Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 18

 

Ц.Д-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 145/ШШ2017/00275 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд /захирал Т.Ц-д/ холбогдох

 “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд хариуцагч Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн өмгөөлөгч Р.Шүрхүү, нэхэмжлэгч Ц.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулиас ажилд сонгон шалгаруулалт явуулж ажилтан авна гэсэн зарын дагуу 2014 оны 10 сарын 01-ний өдөр хүсэлтээ холбогдох материалын хамт өгч 2014 оны 10 сарын 14-ний өдөр сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн. Мөн өдрөө Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий Боловсролын сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулж, жижүүрийн ажилд орсон. Анх ажилд ороод жижүүр П.А захиргааны чөлөөтэй байгаа тул түүнийг ажилд орох хүртэл ажиллуулна гэж хэлж байсан. П.А нь захиргааны чөлөө авсан хугацаандаа эргэж ажилдаа ороогүй, би 2014 оны 10 сарын 14-ний өдрөөс 2017 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл ажлаа хийж байсан юм. Гэтэл 2017 оны 02 сарын 01-ны өдөр 16 цагийн үед нийгмийн ажилтан М.Д дуудаад таны ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна гээд зарыг надаар наалгасан. Энэ зарыг үзэхэд сонгон шалгаруулалтанд орох хүмүүсийн материал, хүсэлтийг 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 09-11 цагийн хооронд авна гэсэн байсан. Би захирал Т.Цэрэнлхамтай уулзаад энэ ажлыг 2 жил гаруй хийж байна, яагаад намайг ажиллаж байхад сонгон шалгаруулалт зарладаг юм бэ, би урьд нь ажилд орохдоо сонгон шалгаруулалт өгсөн шүү дээ гэж хэлэхэд тэр хамаагүй, чиний материал байхгүй байна гэж хэлсэн. 2017 оны 02 сарын 02-ны өдөр захирал Т.Ц чамайг өнөөдрөөс ажлаас чинь халлаа гэж хэлсэн. Би тус сургуультай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан, намайг жирэмсэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж ажлаас халсан ба одоо хүртэл ажлаас халсан тухай тушаал шийдвэрийг гаргаж өгөхгүй, намайг хохироож байна.

Иймд намайг Богд сумын ЕБС-ийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь  Ц.Д-н нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр хүлээн авахаас татгалзаж байна. Ц.Д 2014 онд сонгон шалгаруулалтаар ажилд ороогүй, хамт олон нотолно. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15/333 тоот Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүү, хөдөлмөр, боловсролын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүгнэлт байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц, Ц.Д хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Анхны гэрээ 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Байгалмаа захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг хөдөлмөрийн гэрээгээр Ц.Д дотуур байрны жижүүр А гэдэг хүний орон тоон дээр түүний ажил үүргийг гүйцэтгэж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байрны жижүүр А-н ажлын орон тоон дээр биш үйлчлэгчийн албан тушаалд сарын 371061 төгрөгийн тү-1-1 зэрэглэлээр цалинжуулж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа. Энэ хөдөлмөрийн гэрээг хариуцагч хүчин төгөлдөр гэж нотлож байгаа. Нэхэмжлэгчид уг хөдөлмөрийн гэрээ байхгүй. Ц.Д-г үйлчлэгчийн ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байсан юм уу? гэдгийг тайлбарлая.

Хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А захиргааны чөлөөтэй байж байгаад ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн гэрээг ирүүлсэн байна. А орон тоон дээр Дажиллаж байсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тасалбар болгоод А-г утсаар ярьсан мэдэгдлийн дагуу ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан. Энэ тушаал хэрэгт ач холбогдолгүй болж байна. Яагаад ач холбогдолгүй болж байна вэ? гэхээр 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр сургуулийн захирал Ц.Д хөдөлмөрийн гэрээ байгуулж үйлчлэгчийн орон тоон дээр ажилд авсан учраас Алтангэрэлийг ажлаас чөлөөлсөн тушаалыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1530033 дугаартай танилцуулах хуудас дээр дотуур байрны жижүүрийн орон тоон дээр 3 хүн ажиллаж байна. Сонгон шалгаруулалтаар нэг нэг хүнийг ажиллуул гэсэн байсан. Уг мэргэжлийн хяналтын газрын танилцуулах хуудас Ц.Д хамааралгүй. Ц.Д дотуур байрны жижүүр бус үйлчлэгчийн ажилд тү-1-1 зэрэглэлээр 371016 төгрөгөөр цалинжуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаад энэ цалингаа 2017 оны 02 дугаар 02-ны өдөр хүртэл авч байсан. Хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн танилцуулах хуудас уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ямар үндэслэлээр сонгон шалгаруулалт явагдаад байгаа юм бэ? байнгын ажлын орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ хийчихээд сонгон шалгаруулалт нэрийн доор жирэмсэн байхад нь ажлаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан зөрчил гаргасан гэдгийг нотлоогүй. Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан шууд цуцлах ямар ноцтой зөрчил гаргасан гэдгийг ч нотлоогүй. Хөдөлмөрийн гэрээний 2.3.4 дэх хэсэгт сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн заалт байгаа. Сахилгын зөрчлийг хэдэн удаа гаргасан юм бэ? Хэрвээ давтан гаргасан юм бол 2 ба түүнээс дээш гээд Улсын дээд шүүхээс тайлбарласан байгаа. Тушаал нь хэн нэгэн албан тушаалтны өөрөөр хэлбэл сургалтын менежерийн ах дүү төрөл саданг ажлын байраар хангах гэсэн үндэслэлэээр Ц.Д хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан. Т.Ц 2014 оны 12 дугаар сард ажлаа авсан. Т.Цэрэнлхам гэдэг хүнд Мэргэжлийн хяналтын газрын зөвлөмж хамааралтай. Урьдны захирлын үеийн асуудал гээд орхихгүй. Дараагийн захирал хэрэгжүүлэх ёстой. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг урьдны захиралд нялзааж сонгон шалгаруулалт явуулах шаардлага гарсан гэж тайлбарлаж байна. Ц.Д өөртэй нь хөдөлмөрийн гэрээ хийснээс хойш бүтэн 2 жил 1 сарын дараа сонгон шалгаруулалт зарласан. Энэ хэний алдаа вэ? Төрийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээний ажилтны байгаа эрхийг хөндөж хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахдаа зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Зөрчил гаргасан гэсэн заалтаа нотлох хэрэгтэй. Эдгээр зөрчлийг ажилтан гаргасан гэдгийг нотол, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт байгаа. Ц.