| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/62 |
| Огноо | 2021-11-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт *******-д холбогдох эрүүгийн 2124000850086 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .......оны....... дугаар сарын .......-нд .......аймгийн ........ суманд төрсөн,........ настай, ....., ........ боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........ аймаг .........сумын ........ багт оршин суух, ........ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Ж овогт *******-д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн смын Нуур багийн нутаг “Тэмээний ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Шинэс төрлийн 6,0984 метр куб түлшний хуурай модыг бэлтгэж, “Маяти” маркийн 10-97 ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 669,359 /зургаан зуун жаран есөн мянга гурван зуун тавин ес/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Иргэний нэхэмжлэгч Б.Б-н “...Иргэн ******* ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч Р.А-н “...Манай нөхөр ******* 2021.09.27-ны өглөө намайг үхэр сааж байхад 08 цагт манай хажуу талын айлын Б гэх хүний хамт өөрийнхөө “Маяти” маркийн 10-97 ЗАВ улсын дугаартай автомашинаар галын модонд явлаа гэж хэлээд явж байсан юм. Тухайн өдөр манай нөхөр орой 19 цагийн үед гэртээ ирэхдээ машин дээрээ галын түлээний мод бэлтгээд ирсэн юм. Тэгээд нөгөө модоо Тосонцэнгэл сум руу оруулъя гээд галын модтой машинаа өөрөө жолоодоод явж байсан юм. Тухайн машин нь манай машин бөгөөд гэрчилгээн дээр нь миний нэр байдаг юм. Тухайн машиныг манайх 2020 оны 8 дугаар сард Улаанбааатар хотоос худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
Гэрч Н.Б-н “...******* 2021.09.27-ны өдөр ойгоос мод бэлтгэхдээ 10 орчим тооны босоо модыг уртаар нь тайрч тухайн галын түлээний модыг огтолж унагасан мөн газарт байсан ганц нэг унанги мод зэргээс 1,70-1,80 метрийн уртаар тайрч тухайн галын түлээний моднуудыг бэлтгэж байсан юм. Харин тэр орой ******* тухайн галын түлээний модыг Тосонцэнгэл сум руу тээвэрлээд би хамт машинд нь дайгдаж яваад шөнө 23 цаг өнгөрч байхад Тосонцэнгэл сумын төвд орж ирээд замын цагдаатай таарч шалгуулсан юм. Цагдаад шалгуулах үед ******* замын цагдаад мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлсэн чинь тэр замын цагдаа “таны эрхийн бичгийн хугацаа нь дуусчихсан байна”. Таны наад тээвэрлэж байгаа модыг чинь шалгуулна гээд цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд ******* модтой машиныг түр саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
Гэрч Б.О-н “...Тэлмэн сумын Баян-Айраг багийн иргэн И.Б гэх хүн 2021.09.27-ны өглөө 10 цагийн үед ажил дээр надтай уулзаад Э ойгоос мод ачих гээд би түүнд мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн юм гэж хэлээд надаас №21-080770 дугаартай 8 метр куб галын түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлэн авч байсан юм. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд ойгоос хатсан, хуурай унанги модыг бэлтгэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07-04-335/04 дугаартай “...Экологи-Эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 30 тоот дүгнэлтээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан нэг шоо.метр модны “Экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр бүх төрлийн хуурай модны 2 дугаар мужийн 1 шоометр шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь түлээний босоо хуурай модонд -109,760 төгрөг байхаар тогтоосон боловч тайлбарын дагуу түлээний мод -1,0 итгэлцүүрээр үржүүлэхэд 109,760х1=109,760 төгрөг, хууль бусаар бэлтгэсэн түлээний мод 4,8384м3-ээр үржүүлэхэд 109,760х4,8384м3=531,062 төгрөг, унанги модноос бэлтгэсэн түлээний модны Экологи-эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байхаар тогтоосон боловч тайлбарын дагуу түлээний мод -1,0 итгэлцүүрээр үржүүлэхэд 109,760х1=109,760 төгрөг, хууль бусаар бэлтгэсэн түлээний мод 1,23 м3-ээр үржүүлэхэд 109,760х1,26м3=138,297 төгрөг, нийт бэлтгэсэн босоо, унанги хуурай модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 531,062+138,297=669,359 төгрөг болж байна” гэж тогтоосон тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” 669,539x3=2,008,077 төгрөгийг иргэн *******аар нөхөн төлүүлэх, актаар тогтоосон төлбөр болох 2,008,077 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлж бүрэн барагдуулахыг иргэн *******д сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай “...
- Иргэн ******* ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна.
- Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний хуурай мод байна. Хамаарч байгаа үндэслэл нь MNS5413:2011 монгол улсын стандартаар түлшний мод нь 5-24 см гоётой 2,20 см хүртэл урттай мод түлшний модонд хамаарах.
- Уг моднууд нь 6,0984 метр, куб түлшний хуурай мод байна.
- Иргэн ******* ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой байна. Тухайн модыг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ойгоос бэлтгэсэн байх боломжтой.
- Мод бэлтгэсэн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Тэмээний ар” гэх газар ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.
- ******* ойгоос босоо модыг огтолж бэлтгэсэн мод 4,8384 метр, куб. Унанги модноос бэлтгэсэн 1,26 метр куб мод байна.
