгүй, байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж, өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул өөрт учирсан хохирлоо шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна.

Иймээс хариуцагчаас төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 2.333.319 төгрөг, хүү 4.979.335 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 842.250 төгрөг, нийт 8.154.904 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК, хариуцагч Б.Ариунболдоос зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.154.904 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5.254.904 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 2.900.000 төгрөгийг хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК, хариуцагч Бямба овогтой Ариунболдоос зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.154.904 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэн, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 5.254.904 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 2.900.000 төгрөгийг хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 145.429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 61.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Бямба овогтой Ариунболдоос зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.154.904 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 5.254.904 төгрөгнөөс татгалзаж, 2.900.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.429 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 61.350 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.