Д жирэмсэн гэдгээ хэлсэн гэсэн. Ажлаас халсан тушаалыг нь өгөөгүй байсан. Ц.До ярихаар захирал гадуур ажилтай, аймаг явсан, Улаанбаатар хот явсан гэдэг. Захиргааны санаачлагаар ажлаас халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Зөрчил гаргасан гэдгийг нотлоогүй байж тушаал гаргасан. Зөрчил гаргах нь битгий хэл арга хэмжээ ч авагдаж байгаагүй. Миний хэлж байгаагаар зарим нэг хуурамч зүйл хийгээд ороод ирэхгүй бол зөрчил гаргасныг нотлох баримт байхгүй. Мөрөөрөө шалаа угаагаад явж байсан хүн. Танайх сонгон шалгаруулалтыг хэрхэн авдаг юм бэ? гэхэд шал угаалгаж, ярилцаад авсан гэсэн. Шүүхэд гаргасан сонгон шалгаруулалтын материалыг үзсэн. Төрийн албаны тухай хуульд сонгон шалгаруулалтыг бичгээр буюу амаар авна гэж заасан. Ямар шалгуураар сонгон шалгаруулсан тухай материал хэрэгт байх ёстой. Гэтэл цаасан дээр хэдэн хүний нэр бичиж хойно нь авсан оноог тавиад өгсөн. Хүний үр хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа боловсролын байгууллагын удирдах ажилтан төрийн албыг ингэж хашиж болохгүй. Доод албан тушаалаасаа дээд албан тушаал хүртэл сэтгэл гэж байх ёстой. Ц.Д-н хувьд үндэслэлгүй ажлаас халагдсан. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үйлчлэгчийн орон тоон дээр ажилд аваад 2 жилийн хугацаанд сонгон шалгаруулалт зарлахгүй ажиллуулаад байснаа өөрөө мэдэж байгаа. Хүний хөдөлмөрлөх эрхийг хэн нэгний эрх ашгийн төлөө зөрчиж байгаа нь харамсалтай байна гэдгийг хэлмээр байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.Д нь жирэмсэн гэдэг нь нотлогдсон. Мөн хахууль өгөхийг оролдсон гээд гэрэл зураг хавсаргасан байсан. Гэрэл зураг дээрх баримт Ц.Д-н явуулсан мессеж мөн ч юм уу? биш ч юм уу? эсвэл хатуухан хэлэхэд Отгонбаяр гэдэг хүн 500000 төгрөг өгье гэсэн мессеж ч байхыг би мэдэхгүй. Гэтэл тухайн зураг дээр ямар дугаараас мессеж ирсэн нь байхгүй. Гэтэл хэд дугаарын утаснаас хэд дугаарын утас руу хэдэн цагт ямар мэссэж ирсэн гэдэг нь харагддаг. 97699 гээд гурван цэгтэй дуудлага гэсэн мессенжер дуудлага гэсэн байсан. Ц.Д нэр төрийг унагааж байна. Би бодохдоо Отгонбаяр нь 500000 төгрөг амласныг ядарсан 4 хүүхэдтэй жирэмсэн эхийн эсрэг ашиглаж байгаа юм биш биз гэж хэлмээр байна. Хэзээ хэд дугаараас ямар мэссэж ирсэн гэдгийг олон хэрэгт ажилладгийн хувьд мэднэ. Ийм хуурамч баримтууд гарган өөрийнхөө хууль зөрчсөн ажиллагааг хамгаалах гэж оролдож байгаа нь харамсалтай байна. Надтай ярьсандаа өргөтгөл ашиглалтанд орохоор үйлчлэгчээр ажилд авна гэсэн бол эвлэрч болох байсан. Хууль зөрчсөн үйл ажиллагаагаа буруу гэдгийг ойлгож байх ёстой. Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн б/З тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй учраас хүчингүйд тооцож, Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага байгаа. Ц.Д жирэмсэн учраас жирэмсний өмнөх 60 хоног жирэмсний дараах 60 хоногийн тэтгэлэг авч чадахгүйд хүрч байна. Энэ асуудлыг дараа нь жич тавина. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчиж ажлаас үндэслэлгүй тушаал гаргасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

