| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/69 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч Л.Б,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б холбогдох эрүүгийн 2124000000090 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ****************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Б нь нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Гавлуугийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.9484 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн “Дээд хясааны дэнж” гэх газар руу “Маяти” маркийн 83-52 ЗАН улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 497,262 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Гавлуугийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.9484 м3 түлээний хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн “Дээд хясааны дэнж” гэх газар руу “Маяти” маркийн 83-52 ЗАН улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 497,262 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг үйл баримт нь:
Гэрч Ж.Г: “...Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/21 дугаар урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх удирдамжийн биелэлтийг хангах мөн Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт сумын засаг даргын тамгын газрын “Хантар” маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклтой хяналт шалгалтаар ажилласан юм. Хяналт шалгалтаар явах үед 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баян-Айраг багийн нутаг “Дээд хясааны дэнж” гэх газарт галын түлээний моднуудыг ойгоос бэлтгэж хураасан байсныг бид нар тухайн үед үзэж шалгаж байсан юм. Тухайн моднуудыг Баян-Айраг багийн иргэн Л.Б гэх хүнийг ойгоос бэлтгэсэн байсныг тэр үед хяналт шалгалтаар надтай хамт мотоциклтой явсан манай байгаль хамгаалагч Б.О өөрөө олж мэдсэн байсан юм. Тухайн үед Л.Бийн ойгоос бэлтгэсэн гэх моднууд нь 1.80 метрийн урттай тайрч бэлтгэсэн хуурай, шинэс төрлийн галын түлээний моднууд байсан юм. Тухайн моднуудыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр ойгоос бэлтгэсэн болов уу гэмээр шинэ хөрөөдлөгөтэй моднууд байсан юм. Миний зүгээс Л.Бийг мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхийг байгаль хамгаалагч Б.О тэр үед асуухад тухайн иргэнийг ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж надад хэлсэн юм. Тэгэхээр Л.Б нь 2021 оны 07 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болж таараад байгаа юм. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийг бичигт заагдсан газраас тухайн модны төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Манай суманд иргэнд түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг 2021 он гарсаар түймрийн аюултай үеэс бусад үед чөлөөтэй бичиж олгож байгаа. Иргэн хүн галын, түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг авахдаа сумын байгаль хамгаалагчтай уулзаад шууд бичүүлж авах бүрэн боломжтой. 2021 оны 07 дугаар сард иргэдэд түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг хангалттай олгож байсан. Манай суманд байгаль хамгаалагч Б.О өөр байгаль хамгаалагч байхгүй. Зөвхөн Б.О л иргэдэд хэрэглээний болон түлшний модны эрхийн бичгийг олгодог юм. Тухайн газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх 15-16/,
Гэрч Б.П: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б нарын хамт сумын засаг даргын тамгын газрын “Хантар” маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклоор Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтаар явсан юм. Хяналт шалгалтаар бид нарыг явах үед 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баян-Айраг багийн нутаг “Дээд хясааны дэнж” гэх газарт галын түлээний модыг бэлтгэж хураасан байсан юм. Тухайн өдөр байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б хоёр мотоциклоор бид нараас түрүүлж яваад “Дээд хясааны дэнж” гэх газарт байсан модыг очиж үзсэн байсан юм. Тэгсэн тэр модыг Баян-Айраг багийн иргэн Л.Б гэдэг хүн ойгоос бэлтгэсэн байна гэж байгаль хамгаалагч Б.О тэр үед БОХ-ын улсын байцаагч Ж.Г бид хоёрт хэлж байсан. Тухайн моднууд нь 1.80 метрийн урттай тайрч бэлтгэсэн хуурай, галын түлээний моднууд байсан юм. Тэр моднууд ойролцоогоор 1 “Портер” маркийн автомашин болох хэмжээний моднууд байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 17-18/,
Гэрч Б.О: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, Баян-Айраг багийг засаг дарга М.Б, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт сумын засаг даргын тамгын газрын “Хантар” маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклоор Тэлмэн сумын Өгөөмөр Шургах Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллах хугацаанд 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Дээд хясааны дэнж” гэх газарт түлээний мод бэлтгэсэн байсныг очиж үзсэн юм. Тухайн моднууд нь 1.80 метрийн уртаар тайрч бэлтгэсэн хуурай, шинэс төрлийн галын түлээний моднууд байсан юм. Тухайн моднууд нь ойролцоогоор 1 “Портер” галын түлээ болохоор харагдаж байсан юм. Тухайн үед дээрх галын түлээний модыг Тэлмэн сумын Баян-Айраг багийн иргэн Л.Б ойгоос бэлтгэсэн байсныг би тэр үед өөрөө олж мэдсэн юм. Тэгээд тухайн моднуудыг Л.Б гэх хүн ойгоос бэлтгэсэн байна гэж тэр үед хамт хяналт шалгалтаар явж байсан сумынхаа БОХ-ын улсын байцаагч Ж.Г, Нуур багийн засаг дарга Б.П нарт хэлж байсан. Иргэн хүн ойгоос мод бэлтгэх талаар сумын байгаль хамгаалагчид хандаж байгаа тохиолдолд байгаль хамгаалагчийн зүгээс мод бэлтгэх эрхийн бичгийг тухай бүрт нь олгож байгаа. Миний зүгээс 2021 оны 07 дугаар сард иргэдэд ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг олгож байсан. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой Босоо модыг огтолж бэлтгэж болохгүй. Иргэн хүн зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэнэ. Харин цэвэрлэгээний огтлолоор зөвхөн ойн мэргэжлийн байгууллага ойгоос мод бэлтгэх ёстой. Ойгоос модоо бэлтгэсний дараагаар эрхийн бичиг авч байж ойн сан руу орох эрх нь үүснэ. Түүнээс мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэсний дараагаар ойгоос мод бэлтгэнэ гэсэн ойлголт байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх 20-21/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дугаартай“...Иргэн Л.Б ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар мод байна. Түлшний модонд өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, цавтай чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай модыг түлшний мод гэнэ. Уг моднууд нь 2,9484 метр куб түлшний хуурай мод байна. Л.Б ойгоос моднууд цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой байна. Тухайн моднуудыг 2021 оны 07 дугаар сарын 18-20-ны өдрийн хооронд ойгоос бэлтгэсэн байх боломжтой. Мод бэлтгэсэн гэх “Гавлуугийн ар” гэх газар нь ойн сангийн 1 дүгээр мужлалд хамаарч байна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Л.Б ойгоос бэлтгэсэн түлшний модны экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээ түлшний хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1 дүгээр мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний хуурай модонд 168,655 төгрөг итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг болж бэлтгэсэн мод 2,9484 метр, кубээр үржин экологи эдийн засгийн засгийн үнэлгээ 497,262 төгрөг болж байна. Л.Б ойгоос босоо модыг огтлох замаар мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 20-1.4, 20-2.1, 35-4-р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 28-30/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сумын дундын ойн ангийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 95 дугаартай “... Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Цагдуул, Хужирт толгой, Нуур багийн Хөх толгой гэх газрууд нь Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаар тушаалаар батлагдсан Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газар нутагт хамрагддаг болно...” гэсэн албан тоот зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Л.Б: “...Би Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Гавлуугийн ар” гэх газраас 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн 83-52 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тухайн газарт очиж галын түлээний мод бэлтгэсэн. Галын түлээний мод бэлтгэхдээ ганцаараа модоо цагаалсан. Тухайн үед би 1.80 метрийн урттай тайрч 26 ширхэг модыг цагаалсан. Мод цагаалах үедээ би өөрийн эзэмшлийн улаан, хүрэн хосолсон өнгөтэй цахилгаан хөрөөгөөр 4-5 ширхэг босоо модыг огтолж унагасан. Тухайн үед би мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Гавлуугийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.9484 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна.
Шүүгдэгч Л.Б холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан шууд хохирол болох 497,262 төгрөгийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Б Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Гавлуугийн ар гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.9484 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх 57/ тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б 2.9484 м3 хуурай мод бэлтгэсний улмаас байгаль экологид 497,262 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,491,786 төгрөгийн хохирол ойн санд учирсан байна. Шүүгдэгч Л.Б нь 497,262 төгрөгийн хохирол төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, үлдсэн 994,524 төгрөгийн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн болох нь иргэний нэхэмжлэгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан шууд хохирол болох 497,262 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн, ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.
Шүүгдэгч Л.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан хүрэн хосолсон өнгөтэй цахилгаан хөрөө, 83-52 ЗАН улсын дугаартай “Маяти-1” маркийн тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийнх болох нь “...83-52 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон хөрөө нь миний өөрийн өмчлөлийнх...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авахаар заасан байна.
Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 116 дугаартай “...Шинэс төрлийн түлээний хуурай мод 140,000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1998 онд авсан, улаан, хүрэн хосолсон өнгөтэй цахилгаан хөрөө 2021 оны байдлаарх 15,000 төгрөг, 2008 онд Монголд орж ирсэн Маяти-1 маркийн тээврийн хэрэгсэл 2021 оны байдлаарх ханш 800,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр /хх 78-79/ үнэлгээг тогтоосон байх тул шүүгдэгч Л.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800,000 төгрөгийн үнэ бүхий 83-52 ЗАН улсын дугаартай “Маяти-1” маркийн тээврийн хэрэгсэл, 15,000 төгрөгийн үнэ бүхий улаан хүрэн хосолсон өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 140,000 төгрөгийн үнэ бүхий 2.9484 м3 түлээний хуурай модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 497,262 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л.Б зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Б тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800,000 төгрөгийн үнэ бүхий 83-52 ЗАН улсын дугаартай “Маяти-1” маркийн тээврийн хэрэгсэл, 15,000 төгрөгийн үнэ бүхий улаан хүрэн хосолсон өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 140,000 төгрөгийн үнэ бүхий 2.9484 м3 түлээний хуурай модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 497,262 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б ойн санд учруулсан хохиролд 994,524 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргад олгосугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