Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 020/2013/0230/З |
Дугаар | 221/МА2015/0415 |
Огноо | 2015-08-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2015/0415
2015 оны 8 сарын 27 өдөр | Дугаар 415 | Улаанбаатар хот |
Г.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 241 дүгээр шийдвэртэй, Г.Б-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Б би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 1-14-12 тоотод ам бүл олуулаа ажил төрөл эрхэлдэг хүн байхгүй ганцхан энэ жижигхэн хүнсний мухлаг, цайны газрынхаа орлогоор амьдарч хоногийн хоолоо залгуулж, хорвоогийн бор шөнийг өнгөрөөж амьдарцгаадаг.
Миний бие 2000 оноос энэ газар дээрээ үйл ажиллагаа явуулж эхлээд 14 жил болж байгаа. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2004 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эрх бүхий захиргааны байгууллагатай албан ёсны гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулах эрх авсан. Миний зүгээс газар ашигласны төлбөр болон худалдааны татваруудыг төрийн байгууллагад сар, жилээр тогтмол өнөөдрийг хүртэл төлж ирсэн. Ингэж би 14 жил төрийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр татвараа төлж амьдралынхаа хэрэгцээ, хоногийн хоолоо залгуулж байна.
Миний хувьд энэ газрыг ашигласнаар төрийн болон иргэн хэн нэгний эрх ашгийг хохироосон зүйл байхгүй бөгөөд харин ч төрдөө үйл ажиллагаа явуулсныхаа төлөө татвар төлөөс төлж орлого оруулж байгаа. Би энэ газрыг 14 жил ашиглаж хууль ёсны дагуу татвараа төлж байгаагийн хувьд эзэмших, ашиглах давуу эрх нь нээлттэй гэж ойлгож байгаа. Иймд:
1. Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 285 дугаар хууль бус, үйлчлэл, цаг хугацаа нь өнгөрсөн, ач холбогдлоо алдсан, тухайн үедээ дүр эсгэсэн захирамж байсан нь нотлогдсон тул хүчингүй болгуулах,
2. Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ дагуу миний олон жил ашиглаж үйл ажиллагаагаа явуулж ирсэн алга даранхан 60 м.кв газрыг иргэн Г.Б надад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамж гаргахыг даалгасан шийдвэр тус тус гаргаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан. Уг шаардлагаа дэмжиж байна. Иргэн Г.Б уг газрыг 15 жил ашиглаж байгаа. Газар ашиглах гэрээтэй. Газрын төлбөрөө байнга төлдөг. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 285 дугаар захирамж гараад 7 жил болж байна. Аливаа төрийн байгууллагын эрхийн актын хэрэгжих хугацаа гэж байдаг. 5 жилийн өмнө гүүр барихын тулд газар чөлөөлөх захирамж гарсан. Хоёр шатны шүүхийн шийдвэр байгаа. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 285 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргад ашиглаж, үйл ажиллагаа явуулж ирсэн 60 метр квадрат газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгахыг хүссэн. 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нээлттэй хэлэлцүүлэг болж, Нийслэлийн Засаг даргатай нэхэмжлэгч биечлэн уулзсан. Тэгэхэд Нийслэлийн Засаг дарга ....та сайтад 2 захирамж гарсан эсэхийг үзээрэй. Тус 2 захирамж дээр иргэн Г.Б таны нэр байхгүй бол надтай ирж уулзаад газар эзэмших эрхээ авч болно гэсэн. Гэтэл тус захирамж дээр иргэн Г.Б-н нэр гараагүй учир Нийслэлийн Засаг даргатай уулзуулахыг хүссэн боловч уулзаж чадалгүй 3 жил болж байна. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-д энэ талаар хэлсэн. Иймд уг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Ач холбогдлоо алдсан байгаа. Гүүр барих гэж нэхэмжлэгчийг газрыг албадан нүүлгэх захирамж гарсан. Захирамж гарсныг 4 жилийн дараа нэхэмжлэгч мэдсэн. Дүүргийн Засаг даргын захирамж гараад 7 жил болсон тул хэрэгжих боломжгүй болсон. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрэх талаар ярьсан боловч эвлэрэх боломжгүй гэсэн. Тухайн үед нэхэмжлэгчид мэдэгдэх хуудас өгч байгаагүй. Автозамын транс нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Гурвалжны гүүрний баруун талд гэдэг. Зураг, төсөл байхгүй. Автозамыг өнөөдрийг хүртэл тавиагүй байгаа.