Хариуцагч Т.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

А манай сургуулийн жижүүрээр ажиллаж байсан. 2015 онд манай сургууль цэвэр бохирт холбогдсон. Манайх боловсролын газарт цэвэр бохирын үйлчлэгчийн орон тоо нэмж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан. Орон тоо нэмэх боломжгүй, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруул гэсэн хариу өгсөн. Ц.Д жижүүр тү-1-1 шатлалаар цалинжиж байсан. Үйлчлэгч мөн тү-1-1 шатлалаар цалинждаг учраас Ц.Д-н саналыг харгалзаж үйлчлэгч, жижүүрээр ажиллуулсан. А утсаар ажилдаа орохгүй гэдгээ хэлсэн. А сургуульдаа нэр хүндтэй, сургуулийн удаа дараагийн аварга ажилтнаар шалгарч байсан, цэвэр бохир, халаалтын системийг мэддэг ур чадвартай манай тэргүүний ажилтан байсан учраас өөрийг нь ажилдаа орох хүртэл хугацааг харсан. А өөрөө ажилдаа орохгүй гэсэн учраас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн. Энэ хугацаа хүртэл Алтангэрэл шийдвэрээ өгөөгүй учраас Д-г  сонгон шалгаруулалт зарлахгүйгээр бохирын үйлчлэгчээр ажиллуулж байсан. Мэргэжлийн хяналтын газрын шалгалт Бзахирлын үед очсон. Тухайн үед А орон тоон дээр Б, Д, Д гэсэн 3 хүнийг зэрэг ажиллуулж байсан юм билээ. Б захирал ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө Б-г ажлаас нь чөлөөлсөн байсан. Намайг ажил хүлээж авахад түр тушаалтай Д, Д нар ажиллаж байсан. Би дараа нь сүүлд ажилд орсон түр тушаалтай Долгормааг 2015 онд ажлаас чөлөөлсөн.  А-г ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар ажиллуулсан. Манай сургуулийн сонгон шалгаруулалтын журам байдаг. Д сонгон шалгарлуулалтаар анх ажилд орсон гэдэг боловч архиваас үзэхэд сонгон шалгаруулалт явагдаагүй байсан. Энэ тухай манай хамт олон ч хэлдэг. Уг ажлын байранд Д сонгон шалгаруулалт явагдаагүй учраас сонгон шалгаруулалт зарлах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Өөрт нь хэлэхэд сонгон шалгаруулалтад орох тухай өргөдлөө бичиж өгсөн. 2017 оны 02 дугаар сарын 01-нд хүнд хамааралгүй зүйлийг нялзаасан байна гэсэн. Сонгон шалгаруулалтад оролцож байгаа үйлчлэгчийг хугацаатайгаар тодорхой талбай цэвэрлүүлж, тогоочийг хоол хийлгэж практикаар болон ярилцлагын хэлбэрээр авсан. Ярилцлагын шалгалт дээр хүүхэдтэй ажилладаг боловсролын байгууллагын хувьд хүүхдүүдийн төлөө гэсэн сэтгэлтэй байна уу? гэдгийг шалгуур болгосон. Харин ч би Д г сонгон шалгаруулалтаас товойгоод гараад ирнэ гэж бодож байсан. Гэтэл өөрөө хугацаанд нь цэвэрлэгээгээ хийж чадаагүй, ямар угаалгын бодис хэрэглэх дарааллыг хэрэглээгүй алдаа гаргасан зэргээр оноо алдсан. Д ч би адилхан төрийн албан хаагч гэтэл над руу мессеж явуулсан. Д-н 99887829 дугаараас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 48 минутанд 500000 төгрөгийг бэлнээр ок, хавар адил энэ та бид хоёрын нууц гэсэн мессеж явуулсан. Надад хахууль өгөхийг завдаж хууль зөрчсөн. Энэ байдалд нь миний дургүй үнэхээр их хүрсэн. Би нутагтаа очоод чин шударгаар ажиллана гэж байхад ийм байдал гаргасанд нь дургүй хүрч маргааш нь ажлаас халах тушаал гаргасан. Онон гэдэг хүний тухай ярьлаа. Энэ хүн өндөр оноотой байсан. Дараа нь дотуур байрны үйлчлэгчээр ажилд орсон. Манай сургуулийн сургалтын менежер Сарантуяа уг сонгон шалгаруулалтанд хамааралгүй. Хэдийгээр сонгон шалгарууллалтын комисст байсан хэдий ч үйлчлэгчийн сонгон шалгаруулалтад Сарантуяагийн ахын нь эхнэр О ах дүү учраас оноо өгөх боломжгүй гэж үзээд С үйлчлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтаас гаргаж, эмч тогооийн сонгон шалгаруулах комисст оруулсан. Би төрийн албан хаагчийн ёс зүйгээр хандсан. Д-н чаддаг зүйлээр сонгон шалгаруулалт явуулж чадна гэж итгэж байхад надад хахууль өгөхийг завдсан. Мессэжийг нь зурган байдлаар хэргийн материалд хавсаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар, мөн манай хөдөлмөрийн гэрээнд гэмт хэргийн чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж байгаа. Манайхаас цахилгааны утас, кабель, камерийн утсыг санаатайгаар таслах гэх мэт зөрчлүүд илэрсэн учраас хөдөлмөрийн гэрээндээ ийм заалтуудыг тусгаж өгдөг. Хөдөлмөрийн гэрээг нилээн нухацтай боловсруулж байгуулсан. Иймд Долгорсүрэн зөрчил гаргасан учраас би хуулийг биелүүлсэн гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар Тайж овогт Ц.Д-г Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Богд сумын Ерөнхий боловсролын сургуулиас 1484064 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ц.Д-н Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Богд сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал Т.Ц/-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Богд сумын Ерөнхий боловсролын сургуулиас 38965 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.

