| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02435/И |
| Дугаар | 2104 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж,тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 4 тоотод оршин суух Боржигон овогт Чүлтэмсүрэнгийн Гэрэлмаагийн хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б.Жүгдэрнамжилтай 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр танилцаж, түүнээс хойш хамтран амьдран, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин Ж.Заяа, 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр охин Ж.Золзаяа нар төрж, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны 4 тоотод оршин суудаг.
Гэтэл нөхөр Б.Жүгдэрнамжил маань 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд бид энэ хугацаанд гэр бүлээ батлуулж амжаагүй байсан.
Одоо хүүхдүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэхээр 2010 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгож ир гэсэн тул бидний хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа, талийгаач нөхөр Б.Жүгдэрнамжилтай 2010 оноос 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтээ гаргаж, шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон үндэслэлээ Хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Дээрх бичиг баримттай холбоотойасуудлаар холбогдох байгууллагад хандах гэсэн боловч бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж байгаагүй учраас хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай байна гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч Ч.Гэрэлмаа, нөхөр Б.Жүгдэрнамжилтай 2010 оноос 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамтран амьдарч, тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин Ж.Заяа, 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр охин Ж.Золзаяа нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний лавлагаа, Б.Жүгдэрнамжил 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нас барсан тухай 0000197075 дугаартай Нас барсны гэрчилгээ-ний хуулбар, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга М.Алтанцэцэгийн Тодорхойлолт болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар Олгонууд овогт Буяндэлгэрийн Жүгдэрнамжилтай, Боржигон овогт Чүлтэмсүрэнгийн Гэрэлмаа 2010 оноос 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.