Нэхэмжлэгч нь 14 жилийн өмнөөс маргаан бүхий 60 метр квадрат газар дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч газар эзэмших, ашиглах хэмжээг тогтоосон акт, эдэлбэр газрын схем зураг, кадастрын зураг, газрын төлбөр тогтоох тухай 02/59 дугаартай акт зэрэг нотлох баримтаар авагдсан байгаа.
Нэхэмжлэгч газар ашиглах гэрээ байгуулж, 10 гаран жил үйл ажиллагаа явуулж, 10 гаран ам бүлээ тэжээж ирсэн. Үүнтэй холбоотой Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт хавтаст хэрэгт байгаа. Маргаан бүхий газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар 2004 онд өргөдөл, хүсэлтээ Баянгол дүүргийн Засаг даргад гаргаж байсан. Хариуцагч нараас дүүргийн Засаг даргаас хариу өгсөн гэдэг боловч хууль зүйн үндэслэлгүй, зөрүүтэй, олон янзаар тайлбарласан хариу өгсөн байдаг.
Тухайлбал 2012 оны 5/3823 дугаар албан бичгээр иргэн Г.Б-д хариу өгсөн боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тайлбар гаргахдаа өөр утгатай тайлбар гаргаж өгдөг. 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 6/277 дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн Засаг дарга Захиргааны хэргийн шүүхэд үндэслэлгүй тайлбар өгсөн. Гэвч энэ нь үндэслэлгүй, хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдоогүй.
Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 285 дугаартай захирамж нь хуурамч, дүр эсгэсэн захирамж болох нь нотлогддог. Уг захирамж гарсан гэдгийг нэхэмжлэгч Г.Б 2012 онд мэдээд гомдол, өргөдөл гаргаж байсан. Уг захирамж гарахаас өмнө газар чөлөөлүүлэх мэдэгдэл өгөх ёстой. Мэдэгдлийг аваад 90 хоногийн дотор газраа чөлөөлөх ёстой. Газраа чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх дүүргийн Засаг даргын захирамж гардаг. Газар чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй гэдгийг шүүх онцгой анхаарч үзнэ үү. Баянгол дүүргийн Засаг даргын Газар албадан чөлөөлөх тухай 2008 оны 285 дугаар захирамж гарсныг 4 жилийн дараа нэхэмжлэгч мэдсэн байдаг. Иргэн Г.Б шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Нийслэлийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5/3823 дугаартай албан бичгээр хууль зүйн үндэслэлгүй хариу өгсөн.
Иргэн Г.Б 60 метр квадрат газраа эзэмшихийг хүсэж дүүргийн Засаг даргад хүсэлт гаргахад ...газрын байршлын кадастрын мэдээллийн санд доор нь бохирын шугам байгаа. Хамгаалалтын зурваст багтаж байгаа учир эзэмших боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ хариу нь хоосон хариу болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Учир нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11/1475 дугаартай албан бичгээр ...иргэн Г.Б-н хүссэн газрын доор бохирын шугам байхгүй боловч хамгаалалтын зурваст багтаж байгаа гэсэн тайлбараа үгүйсгэдэг. Хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэдээллийн санд байгаа зураг нь эх хувиараа байгаа.
Уг зурагт хамгаалалтын зурвас бүс хаагуур байгаа талаар хийгдээгүй. Харин нэхэмжлэгч Г.Б-н үйл ажиллагаа явуулж байгаа газраас бохирын шугам хамааралгүй нь нотлогдож байгаа. Шүүх бүрэлдэхүүн үүнийг онцгой анхаарахыг хүсэж байна. 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 365 дугаартай Шинжээч томилох тухай шүүхийн тогтоолын дагуу мэргэжлийн байгууллага үзлэг, шалгалт хийж, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 03 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд ...хамгаалалтын зурваст орсон зураг байхгүй тул шийдвэрлэх боломжгүй гэсэн байдаг. Мөн ...энгийн аргаар нүдэн баримжаагаар хэмжихэд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д заасан бохир усны хамгаалалтын зурваст ороогүй байна гэсэн дүгнэлт гарсан.
2013 оны 06 дугаар сард “Д” ХХК-ийн үйлдсэн Г.Б-н барилга байрлаж байгаа талбайн зураглал нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын кадастр, мэдээллийн хэлтсийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тусгасан зураглалууд бодит байдалд нийцээгүй, зөрүүтэй нь харагдаж байгаа. Эдгээрээс үзэхэд хариуцагч нарын хариу тайлбарууд нь бүгд үгүйсгэгдэж байна.