            Хариуцагч Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

           Хариуцагч Ц.До ажлаас чөлөөлөөгүй, хөдөлмөрийн гэрээний 2.3.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэхүү заалт нь гэмт хэргийн шинжтэй аливаа үйлдэхүй гаргасан бол хөдөлмөрий гэрээ шууд цуцлах ноцтой зөрчилд тооцно гэж тусгагдсан байсныг захирал надад хахууль өгөхийг оролдсон нь энэ зөрчилд хамаарна гэж хариуцагч намайг тайлбарласаар байхад шүүх өөр дүгнэлт хийсэн. Мөн шийдвэрт …хөдөлмөрийн гэрээнд 2.3.4 гэсэн заалт байхгүй. Ц.Д гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэдгийг хариуцагч нотлоогүй. Мессежийн баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт ямар дугаарын утаснаас илгээсэн нь тодорхойгүй байна гэж хариуцагчийн тайлбар нотолгоог үгүйсгэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээнд тоо тавигдаагүй ч гэсэн уг гэрээний 2-р хэсэгт өмнө нь цэгээр тэмдэг тавьсныг тоогоор илэрхийлж бичиж тайлбарласныг үгүйсгэсэн. Мөн утсанд ирсэн мессежийг гэрэл зургаар хавсаргасанд утасны дугаар нь бичигдсэн, уг утаснаас Ц.Д ярьсан тэмдэглэл байхад анхаарч үзэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт өгсөн нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Ц.Д хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар заалт  хамаарахгүй, шүүх Ц.Д эгүүлэн ажилд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3 дахь заалтыг баримтласан нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 145 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү давж заалдах гомдолдоо:

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах нь

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт.... Д хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан талаархи баримт хэрэгт хавсаргаагүй гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч энэ үндэслэлээр Д ажлаас чөлөөлөөгүй Хөдөлмөрийн гэрээний 2.3.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.  Энэ заалтанд “ ..Гэмт хэргийн шинжтэй аливаа үйлдэхүй гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцно” гэж тусгагдсан. Энэ үндэслэлээр буюу сургуулийн захирал надад хахууль өгөхийг оролдсон нь энэ зөрчилд хамаарна гэж хариуцагч тайлбарласаар байхад шүүх өөр дүгнэлт хийсэн.

2. Мөн шийдвэрт ...Хөдөлмөрийн гэрээнд 2.3.4 гэсэн заалт байхгүй, Д-г  “гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэдгийг хариуцагч нотлоогүй мессежийг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт ямар дугаарын утаснаас илгээсэн нь тодорхойгүй байна гэж хариуцагчийн тайлбар нотолгоог үгүйсгэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээнд тоо тавигдаагүй ч гэсэн уг гэрээний 2-р хэсэгт өмнө нь цэгээр тэмдэг тавьсаныг тоогоор илэрхийлж бичиж тайлбарласныг үгүйсгэсэн. Мөн утсанд ирсэн мессежийг гэрэл зургаар хавсаргасанд утасны дугаар нь бичигдсэн. Уг утаснаас Долгорсүрэн ярьсан тэмдэглэл байхад анхаарч үзэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт өгсөн нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.

З. Долгорсүрэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар заалт хамаарахгүй.  Шүүх Д-г  эргүүлэн ажилд томилохдоо хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалтыг баримталсан нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 145 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 145/ШШ2016/ 00275 дугаар шийдвэрт хариуцагч Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц, түүний өмгөөлөгч  Р.Шүрхүү нарын гаргасан дввж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж

байна.

Анхан шатны шүухийн 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 275 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалттай нийцсэн гэж үзэж байна.

 Хариуцагч Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нар нь давж заалдах гомдолдоо: Ц.Д-г  хөдөлмөрийн гэрээний 2.3.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, Энэ заалтанд “ гэмт хэргийн шинжтэй аливаа үйлдэхүй гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой эөрчилд тооцно” гэж тусгагдсан. Энэ үндэслэлээр буюу сургуулийн захирал надад хахууль өгөхийг оролдсон нь энэ эөрчилд хамаарна гэж хариуцагч тайлбарласаар байхад шүүх өөр дүгнэлт хийсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4.2-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг дараах байдлаар тайлбарласан байна. “Ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь  нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэжээ.

 Гэтэл Ц.Д хийсэн хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох тухай ямар нэг заалт байхгүй ба хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт дурдсан үйл баримтын талаар хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, Ц.Д 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн хөдөлмөрийн гэрээнд 2.3.4 гэсэн заалт байхгүй байгаагаар түүний тайлбар үгүйсгэгдэж байгаа төдийгүй ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг.

 Хариуцагчид хахууль өгөх оролдлого хийсэн гэх тайлбар нь хуулийн байгууллагын ямар нэг шалгалтаар тогтоогдоогүй, хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар өгсөн фото бэхжүүлэлт  нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар шүүх зөв дүгнэлт хийсэн.

 Хариуцагч, түүний өмгөөлөгч Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 145 дугаар шийдвэрт гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх 145 дугаартай шийдвэр гаргаагүй 00275 дугаартай шийдвэр гаргасан тул хариуцагч, түүний өмгөөлөгч нарыг 00275 дугаар шийдвэрт гомдол гаргасан гэж үзэхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Ц.Д нь Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургууль, захирал Т.Ц холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай”  гомдлын шаардлага гаргажээ.            

           Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 6/03 тоот Ц.Д-г  ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг хариуцагч тал нотолж чадаагүй,

  Нэхэмжлэгч Ц.Д  нь ажил олгогчид хахууль өгөхийг завдсан утгатай мессеж бичсэн буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэх боловч  хэрэгт авагдсан мессежний гэрэл зургийн үзүүлэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй нотолгооны ач холбогдолгүй, ямар дугаарын утаснаас ямар дугаарын утас руу бичигдсэн болох нь тодорхойгүй,

 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Богд сумын Ерөнхий боловсролын сургууль Ц.Д байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл “гэмт хэргийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг” тусгасан 2.3.4 гэсэн заалт байхгүй,       

          нэхэмжлэгч Ц.Д, хариуцагч Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч Ц.Д-г ийн эрхлэх ажил, албан тушаалыг “Үйлчлэгч” гэж тодорхойлсон байхад Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 6/03 тоот тушаалд “Жижүүрийн түр орон тоонд ажиллаж байсан Ц.Д-г ” гэж бичигдсэн,

           нэхэмжлэгч Ц.Д нь ажлаас халагдах үедээ жирэмсэн байсан нь түүний гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоодсон зэргийг үнэлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Д-г  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг хариуцагч тал нотолж чадаагүй, мөн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 6/03 тоот тушаалд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээс нь өөр ажил, албан тушаалаас халсан  тул Ц.Д-г ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, түүний сарын үндсэн цалинг  371016 төгрөгөөр тооцон 4 сарын нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг даалган шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

             Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн төлөөлөгч,  түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхин нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхисон тул Т.Ц-н  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 145/ШШ2017/00275  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Чойжамц гэцэл овгийн Т.Ц түүний өмгөөлөгч Р.Ш-н гаргасан давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

    4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                   

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

                                                                                  Г.УЛАМБАЯР