- Тухайн бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна.
-******* ойгоос босоо модыг огтолж бэлтгэсэн модны унанги модноос бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний босоо хуурай модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 болж бэлтгэсэн мод 4,8384 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 531,062 төгрөг болж байна.
- Унанги модноос бэлтгэсэн түлшний модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг бэлтгэсэн 1,26 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 138,297 төгрөг, Нийт бэлтгэсэн босоо, унанги хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 669,539 төгрөг болж байна.
- Иргэн хүн ойгоос түлшний болон ахуйн хэрэгцээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамаалагч/-д гаргаж ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх.
- Иргэн хүн ойгоос цэвэрлэгээний ажлаар босоо модыг огтолж болохгүй түлшинд зөвхөн унанги хөшүүрэг хуурай мод, гишүү, мөчир бэлтгэж болно.
- Иргэн ******* ойгоос босоо модыг огтлох замаар мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 20-1.4, 20-2.1, 35-4-р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-35-р хуудас/,
мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:
Ж овогт ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Улсын бүртгэгч Т.Б-н “...******* нь /ИН85121412/ Тэлмэн суманд оршин суудаггүй, 2013 оны 3 дугаар сарын 19-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын “Цорго” 3-р баг руу шилжсэн нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт,
Ж овогт ******* иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Тэмээний ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Шинэс төрлийн 6,0984 метр куб түлшний хуурай модыг бэлтгэж, “Маяти” маркийн 10-97 ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 669,359 төгрөгийн хохирол учруулсан, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч Р.А-н “...******* нь Б гэх хүний хамт өөрийнхөө “Маяти” маркийн 10-97 ЗАВ улсын дугаартай автомашинаар галын модонд явлаа гэж хэлээд явсан..., 19 цагийн үед гэртээ ирэхдээ машин дээрээ галын түлээний мод бэлтгээд ирсэн ...” гэсэн,
Гэрч Н.Б-н “... ******* 2021.09.27-ны өдөр ойгоос мод бэлтгэхдээ 10 орчим тооны босоо модыг уртаар нь тайрч тухайн галын түлээний модыг огтолж унагасан ..., модыг Тосонцэнгэл сум руу тээвэрлээд ..., шөнө 23 цаг өнгөрч байхад Тосонцэнгэл сумын төвд орж ирсэн...” гэсэн,
Гэрч Б.О-н “...Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд ойгоос хатсан, хуурай унанги модыг бэлтгэх ёстой...” гэсэн ,
“... ******* нийт бэлтгэсэн босоо, унанги хуурай модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 531,062+138,297=669,359 төгрөг болж байна” ..., “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 2,008,077 төгрөг”... гэсэн улсын байцаагчийн акт,
“... - Иргэн ******* ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод, - Уг моднууд нь 6,0984 метр, куб түлшний хуурай мод байна. Мод бэлтгэсэн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Тэмээний ар” гэх газар ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй гэсэн дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн асан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.
Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд ургаа мод унанги мод эсэхээс үл хамааран иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.
Гэтэл шүүгдэгч нь дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж, Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Тэмээний ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Шинэс төрлийн 6,0984 метр куб түлшний хуурай модыг бэлтгэж, “Маяти” маркийн 10-97 ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.
Шүүгдэгч ******* хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “шинжийг хангаж байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Би 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б-н хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Тэмээний ар гэх газраас галын түлээний мод огтолж бэлтгээд, өөрийн эзэмшлийн Маяти маркийн 10-97 ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаад Тосонцэнгэл сум руу оруулж ирж байгаад замын цагдаатай таарч шалгуулсан, тухайн үед намайг гоожингүй мод тээвэрлэсэн үндэслэлээр тээврийн хэрэгслийг модны хамт тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан. Би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожингоо Тэлмэн сумын төв дээр байгаль хамгаалагчаас өөрийн танил Б гэх хүнээр авхуулсан байсан боловч өөртөө авч амжаагүй байсан юм. Би гоожинд заасан хугацаанд тухайн газраас мод бэлтгэх талаар мэднэ...” /хх-ийн 90-91-р хуудас/ гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр 669,359 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 669,359 төгрөг гэж үзнэ.
Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,008,077 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохролоо шүүгдэгч нь төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь:
Иргэний нэхэмжлэгч Б.Б-н “...Тухайн иргэний зүгээс ойн санд учруулсан хохирлоо барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” , “...2021 оны 11 дүгээр сарын 02...”-ны өдрийн төрийн сангийн 100091500914 дугаартай дансанд 1,593,186 төгрөгийг,
“...2021 оны 11 дүгээр сарын 18...”-ны өдрийн төрийн сангийн 100091500914 дугаартай дансанд 414,891 төгрөгийг *******-с төлсөн Хаан банкны гүйлгээний баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдохгүй байх тул уг автомашиныг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, 10-97 ЗАВ улсын дугаартай “Маяти” маркийн автомашины үнэ болох 1.000.000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн хар алаг өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 6.0984 м3 хэмжээтэй, шинэс төрлийн 100 ширхэг модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 38 дугаартай тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт *******-г хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10-97 ЗАВ улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 төгрөг, 100 ширхэг хуурай шинэс төрлийн мод, хар алаг өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, 10-97 ЗАВ улсын дугаартай “Маяти” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