2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр иргэн Г.Б-н эзэмшихийг хүссэн газар нь төвийн бохир усны голчтой шугамаас 5.5 метрийн зайд байрлаж байгааг нотолсон. Мөн цэвэр усны шугам, сүлжээ байхгүй талаар шинжээчийн дүгнэлт тодорхойлж өгсөн.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасныг хангаж байна гэж шинжээчийн дүгнэлтүүд гарсан.
Хариуцагчаас төлөвлөж буй автозамын зургийг өгсөн байдаг. Ямар тогтоол, захирамжийг үндэслэсэн, зурган хэмжээ, тайлбар байхгүй, ойлгомжгүй, баталгаажаагүй, хороо зөрүүтэй байдаг. Хариуцагч энэ зураг болон Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 225 дугаар захирамжийг барьж тайлбар хийж байна. Уг зургийг баталгаажуулж, хэлтсийн даргаар гарын үсэг зуруулаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
Гудамж төслийн удирдах хорооны 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор гудамж төслийн хүрээнд гурвалжны гүүрний доогуур хатуу хучилттай замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн сан сонгон шалгаруулж, К ХХК-аар гүйцэтгүүлэхийг зөвшөөрч баталсан. Энэ компанитай гэрээ байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгасан 9 хүний бүрэлдэхүүнтэй тогтоол үгүйсгэгдэж байгаа. Гэтэл зураг төслийг дээрх компани хийгээгүй, иргэн н.Нямдаваагийн хийсэн зураг байдаг.
Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримт нь өөрөө нотлох баримт гэж үзэхээргүй байна. 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хэсэг хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн газрыг авахыг оролдсон. Техник импорт ХХК-ийн захирал Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 285 дугаартай хууль бус захирамжийг гаргуулсан. Шүүхэд нотлох баримт болгон ашиглахын тул хуурамч баримтыг оруулж ирсэн байдаг.
Гэсэн ч 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1415 дугаартай шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа хуурамч нотлох баримт гарсан гэдгийг нэхэмжлэгч мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэн Г.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, гэрээгээр газар ашиглаж байгаа. Газар ашиглах гэрээг хүчингүй болгоогүй. Нэхэмжлэгч 10 гаруй жил татвараа төлсөн. Нэхэмжлэгч давуу эрхтэйгээр газар эзэмших эрхтэй. Газрыг ашиглаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-с шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Г.Б нь Газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтээ 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан. Уг хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хууль, тогтоомжид нийцүүлэн хүсэлтийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар уламжилж, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Г.Б-н хүсэлт Нийслэлийн Өмчийн харилцааны газар ирсэн. Иргэн Г.Б-н өргөдлийг Баянгол дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч судалж үзээд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2т заасныг тус тус баримтлан ...шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5/3823 дугаартай албан бичгээр өгсөн. Тухайн павильоныг анх ашиглаж байсан хүнсний мухлагийн эзэн иргэн Б.Пүрэвдорж болон Техник импорт ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантулга нар 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгчид газар ашиглуулж байсан. Техник импорт ХХК нь газар ашиглуулах эрх бүхий субъект биш юм. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасныг зөрчин тухайн газар 2004 оноос эхлэн зөвшөөрөлгүй барилга барьж, ашиглаж байсан. ...Газар эзэмших эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж хуульд заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд иргэн Г.Б-н гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дор дурдсан тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 285 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1.1,59.1.2, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХХК-ийн баруун талд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар авто замын засварын ажил хийгдэх талбайд байрлаж байсан иргэн Г.Б-н ТҮЦ-ийн актыг хүчингүй болгож, албадан нүүлгэж газар чөлөөлөх тухай захирамж гарсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Г.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-с шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: Иргэн Г.Б-н газар эзэмшүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Маргаан бүхий газар нь автозамын трансд орсон учир албадан нүүлгэж, газар чөлөөлөх дүүргийн Засаг даргын 2008 оны 285 дугаар захирамж гарсан. Уг захирамж нь хууль зүйн хүчин төгөлдөр байгаа.
Зураг хавтас хэрэгт байгаа. Уг зурагт гурвалжны гүүрэнд тавигдах зам тодорхой харагдана. Уг зам Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дайрч байгаа болохоор Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулахаар хүсэлт явуулсан. Дараа нь хорооны зааг зургийг үзэхэд маргаан бүхий газар нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орж байгаа нь тодорхой болсон. Нэхэмжлэгч талыг зургийг сайн ойлгохыг хүсэж байна. Автозамын ажил зогсоогүй. Газар чөлөөлөх ажил бүрэн дууссаны дараа эхлэх юм гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 285 дугаар захирамжийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын иргэн Г.Б-д олон жил ашиглаж ирсэн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Г.Б-д газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгажээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн Г.Б-н нэхэмжлэлтэй олон жил ашиглаж, үйл ажиллагаа явуулж ирсэн 60 м.кв газрыг иргэн Г.Б-д Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Иргэн Г.Б нь 12 жил ашиглаж байгаа газартаа эзэмших эрх хүсэх тухай хүсэлтийг 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргаас хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх гэсэн удирдлагын заалтаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт уламжилж 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тухайн иргэний хүсэлт ирсэн. Иргэний өргөдлийг Баянгол дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч судлан үзээд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх боломжгүй тухай хариуг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/3823 тоот албан бичгээр өгсөн болно.
Маргаан бүхий павильоны анхны ашиглагч Б.П байсан ба тухайн иргэн болон Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г нарын хооронд 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж газрыг ашиглуулж байсан байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасныг зөрчиж газар ашиглах гэрээ хийх эрхгүй этгээдүүд буюу тухайн газрыг ашиглах эрх олгох эрхгүй газрыг эзэмших, өмчлөх эрх үүсээгүй Т ХХК-ийн захирал Г.Г иргэн Б.П нар нь хууль зөрчин гэрээ байгуулж, 2004 оноос эхлэн зөвшөөрөлгүйгээр барилга барин төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан байна.
Нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар иргэн Г.Б нь 2000 оноос хойш газар эзэмшиж, ашиглах эрх олгогдоогүй 24 м.кв талбай бүхий газрыг иргэн Б.П-с худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд улмаар 2007 онд өөрийн хажууд байрлах 36 м.кв талбай бүхий иргэн З.Н-н павильоныг худалдан авч нийтдээ 60 м.кв газар дээр цайны газар, хүнсний дэлгүүр ажиллуулж байжээ. Уг 60 м.кв газрыг эзэмших эрхийг эрх бүхий этгээдээс олгоогүй, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй бөгөөд Баянгол дүүргийн Газрын албатай 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Газрын төлбөр тогтоох тухай 02/59 дугаар акт байгуулсан. Уг актыг газар эзэмших эрхийг нотолсон, хуулийн дагуу байгуулсан гэрээ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ гэж үзэх боломжгүй бөгөөд уг актаар 4 улирлын буюу 1 жилийн төлбөрийг тогтоож төлүүлэх, газрыг актын дагуу ашиглах эрхийг захиргааны журмаар дуусгавар болгосон тохиолдолд газрыг эргүүлэн чөлөөлөх зэрэг асуудлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр түр ашиглуулж болно.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/228 дугаар захирамжийн 1.5-д Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 44 барилгын материалын захаас баруун тийш Гурвалжны гүүрний доогуур Гурвалжин зах, ажилчны авто замтай холбосон шинээр барих хүнд даацын авто машины 0,9 км авто замд зориулан 1.08 га газар эзэмших эрх олгосон. Гудамж төслийн хэрэгжүүлэгч нэгжид олгосон уг 1.08 га газрын авто замын трасст маргаан бүхий 60 м.кв газар орсон бөгөөд шинээр зам тавигдах төлөвлөлт, зураг төслийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч байршлын хувьд маргаан бүхий газар нь шинээр баригдах авто замын трасст орсон нь тодорхой байхад Нийслэлийн Засаг даргын А/228 дугаар захирамжид 4 дүгээр хороо гэсэн байхад иргэн Г.Б-н павильон нь 5 дугаар хороог хамруулж нэмэлтээр оруулаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иргэн Г.Б-д 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/3823 тоот албан бичгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Иймд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэж хуулийн үндэслэл бүхий хариу өгсөн байхад шүүх анхаарч үзээгүй.
... Шүүх иргэн Г.Б-н газар дээр шинжээчээр ажилласан шинжээчийн энгийн аргаар, нүдэн баримжаагаар тогтоосон хамгаалалтын бүсийн зургийг бодит байдалтай нийцэхгүй гэсэн дүгнэлтийг үндэслэж магистрал шугамын хамгаалалтын бүсэд багтаж байгаа гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний зургийг бүхэлд нь үгүйсгэж байна.
Иргэн Г.Б-н зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, цайны газар нь орчны газрыг ихээр бохирдуулж байгаа тул газрыг чөлөөлж, тохижилт хийх, орц гарц гарган талбайг чөлөөлөх талаар холбогдох байгууллагуудаас удаа дараа манайд гомдол гаргаж байсан бөгөөд дээрх зөрчлийг арилгах талаар хуулийн дагуу арга хэмжээ авахыг Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд үүрэг болгож байсан болно.
Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр олон жил ашиглаж, үйл ажиллагаа явуулж ирсэн 60 м.кв газрыг иргэн Г.Б-д эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
1. Баянгол дүүргийн Засаг дарга 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 285 дугаар захирамж гаргаж, тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Т” ХХК-ийн баруун талд байрлаж байсан нэхэмжлэгч иргэн Г.Б-н ТҮЦ-ний газрыг ашиглаж байсан гэрээг /актыг/ хүчингүй болгож, газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Б нь өөрийн ТҮЦ байрлах 60 м.кв газрыг Баянгол дүүргийн Газрын албаны даргатай байгуулсан Газрын төлбөр тогтоох тухай 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн актаар ашиглаж байсан байх ба тухайн газраа эзэмшихийг хүссэн хүсэлтийг гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х-189/
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас маргаж буй 285 дугаар захирамж гаргах болсон үндэслэлээ нийслэлийн хөрөнгө оруулалтаар авто зам засварын ажил хийгдэнэ, батлагдсан зураг төсөлд нэхэмжлэгчийн 60 м.кв газар орж байгаа, гурвалжны гүүрний орчимд тавигдах зам тодорхой харагдана, Нийслэлийн Засаг даргын захирамжид тухайн байршлыг оруулахаар хүсэлт явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг авто замын зураг батлагдаагүй, ямар хөрөнгө оруулалтаар хийгдэх эсэх нь тодорхойгүй байхад хариуцагч бодит бус үндэслэл зааж, нэхэмжлэгчийн ТҮЦ байрлаж буй газрыг албадан нүүлгэх шийдвэр гаргасан нь хууль ёсоор газар ашиглаж, өөрийн ТҮЦ-ээр жижиг худалдаа эрхэлдэг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болжээ.
Түүнчлэн анхан шатны шүүхээс хийсэн газрын үзлэгээр маргаж буй захиргааны акт гарснаас хойш 7 жил өнгөрсөн байхад тухайн газарт болон түүний ойр орчимд авто замын ажил хийгдсэн болон хийгдэж байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Баянгол дүүргийн Засаг дарга маргаж буй захирамжийг гаргаснаас хойш 7 жилийн дараа тухайн 60 м.кв газрыг авто замын трасст дайрч байгаа гэж Нийслэлийн Засаг даргын захирамжид оруулахаар хүсэлт гаргасан боловч уг захирамжид тухайн газрыг оруулаагүй байгаагаас дүгнэхэд хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга батлагдсан тодорхой зураг, төсөв батлагдаагүй, төлөвлөгдөөгүй, тухайн газар авто замын трасст ороогүй байхад 2008 онд маргаж буй захирамжийг гаргасан болох нь тогтоогдож байна.
2.Нэхэмжлэгчээс өөрийн ашиглаж буй 60 м.кв газрыг эзэмшихээр Нийслэлийн Засаг даргад 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт гаргаж байсан байх ба Нийслэлийн Газрын албаны 2012 оны 5/3823 дугаар албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн хариу, мөн шүүхэд ирүүлсэн тухай газрын доор бохирын шугам явж байгаа, бохирын шугамын хамгаалалтын бүсэд хамаарагдах тул эзэмшүүлэх боломжгүй гэсэн Нийслэлийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэлтэй, тодорхой хариу өгөөгүй, өмнөх тайлбар нь дараагийн тайлбараар үгүйсгэгдсэн, нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтийг үндэслэлтэй шийдвэрлээгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 3/ дахь хэсэгт “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх үүрэгтэй”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тухайн байгууллагын эрх баригч болон эрх бүхий албан тушаалтан хяналт тавина”, 3 дахь хэсэгт “Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө” гэж тус тус заасантай нийцээгүй байна.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын эс зөвшөөрсөн тайлбар нь үндэслэлтэй биш болох нь шүүгчийн захирамжаар томилогдсон 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.
Харин анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргад иргэн Г.Б-д газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг түүний хүсэлтэд дурдсанаар шууд даалгаж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд хуулиар тогтоосон журамд нийцсэн эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх Засаг даргын эрхэд халдсан агуулгатай болсон, мөн уг хэрэгт хамааралтай биш хуулийн заалт баримталсныг өөрчилсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтад оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 241 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 3/ дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 285 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б-н газар эзэмшихийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